“Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ” улс орон даяар эхэллээ

2018 оны 05 сарын 01

Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон мал үржүүлэг технологийн ажил, үйлчилгээний жилийн ажил өнөөдөр (2018.05.01) улс орон даяар эхэллээ.

 

Үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс хөдөө, орон нутагт ажиллаж, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрынханд цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өгч, санал хүсэлтийг сонсож байна. Мөн мал эмнэлгийн ажил үйлчилгээний хувийн нэгжүүдэд вакцин, био бэлдмэлийн дээж гардуулж, малчны хотонд очин, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцаж байгаа юм.    

Засгийн газар мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, хүн ардаа баталгаатай, чанартай хүнсээр хангаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн, хүнс экспортлогч улс болох зорилт тавьсан. Энэ зорилтыг хангахад мал сүргээ болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, мал үржүүлэг, технологийн ажлыг орон даяар зохион байгуулж, бүх нийтийг хамруулж байна.   

Малчдад мал сүргээ ямар нэгэн өвчний эрсдэлгүй өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн уг арга хэмжээнд аймаг, орон нутгийн төр захиргааны болон мэргэжлийн байгууллагууд, малчид идэвх санаачилгатай оролцож, хариуцлагатай ажиллахыг ХХААХҮЯ-наас уриалж байна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top