Л.Болд: Иргэдээ сонссоны төлөө УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэдэг болох нь

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: "Төсөл дэх нотариатчийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт болон хамтын ажиллагааны зөвлөл, Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаар тодруулахад,

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: 2013 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс дагаж мөрдөж буй Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нотариатч нь 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүргийг хуулиар хүлээсэн байдаг.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг Засгийн газрын түвшинд анхаарч, үндэсний хөтөлбөр боловсруулан ажиллах асуудал ФАТФ-ын зөвлөмжид дурдагдсан. Иймд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэж буй төсөлд шинээр тусгасан. Бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд батлах бөгөөд Ерөнхий сайдын дэргэд ажиллах зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж, дээрх чиглэлээр үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг гүйцэтгэнэ. Хамтын ажиллагааны зөвлөл нь одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд үйл ажиллагаагаа явуулж байгаа.


Ингээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив.

  Байнгын хорооны хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ээс гаргасан зөвлөмжийн танилцуулав. Тэрбээр "Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хуулийн давхардал, хийдлийг арилгах, хуулийн байгууллагын ажлын уялдаа холбоог хангах зорилгоор Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлгийг зохион байгууулсан. үүх, прокурор, Хүний эрхийн үндэсний комисс болон хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудад эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, нэгдсэн ойлголтод хүрэх, хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудад үнэлэлт, дүгнэлт хийж, цаашид эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар зөвлөмжийг гарган Монгол Улсын Их Хурал болон Засгийн газар уламжлахаар тогтсон байна. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдад зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр улс, орон нутгийн төсөвт багагүй орлого төвлөрүүлж байгаа зэрэг эерэг үр дагавар гарч байгаа ч сөрөг үр дагаврууд бас нэлээд байна. Тухайлбал,  улсын байцаагч нарын ачааллыг эрс нэмэгдүүлж, төрийн албаны хүнд суртлыг ихэсгэж, иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлж байгаа, мөн хууль хоорондын зөрчлүүд байсаар байна. Мөн торгуулийн хэмжээг хот, хөдөөд интервальчлах шаардлага ч байна. Иймд эдгээр хүндрэлийг хэрхэн шийдвэрлэж болох талаар бүтээлчээр санал солилцож, холбогдох хууль, журамд зохицуулалт хийх замаар ажил болгох нь чухал байна. Зөрчлийн болон Эрүүгийн хуулиа сайжруулах цаг болсон.

УИХ-ын гишүүн Л.Болд:  Ж.Батзандан бид хоёр "ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАЯ" сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгууж байсан. Дээрх хууль тогтоомж хэрэгжих явцад хүний эрхийн зөрчил гарахгүй байх талаас нь асуудалд хандахгүй  байна.  Хүний эрхийн дэд хороог нэн яаралтай даргатай болгож өгөөч. Даргагүй хэдэн гишүүд нь л ажиллаж байна. Ийм байхад хуулийн хэлэлцүүлгүүд сэтгэлд хүрэхгүй байна.

Эрүүгийн хуулийн хэрэгжилт, болон хүний эрхийн асуудлаар хорих байгууллагуудад ажиллах албан бичгээ би өгсөн байгаа. Өнөөдөр би 461-р хорих анги дээр ажиллана гэж бодож байна. 

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын нэр бүхий гишүүд иргэдээ сонсож, хэлэлцүүлэг явуулсны төлөө эрүүгийн хэрэг хийсэн мэт болгож нэвтүүлэг хийсэн байсан. Иргэдээ сонссоны төлөө УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэдэг түүх  дэлхийд ганцхан Монгол Улсад гарах гэж байна. Энэ мэт байдал нь цаашид  хэмжээ хязгаараа алдлаа. 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top