Зургаан настнуудад Туслах багш хэрэгтэй

2018 оны 05 сарын 21

Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын салбарт гадны олон сургалтын хөтөлбөр орж ирсэн ч төдийлөн үр өгөөжөө өгөөгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Тухайн цагтаа хөтөлбөр хэрэгжүүлж байсан нөхдийн хувьд сонгуулийн үр дүнд дараа дараагийн дарга сайд нар гарч ирэхээрээ бойжиж эхэлж буй хөтөлбөрийг хойш тавьж ахиад нэг шинэ хөтөлбөр оруулж ирдэг учраас тодорхой үр дүнд хүрдэггүй гэсэн гомдол илгээдэг. “Гээндээ ч гоондоо ч бий” гэдэг шиг аль аль талдаа л асуудал байсаар ирсэн. Зөвхөн сургалтын хөтөлбөр төдийгүй бүхий л зүйлийн залгамж чанар алдагдаж, “би л хийх ёстой” гэсэн ойлголт аль ч шатанд бий болсныг харуулж буй хэрэг.

Сүүлийн үед хэрэгжсэн олон хөтөлбөрүүд дундаас ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоотой болгож, зургаан настнуудыг сургуульд элсүүлж эхэлсэн явдал юм.

Зургаан настай хүүхдийг сургуульд элсүүлэхэд хүнд байсан тухай энэ албанд зүтгэж байсан мэргэжилтнүүд, багш нар хэлдэг. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг нэг анги болгоод хичээллэхэд хүнд байсан төдийгүй нэг багшид ахадсан асуудал болдог гэнэ. Тиймээс энэ асуудлыг Төрөөс ямар нэгэн байдлаар цэгцлэх хэрэгтэйг ч анхааруулсаар ирсэн. Тухайн үед хэдийгээр хүнд байсан ч хөрөнгө оруулалт сайн хийгдэж бэлтгэл ажил гайгүй базаасан тулдаа өнөөдөрт ирсэн гэдэг. Зургаан настай хүүхдийн ангид Туслах багш заавал хэрэгтэй гэдэг саналыг дээшээ удаа дараа тавьсан ч дэмжлэг авсан нь үгүй. Анх зургаан настай хүүхэд элсүүлж байхад  Туслах багш, эцэг эхчүүдийн оролцоотойгоор ажиллуулсан нь ихээхэн үр дүнтэй байжээ. Гэтэл Мэргэжлийн хяналтаас эхлээд илүү орон тоо ажиллууллаа гэх хэл ам хүртэл гарч байсныг ярьдаг.

Зургаан настнуудын ангид Туслах багш ажиллуулах яриа ийнхүү олон жил яригдаж байгаа ч Төрөөс энэ тал дээр анхаарал хандуулахгүй байгаа нь туйлын буруу хэмээн салбарын мэргэжилтнүүд үзсэн хэвээр байна. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг нэгэн ангид 40, 50-иар нь суулгаад хичээл заана гэдэг амаргүй. Ганц багш хүрэлцдэггүй, хүүхэд бүрт хүрч ажиллаж чаддаггүй нь хамгийн том бэрхшээл аж.

Тухайлбал, анх зургаан настнуудыг хичээллүүлж эхлэхэд 33 дугаар сургууль дээр эцэг эхчүүдийн тусламжтайгаар Туслах багштай ажилласан нь улсын хэмжээнд өндөр үнэлгээ авсан гэдэг. Гэтэл Мэргэжлийн хяналтынхан хаанаас ямар төсөв хөрөнгөөр Туслах багш ажиллуулаад байгаа гэх зэргээр шахсан байдаг аж. Тэгэхээр эцэг эхчүүд болон багш нарын хүсч байгаа зүйл бол зургаан настан элсүүлэх болсон нэгдүгээр ангид заавал Туслах багш хэрэгтэйг сануулсаар.

Дашрамд нэг зүйлийг дурдахад Кембрижийн хөтөлбөрийг аймаг тус бүрт нэг лаборатори сургууль сонгон туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд чанар чансаа, үр өгөөж юу байна гэдгийг үнэлэх багт багтаж ажилласан туршлагтай сурган хүмүүжүүлэгч хэлэхдээ  “Кембрижийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхдээ монгол хөрсөнд суулгаж, багшийг мэргэшүүлэх нь чухал байсан юм. Одоо ч ач холбогдол өгөхөө больжээ. Анх бид Кембрижийн хөтөлбөрийг академик боловсролынхоо суурин дээр авч хэрэгжүүлээд багш нарынхаа арга зүйг өөрчлөх байсан. Тэгвэл үр дүнд хүрэх ёстой байв. Ер нь гадны хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал 1994 оноос эхэлсэн байдаг. Боловсролын хөтөлбөр ийнхүү олон удаа өөрчлөгдсөн ч тодорхой үр дүн гараагүй л байна” хэмээсэн байдаг.

Үүнээс харвал бид гадны олон хөтөлбөр оруулж ирдэг ч тодорхой үр дүнг нь харалгүй явж иржээ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7777777(202.55.191.205) 2018 оны 05 сарын 21

бага даа 7 настай сургуульд оруулж байх хэрэгтэй шүү дээ ...

0  |  0
;;(202.55.191.205) 2018 оны 05 сарын 21

Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын салбарт гадны олон сургалтын хөтөлбөр орж ирсэн ч төдийлөн үр өгөөжөө өгөөгүй

0  |  0
Top