Таримал ургамлын үр, сортын бодлого, тогтолцоог шинэ шатанд гаргахаар ажиллаж байна

2018 оны 05 сарын 25

Монгол Улсын Засгийн газраас улс орны эдийн засгийн тулгуур салбар болох хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалангийн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Газар тариалангийн салбарын бодлого таримал, ургамлын үрийн сорт, чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, улмаар газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэж байна. Мөн Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Таримал, ургамлын үр сортын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах асуудал тусгагдсан.

 

Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногооны арвин ургац хураах нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг ба хамгийн чухал нь тухайн бүс нутагт тохирсон, нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийх явдал юм. Нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийснээр ургацыг 25-50 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтойг Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн судалгаагаар тогтоосон.

Нутагшаагүй сортын үрээр тариалалт хийх нь дутагдалтай байгаа үрийн хэрэгцээг хангах гал унтраасан шийдэл бөгөөд үр дүн нь ургац алдах эрсдэл дагуулдаг. Эдгээр эрсдэлийг арилгах гол арга зам нь тухайн бүс нутагт тохирсон, өвчин, хортон, халуун, хүйтэнд тэсвэртэй, ургац өндөртэй таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорих, нутагшуулах, бүртгэх, улмаар тариалалтад нэвтрүүлэх явдал юм.

Ургамлын шинэ сорт бүтээх ажил хамгийн багадаа 15 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог бөгөөд цаг хугацаа, хүн хүч, мэдлэг, хөрөнгө ихээр шаарддаг. Тэр бүр амжилт олохгүй, олон удаагийн оролдлогын үр дүнгээр нэг сорт бүтдэг. Шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжих гол хэрэгсэл нь шинэ сортын зохиогчийн эрхийг хамгаалах явдал юм.

Таримал ургамлын үрийн чанар, хангамж, хүрэлцээ болон үрийн нөөц бүрдүүлэлт, таримал ургамлын шинэ сортын бүртгэл, баталгаажуулалтийн талаар дээр дурдсан  хүндрэл, бэрхшээл нь эдгээр асуудлыг зохицуулдаг хэрэгжилтийг хангадаг бүтэц, тогтолцоо дутмаг байгаатай шууд холбоотой ба үр, сортын бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагыг байгуулах, түүний чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгож хуульчлах зэрэг эрх зүйн зохицуулалт шаардлагатай асуудал олон бий. 

Таримал ургамлын үр, сорттой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх зорилгоор Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийг ХХААХҮЯ-нд ажлын хэсэг ажиллаж, хуулийн төслийг боловсруулаад байна. 

Уг хуулийн төслийн боловсруулах хүрээнд НҮБ-ын ХХААБ-ын зөвлөх хатагтай Раушан Зазакбаева 2018 оны 05 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд ХХААХҮЯ дээр ажиллаж, ажлын хэсэг болон хуулийн үйлчлэлд хамааралтай оролцогч талуудтай уулзалт хийн, хуулийн төслийг илүү сайжруулах чиглэлд зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа.

Тэрбээр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбаттай уулзан, үр, сортын бодлогоо шинэ шатанд гаргаж, шинэчлэл хийхийн тулд одоогийн салангид тогтолцоог нэгтгэж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үр, сортын баталгаажуулалт, талбайн хянан баталгаа, үр үйлдвэрлэл, шинэ сортын хамгаалалт зэрэг асуудлыг эрх зүйн зохицуулалтад оруулах нь зүйтэй гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
01(202.179.26.180) 2018 оны 05 сарын 25

Энэ жил жимсний модод маань маш сайхан цэцэглэсэн, ойролцоогоор 30 кг үхрийн нүд, бас мойл хураан авах байх гэж бодож байсан маань саяны 21,22-ны хүйтрэлээр бүгд хөлдчихжээ. Хайран юм, хайран ажил, хайран жимс. Агрономич, мод тарьдаг хүмүүсээ яаж хүйтэнд тэсвэртэй болгодог юм бэ зөвлөгөө өгөөч.88716631

0  |  0
Top