ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ЯЛ ТОХДОГ ТЕХНОЛОГИ

Монголын хууль, хяналтын байгууллагад бий болсон нэг гаж үзэгдлийн талаар ярих цаг болжээ. Хэдийгээр ажлаа яаж явуулахаа захын мань мэтээр заалгахгүй гэж зантагнах байх, хууль шүүхийнхэн. Үнэн л дээ. Ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэж үгтэй нь үнэн. Монголын бүхэл бүтэн хууль, шүүхийн систем гагц үүгээр шүүмжлээд засарчихна, эс бөгөөс эгнэгт алдаа эндэгдэл гаргахгүй болчихно гэж бодохгүй байна. Гэвч үнэхээр л дуугүй өнгөрөх аргагүй дутагдал энэ салбарт бий болжээ. Энэ дутагдал нь цаашид олон ч хүний хувь заяагаар тоглож мэдэх аюултайн дээр нийгэмд том айдас хүйдсийн хүрд болон эргэж байна. Энэ бол хүссэн хүнээ хэрэгт холбогдуулан яллах технологи юм. Ийм технологийг хууль, шүүхийнхэн хэдийнэ эзэмшиж, өнөөдрийг хүртэл олон удаагийн тохиолдлоор хэрэгжүүлж ирсэн байх юм.


И.Сталин “Хэрэгтэн болгох хүн нь байхад тохох хэрэг заавал олддог” хэмээн хэлж байжээ. Монголын хууль, хяналтын байгууллага түүний энэ үгийг өнөөдөр амьдрал дээр хэрэгжүүлдэг болсон мэт ноцтой дүр зураг харагдах боллоо. Тэдний хийсэн дуулиант баривчилгаанууд ихэнхдээ үнэн мөнийг онох бус, гүжир гөрдлөгө болон төгсөж байгаа нь тун ч эмгэнэлтэй, туйлын харамсалтай.

Энгийн хүн үгээрээ хэн нэгнийг гүжирдэхэд хүртэл хуультай, хүлээдэг ялтай. Тэгвэл Монголд гэмгүй хүнийг хэрэгт гөрдөөд, хилс ял эдлүүлсэн хууль, шүүхийнхэн ямар хариуцлага хүлээдэг вэ. Ийм хэргээр хариуцлага хүлээсэн нэг ч тохиолдол байхгүй. Гэтэл эсрэгээрээ хийгээгүй хэргийнх нь төлөө өчнөөн өдөр, сар, жилээр шоронд хорьдог, баривчилдаг, шалгадаг, тамладаг жишээ маш олон.

Сүр үзүүлэн баривчилж, мөрдөн шалгаж, хорьж цагдсаны эцэст хэрэг нь нотлогдохгүй бол хэрхэх вэ. Гэмгүй хүнийг хэлмэгдүүлэн баривчилсан, хорьсон болно оо доо. Хууль, хяналтын байгууллагынханд ийм нэр хоч хэрхэвч байж таарахгүй. Тиймд хэрвээ баривчилсан л бол хэрэг хийсэн л “байх” ёстой. Үгүй бол цагдаагийн нэр хүнд сэвтэнэ. Тиймээс тэд өөр хэрэг тохоод ч болтугай, өөрсдийн нэр хүнд, эрх мэдэлдээ хохирол учруулахгүйгээр үлдэж чаддаг байна. Ийм дүгнэлтэд жишээ, баримт хэрэгтэй.

Жишээ №1:

“Ард” хэмээх Я.Батсүхийг С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдуулан АНУ-аас сүр дуулиантайгаар баривчилж авчраад шоронд хийлээ. Төв аймаг, Ганц худаг дахь урьдчилан хорих байруудаар дамжуулан 56 хоног ямар ч байцаалт авалгүй хорьжээ. Түүнийг жил гаруй хугацаанд саатуулан шалгасны эцэст дээрх гэмт хэрэгт огт холбоогүй болох нь батлагдаад иржээ. Монголын цагдаагийн байгууллагын нэр төр эрсдэлд оров. Гэмгүй хүнийг хаа холоос баривчилж ирсэн, түүгээр ч зогсохгүй шоронд жил гаруй хугацаанд хорьчихсон байлаа. Ингээд бантахдаа Я.Батсүхийн баривчилгааг хуурамч дипломын хэрэг болгон хувиргасан байна. Сургууль төгссөн диплом нь хуурамч байсан учир энэ хэрэгт нь шүүхээс найман сарын ял оноож, хүн алсан гэж сэжиглэж суулгасан хугацаагаа ийнхүү дүйцүүлэн тооцоод суллав. Шүүх хурал дээр их сургуулийн удирдлагууд дипломыг хуурамч биш байна, бидний гарын үсэг мөн байна гэж нотолсон ч хууль, шүүхийн байгууллага нэр төрөө аврахын тулд нүдээ аниад, ял тулгаад өнгөрчээ. Харин Я.Батсүх ямар ч нөхөн төлбөр байхгүй, эрүүл мэнд, санхүүгээр бүрэн хохироод үлдсэн байдаг.

Жишээ №2:

Удаад нь Дамирангийн Энхбат гэгчийг Францаас сүр хүчийг үзүүлэн баривчилж авчрав. Түүнд хүчээр хэрэг тулган, эрүү шүүлтэд оруулсан боловч хэргийг нотолж чадсангүй. Улмаар Д.Энхбат өөд болов. Энэ хэрэгтэй холбогдуулан С.Далхсүрэн, түүний эхнэр Б.Даваа нарыг цагдаа нар баривчлан хорьж, тамлан зовоосон бөгөөд С.Далхсүрэн нь амиа алдаж, Б.Даваа чих нь дүлийрэн эрүүл мэнд, амь амьдралаараа хохирсон гэх мэдээлэл ч байдаг. Эцэст нь Д.Энхбат энэ хэрэгт холбогдолгүй гэдэг нь тогтоогдсон билээ.

Жишээ №3:

УИХ-ын гишүүн асан Д.Баттулга, Д.Энхбаатар, С.Батчулуун нарыг мөн л С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулж баривчлаад, хамааралгүй нь тогтоогдмогц Казиногийн хэрэг гэж зүйл зохион тохож, ялласан байдаг. Мөрдөн байцаалтын дүнд тэдний хахууль авсан нь батлагдаагүй гэдэг. Гэвч тэднийг нэгэнт баривчилж шоронд хийсэн учир ямар нэг хэрэгт холбох шаардлагатай байв. Ингээд татварын хэргээр ял өгчээ. Үүний улмаас С.Батчулуун нь нас нөгчсөн юм.

Жишээ №4:

 “Сод Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазарыг АТГ-аас 2012 оны тавдугаар сард баривчилсан. Түүнийг ямар учир шалтгааны улмаас баривчилсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байдаг. Гэвч сонгуулийн дараа прокуророос түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, сулласан билээ. Тэгвэл энэ хугацаанд Ц.Анандбазар УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжоо алджээ. Энэхүү баривчилгааг одоо хүртэл улс төрийн зорилготой, сонгуультай холбоотой байсан гэж ярьдаг.

Жишээ №5:

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг 2015 оны тавдугаар сард албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө завшсан хэргээр баривчлан хорьсон. Гэвч энэ хэрэг удалгүй хэрэгсэхгүй болсон. Тэрээр энэ талаараа “Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно” гэж мэдэгдэж байсан билээ.

Жишээ №6:

Тэгвэл яг түүнтэй адил хэрэг Б.Мөнгөнтуяа гэх бүсгүйд тохиолдсон. Шинэчлэлийн Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт холбогдуулан түүнийг баривчилж, 200 хоног шоронд хорьсон билээ. Тэгвэл саяхан Улсын дээд шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Түүнийг ийнхүү хилсээр хэлмэгдүүлэн хохироосныхоо хариуцлагыг хэрхэн барагдуулах нь одоогоор тодорхойгүй байна.

Жишээ №7:

Өмгөөлөгч Н.Энхчимэгийн ярьсан нэгэн хэргийг мөн жишээ болгоё. Тэрээр Эрүүгийн хуулийн 91.2-оор буюу хүнийг санаатайгаар, онц хэрцгийгээр алсан гэмт хэргийн үндсэн хэрэгтний хам хэрэгтэн гэсэн зүйл ангиар сэжиглэн хорьсон нэгэн охины хэргийг өмгөөлжээ. Өмгөөлөгч хавтаст хэргийг нь шалгах явцад охин уг хэрэгт ямар ч холбогдолгүй болох нь тодорхой болжээ. Гэтэл мөрдөн байцаагч, прокурорын зөвшөөрөлтэйгээр охины хэргийн зүйлчлэлийг өөрчилж, дээрмийн хэрэгт холбогдуулан цагдан хорих ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Өмгөөлөгч дээрмийн хэргийг нь ч шалгасаар мөн л холбогдолгүй болохыг нь тогтоож, таван сарын дараа охиныг арай гэж суллуулжээ. Гэм зэмгүйгээ нотлуулж чадсан ч мөрдөн байцаагч, прокурор, шүүхийнхэн нэгэн охины амьдралаар ийнхүү наадах эрхтэй гэж үү.

Эдгээр жишээ юуг илэрхийлж байна вэ. Нэг талаар цагдаа, шүүхийнхний хөгийн паянг илчилж байна. Нөгөө талаар, хууль хяналтын байгууллагынхны ужгирсан технологийг илтгэж байна. Энэ бол нэгд, хүний гэм буруутайг тогтоогоогүй байж сүр үзүүлэн баривчилж, юм л бол шоронд хийж, хорьж цагдахыг чухалчилдгийн нотолгоо. Хоёрт, шалгасан хүнийхээ гэм буруугүйг тогтоосон бол уучлал гуйгаад суллаад явуулахын оронд заавал хэрэгтэн болгох гэж улайрдгийн баталгаа. Олон улсын практикт нэг хэргээр шалгаад нотлогдоогүй бол нөгөө хэрэгт гулсуулан шалгахыг хууль бус хэмээн үздэг байна.

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд татвараас зайлсхийсэн, мөнгө хөрөнгө идсэн уусан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэсэн хэргээр хэчнээн олон хүн баривчлагдаж саатуулагдав аа. Тэдний хэд нь анх баривчлагдсан үндэслэлээрээ ял авсан бэ. Хэд нь хэрэг үйлдсэн нь нотлогдож, хэд нь хэрэгсэхгүй болж, хэдийнх нь хэрэг шал өөр хэрэг болж хувирсан бэ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүртэл ТВ-9 телевизийн хэрэг, Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газрын хэрэг, улсын тээвэр ашиглан хувийнхаа ном зөөвөрлөсөн хэрэг гэх олон зүйлчлэлээр сүр бараатай баривчилсан ч ердөө нэг хэргээр нь ял оноосон байдаг. Энэ нь аливаа гэмт хэрэгтнийг өмгөөлөх, эсвэл ял завшуулах ёстой гэсэн санаа огт биш. Гагцхүү тэмээ гэж сүр үзүүлэн дүрэмдэж дүрэмдсэний эцэст “Тэмээ биш, ямаа байжээ” гээд хувиргаж болохгүй л гэсэн санаа. Уг нь тэмээг ямаа гэж андуурч баривчилсных нь буруу байх учиртай. Гэтэл ямар ч тохиолдолд ямааны буруу гэж ял үүрүүлдэг байж таарахгүй ээ.

Нөгөөтэйгүүр, хууль сахиулж, шударга ёс тогтоох нэрийдлийн цаана эрх мэдлээ гажуудуулан ашиглах, иргэдээ хилсдүүлэн хэлмэгдүүлэх бололцоо байна гэсэн үг. Нийгэмд сүр дуулиантай баривчилгаа ихсэж, айдас хүйдэс, хардлага сэрдлэг газар авч байгаа нь Монголд сайхан үр дүн авчрахгүй байна. Хууль, хяналтын байгууллагынхны ажлаа явуулж буй арга барилыг өнөөдөр хүн бүр шүүмжилдэг болов. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэж байна гэх нэрийдлээр аль л хөрөнгөтэй, боловсролтой залуучуудаа барьж хорьж, шалгаж дарамталж эхэлсэн нь нууц биш. Тэд улай үзсэн хэрээ шиг шалтаг өөнтөг бүрийг алдалгүй шиншилж, юм л бол баривчилна, хорино гэх болж. Ямар ч хүнээс өө сэв, алдаа мадаг гаргаж ирж болно. Яг л Я.Батсүх хуурамч дипломтой байж таарсан шиг. Хууль, шүүхийнхэн ийм арга технологидоо цаашид улам л гаршвал ямар аюул занал нийгэмд учруулж болох вэ. Олон олон гэм зэмгүй Я.Батсүхүүд Монголын шоронд хоригдож, дуртай хүнээ баривчилж, хэрэгт холбогдуулж, хорьж чадах эрх мэдэлтнүүд Монголын нийгэмд айдас хүйдэс татуулах болно гэсэн үг билээ.

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 16 )

zochin [ 66.181.179.193 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 15:00 минутанд

37 onii helmegduulelt davtagdah tiishee bolj bna shuu.ter ued hogoon malgaituud barivchilj zeeverlej baigaa huneesee 1iig orguulchihaad toog n guitseehiin tuld malaa haruilj yvsan huniig maliin bilcheer deerees n bariad toog n guitseej baisan gedeg yrai baidag shuu .Uunees heg ih ylgarah um uy bgaan we. AJIL HIISEN HUND ALDAA ONOO GARCH L TAARAA SH DE. HARIN UYCH HIIGEEGUI HUNEES BOL ALDAA CH GARAHGUI SH DE teheer teriin alband ochson humuus uy ch hiihgui tsalingaa hurteed l altan dundaj yvah n ulziitei bolj taarlaa da .Deerh busarmag uildliig devergelgui taslan zogsoohgui bol ayultai helmegd

баяр [ 64.119.17.80 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 13:36 минутанд

БАЯР ч мөн ЭНХБАЯРТ хэлсэн сураг байдаг шүү

зочин [ 64.119.18.164 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 09:02 минутанд

Элбэгдорж, Хурц нарын гол хийсэн ажил.

Зочин [ 103.212.116.51 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 08:37 минутанд

Үнэхээр үнэ шүү. Сүрийг үзүүлж хүний амьдралыг там болгочихоод дахин давтан хэлмэгдүүлэх үзэгдэл хэрээс хэтэрчээ.Энэ талаар нийгмийн дуу хоолой хэрэгтэй байгаа юм даа.

иргэн [ 66.181.184.14 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 07:54 минутанд

СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ХУУЛЬ ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ ИХ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙГАА. ЦААШДАА Ч ХУУЛИЙН САЛБАР ЭРҮҮЛЖИХ БАЙХ. АЛДАА ГАРГАСАН, ЭСВЭЛ ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ ХУУЛИЙНХАН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙГАА

zochin [ 122.201.24.15 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 07:46 минутанд

tsonh n orooniihoo deeree sejigtenee harah bolomjguigeer eruuden shuudegiig boliulmaar bna

zochin [ 122.201.24.15 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 07:44 минутанд

MONGOL HELNII TAILBART SEJIGTEN GEDEG UG OLON HESEGT HUVAAGDANA

Зочин [ 66.181.160.52 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 07:40 минутанд

Үнэн асуудал хөндөж бичсэн харин нь үүнийг уншаад хүлээн зөвшөөрөх хууль хяналтын ч байгууллагын ажилтнууд бараг байхгүй дээ?Өөрсдийгөө өмөөрнө зөвтгөнө.

Монгол [ 27.123.214.117 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 04:55 минутанд

Хууль шуухийн хумууст хэрэв алдаа эндэгдэл, санаатай гэмт хэрэг хиивэл егдер хариуцлага, маш егдер ял шийтгэл ноогдуулдаг хууль батлуулах зэрэгтэй байна.

Togtoh [ 27.123.214.117 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 04:53 минутанд

ХУРЦ, ХУРЦ, ХУРЦ. .......Хурцууд монголоор дуурэн байна даа. Дуйраймал Хурцууд гарч ирцэгээх нь гарцаагуй болж байга

амжилт [ 124.158.110.82 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 03:58 минутанд

хэвлэл мэдээлэл хамгийн хучтэй салбар. юуг ч еерчилж донсолгож чадна. ямар ч нийгмийг нурааж ард тумнийг босгох чадвартай. тумэн олон минь босцгоое. сэрцгээе

хараал [ 124.158.110.82 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 03:22 минутанд

нүгэл нүдээрээ гардаг юмаа. Хэргээ буруу шийдүүлж амьдралаараа хохирсон хүмүүс, тэднйи ар гэрийн гомдол цөхрөл аймшигтай хараал болж ирдэг

Иргэн [ 112.72.14.244 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 03:17 минутанд

САНАЛ НЭГ БАЙНА ШҮҮ .ТИИМ

зочин [ 139.5.219.221 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 03:00 минутанд

Энэ үнэнг мэдсээр байж залрулах арга бна уу. Ажил сайн хийсэн хүн л үүнд өртөөд бна. Нөгөө талдаа хэн нэгний өшө авах хэрэгсэл болоод бна даа

unen [ 202.9.41.237 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 02:46 минутанд

uneheer unen shuu

ok [ 202.131.230.238 ]      |     2018 оны 6-р сарын 06 -нд, 02:37 минутанд

ok

Go to top of page