Хувийн хэвшлийнхэн зардлыг нь хариуцсан эдийн засгийн чуулганы сонин хачнаас

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

Хувийн хэвшлийнхэн 700 сая төгрөгийн зардал гаргасан 

Монголын эдийн засгийн чуулганыг CEO клубээс хувийн хэвшлийнхэнд тулгуурлан зохион байгуулжээ. Тус клубын ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Эдийн засгийн чуулганыг 700 сая төгрөгөөр зохион байгуулж байна. Засгийн газраас хөрөнгө, санхүүгийн дэмжлэг аваагүй. Хувийн хэвшлийнхэндээ тулгуурласан” гэж тодотголоо. Оролцогч компани, бизнесийн байгууллагын төлөөллөөс 250.000-300.000 төгрөгийн  хураамж авсан мэдээлэл байна.

“Хүчээ нэгтгэе” урианы тухайд

Урианаас харахад төр, хувийн хэвшлийнхэн талцсан байдлаар биш нэгдэн нийлж, хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн санаа тод ялгарна. Урианы тухайд Ч.Ганхуяг:  Энэ бол Засгийн газраас дэвшүүлж буй уриа юм. У.Хүрэлсүх сайд  шинэчлэлийн шинж чанартай, нийгмийн том  өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөөд явж байна. Эдийн засгийн бүтэц нийгмийн харилцааг өөрчлөхийн тулд  хүмүүс дангаараа хийх боломжгүй. “Хүчээ нэгтгэе” гээд хувийн хэвшилтэйгээ хамтраад явах нь зөв шийдэл гэж харж байгаа.  Монголчууд бид хангалттай улс төржлөө. Харин одоо  асуудлаа яриад нэг ойлголцолд хүрье” гэсэн санаатай энэ удаагийн форумыг зохион байгуулж байна” гэсэн. Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл”, “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар”, “Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал” “Хувьчлал, шинэчлэл” зэрэг сэдвээр хөгжлийн бодлого, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, иргэд,  бизнес эрхлэгчдийн саналыг сонслоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга ШАХБ-ыг онцлов

Ерөнхийлөгч эдийн засгийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ олон улсынхарилцааг онцолж байлаа. Тухайлбал, ШАХБ.

Тэрбээр, Монгол Улс ойрын хугацаанд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн эдийн засгийн холбооны гаалийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэрэгтэй.  Энэ хэлэлцээрийг хийж байгаа тун удахгүй эдгээр таван улсад импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломж нээгдэнэ гэж харж байна. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан төвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ.Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж  л хөрөнгө оруулалтыг Монгол уруу бодитоор татах болно. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ишлэлүүдээс...

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгнээс онцлох ишлэлийг хүргэж байна.

  Бид өмнөх алдаа оноогоо дэнсэлж, цаашид бодлогоо зөв зүйтэй, тогтвортой авч явах вэ гэдгийг ярилцаж дотооддоо ойлголцон, шийдлүүдээ хэрэгжүүлж эхлэх нь маш чухал.

-  Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил арилж, эргэлзээ, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон.

-  Бид дотооддоо бодлогоо, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна.

-  Бид урагшаа харж, өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн  хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, бүр манлайлж алхах нь туйлын чухал байна.

-  Монголтой бизнес хийж болж байна, бизнес хийж болно гэдгийг гаднын түншүүддээ тодотгож хэлье. Бид хуулийн хүрээнд асуудлаа шийддэг, байгуулсан гэрээгээ биелүүлдэг.

- Энэ оны эхний байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 6.1 хувьд хүрч, гадаад валютын нөөц 3.2 тэрбум долларт хүрээд байна.

- Миний тэргүүлж байгаа Засгийн газар 2.8 их наяд төгрөгийн өрийг барагдууллаа. Энэ бол түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэг төрлийн амжилт. Үүнийг Та бид хамтдаа хийж чадсан.

-  Бид бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, макро эдийн засгийн эрсдэлийг бууруулахад онцгой анхаарч байна.

- Бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орчныг илүү сайжруулах, шударгаар татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг бууруулна. Бид ХҮЧЭЭ НЭГТГЭЖ хамтдаа энэ бүхнийг хийх болно.

Засгийн газар “Тhink Tank” байгуулахаа зарлалаа 

ЗГХЭГ-ын дарга, Сайд Г.Занданшатар:

- Экспортын хэмжээ нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл 2016 онтой харьцуулахад 26 хувиар нэмэгдэж 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

- Нийт тээвэрлэсэн ачааны хэмжээ 53.9 сая тонн болж, ачаа эргэлт 15 хувиар өслөө.

- Нийт хөрөнгө оруулалт 44 хувиар өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ 10.3 тэрбум ам.долларт хүрээд байна. Хөдөө аж ахуйн салбар дахь хөрөнгө оруулалт 24 хувиар, худалдааны салбар дахь хөрөнгө оруулалт 58 хувь өсч, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт 3,7 дахин өслөө.

- Банкин дахь иргэдийн хадгаламж 2017 оны эцсээр өмнөх жилээс 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

-Төсвийн алдагдал хоёр дахин буурч төлбөрийн тэнцэл ашигтай гарсанаар зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа гэдгийг онцоллоо. Тиймээс Үндэсний хөгжлийн газрын дэргэд бодлогын судалгааны “Тhink Tank” байгуулахаар болсныг зарласан юм.

Х.Алтай: Хүмүүс хөрөнгийн зах зээлийг сонирхдог болсон

(Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал)

-Сүүлийн үед хөрөнгийн зах зээл нэлээн идэвхжих шинжтэй болж байна .Хэд хэдэн IPO гарлаа. IPO-нүүд маань ч хэд дэхин давсан захиалгатай байлаа. Хүмүүс хөрөнгийн зах зээлийг ойлгодог, сонирхдог болсон байна. 2017 онд Монголын хөрөнгийн биржид урьд өмнө хийгдэж байгаагүй их хэмжээний арилжаа хийгдсэн жил болж өнгөрлөө.

Б.Жаргалсайхан :Монголчууд мөнгөө хуримтлуулахыг мэддэггүй

 (Буян компанийн захирал)

-Монголчууд мөнгө олохоор хэмнэж хураахыг мэддэггүй. Хятад хүний нэг онцлог байдаг. Мөнгө олоод хуримтлуулдаг. Монголчууд мөнгө олохоороо үрж дуусгахаасаа найш нойр нь хүрдэггүй ард түмэн. Би сүүлийн 20, 30 ижл малчидтай ойр ажилласан. Нэг малчин айлд 30 сая төгрөг аваачиж өгөөд жилийн дараа очиход нэмэгдсэн юм байхгүй. Харин ч дордсон байдаг.

 Эдийн засгийн чуулганы төгсгөлд: Ерөнхий сайд эдийн засгийн чуулганыг үр дүнтэй  болсон гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон. 

-Оюу толгой ХХК-тай байгуулах Харилцан ойлголцлын Санамж бичиг

-Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар Олон улсын Санхүүгийн корпорац /IFC/-тай байгуулах Харилцан ойлголцлын санамж бичиг

-  Үндэсний хөгжлийн газар болон Нортерн рейлвейс ХХК хоорондын “Эрдэнэт хотоос Овоотын уурхайн чиглэлийн төмөр зам төсөл"-ийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгууллаа.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mngl(202.9.40.48) 2018 оны 05 сарын 23

Baliar Baabar oroltsson gexeer shijig xvremeer xydalaa shou

0  |  0
Talkh(139.5.218.175) 2018 оны 05 сарын 23

hend ch hereggui zugeer show talkhnii une medehgui hun zohion baiguulakh kkk

0  |  0
Top