Энэ жил 6 эмнэлгийн гадна талбайг бүрэн тохижуулна

Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Тухайлбал өнгөрсөн Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж, зам талбай, усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн юм.

Энэ онд 6 эмнэлгийн гадна талбайг тохижилтыг хийж гүйцэтгэхээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар очиж танилцлаа.

2018 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Өргөө болон Хүрээ амаржих газар зэрэг 6 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулах юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нийслэл хотын удирдлагууд эрүүл мэндийн салбараа дэмжиж байгаагийн илрэл энэ юм. Эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтыг сайжруулах төсвийг Эрүүл мэндийн яам гаргах боломжгүй. Энэ жил 6 эмнэлгийн гадна талбайн тохижилтыг ажлыг хийнэ. Гадна тохижилтыг хийнэ гэдэг гэдэг нь ногоон байгууламж, салхилах талбай, гэрэлтүүлэг, хамгийн гол нь автомашины зогсоолыг шийдэж байна. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв гэхэд гаднаа 100 машины зогсоолтой болох юм” гэлээ.

Эх хүүхдэд төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн гадна талбайд 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа юм. Нийт 15.900 м.кв талбайд тохижилт хийж 5900 м.кв талбайг шинээр тохижуулан, 2500 м.кв ногоон байгууламж шинээр байгуулж, 2260 м.кв явган хүний зам, 108 автомашины зогсоол мөн нисдэг тэрэгний зогсоолыг байгуулж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Аз жаргалтай хотыг цогцлоон бий болгоно гэсэн том зорилт бий. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын зүгээс өнгөрсөн онд 4 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, авто машины зогсоол, бичил цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулсан. Стратегийн зорилтын хүрээнд ГССҮТ, ЭХЭМҮТ, Халдварт зэрэг томоохон эмнэлгүүдэд нисэх онгоцны зогсоол бий болгосон. Энэ жил 6 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж иргэдийг ая тухтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Энэ ажилд 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх наймдугаар сард улсын комисс-д хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна” гэж ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page