Ой, модны бодлого баримтлагч, үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг оролцогч талуудад зөвлөмж хүргүүлж байна

ХХААХҮЯ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны хамтран Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан. “Хамтын ажиллагаа-хөгжлийн гарц” сэдэвт улсын зөвлөгөөний илтгэлүүд болон оролцогчдын саналыг үндэслэн дараах зөвлөмжийг боловсрууллаа.  

 

        Уг зөвлөмжийг Монгол Улсын Их хурал, Засгийн газар, ХХААХҮЯ, БОАЖЯ, ХНХЯ, БСШУСЯ, орон нутгийн төр, захиргааны байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мод бэлтгэл, модон эдлэл, тавилга үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл тэднийг төлөөлөх салбарын мэргэжлийн холбоод гэсэн оролцогч талуудад хүргүүлж байгаа юм.

“ХАМТЫН АЖИЛЛАГАА-ХӨГЖЛИЙН ГАРЦ” УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖ

Нэг. Монгол Улсын Их хурал, Засгийн газар

- Ой, модны салбарыг дэмжин хөгжүүлэхтэй холбоотой тулгамдсан болон нэн даруй шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах; /Ойн тогтвортой менежементийн тогтолцоонд шилжих, ойн магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх, мод бэлтгэлийн зөвшөөрөл, бүтцийг өөрчлөх гэх мэт/

- “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ, ШУТИС-ийн ҮТС-ийн харьяа Ой, модны сургалт судалгааны хүрээлэн, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын зарим орон тоо, бүтцэд тулгуурлан Засгийн газрын  хэрэгжүүлэгч агентлаг “Ой, модны хэрэг эрхлэх газар”-ыг байгуулж, ой, модны салбарын нэгдмэл байдлыг хангах;

- Ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, ойн зам барьж байгуулах ажлын хөрөнгийг жил бүрийн улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн төсөв, төлөвлөгөөнд тусгаж байх;

- Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх асуудлаар Ойн тухай хуулийн хүрээнд яамдын чиг үүргийг зааглан тодорхой болгож, нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс салбар дундын зохицуулалт хийж өгөх;

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд мод, модон тавилгыг зөвхөн дотоодын үйлдвэрээс худалдан авах тухай нэмэлт, өөрчлөлт оруулах.

Хоёр. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

- Мод бэлтгэх, тээвэрлэх, зүсмэл материал үйлдвэрлэлд ашиглах, манай нөхцөлд тохирсон машин механизм, техник, тоног төхөөрөмжийг судалж, лизингээр эсвэл урт хугацааны  хөнгөлөлттэй зээлд хамруулан, мод бэлтгэлийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;

- "Үйлдвэржилт 21:100" хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн техник технологи нэвтрүүлсэн ойн аж ахуйн цогцолбор үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулж, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан модон түүхий эдээр тогтвортой хангах,  

- Ой, модны салбарын хамрах хүрээ, ажлын хэмжээг харгалзан, яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ойн салбарын асуудлыг хариуцсан ажилтны орон тоог нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх;

- Байгаль орчинд ээлтэй мод бэлтгэх техник, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, урт хугацааны, хүүгүй лизингээр худалдан авах ажиллагааг төрийн зүгээс дэмжих;

- Импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангаж байгаа нөхцөлд дотоодын зах зээлээ хамгаалах бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлж, тухайн бүтээгдэхүүнийг гаалийн тарифын бодлогоор дэмжиж ажиллах;

- Мод бэлтгэх, боловсруулах аж ахуйн байгууллагын үйлдвэрлэл-борлуулалтын голлох нэрийн бүтээгдэхүүний ангилал, нэрийн жагсаалтыг тодорхойлон гаргаж, Улсын статистикийн хорооноос улирал тутамд гаргадаг улсын статистикийн нэгдсэн мэдээнд энэ чиглэлийн борлуулалтынстатистик мэдээллийн сан бий болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

- Ойн ашиглалтын чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон энэ чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй идэвхтэй хамтран ажиллах;

- Олон зориулалттай технологийн цавчдас үйлдвэрлэхийг бүх талаар дэмжин, үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх замаар хөнгөлөлт үзүүлж, экологийн цэвэр түлш болон модлогхавтангийн үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэх ажлыг ой бүхий аймаг, сумдад хөдөлгөөн хэлбэрээр өрнүүлэх;

- Монгол гэрийн урлал, үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг боловсруулан холбогдох байгууллагаар батлуулах;

- Хот суурин, хөдөөгийн айл өрхийн түлшний модны хэрэгцээг хангах бодлогыг холбогдох яамтай хамтран боловсруулж, мод, модон материалын эрэлтэд тулгуурласан нийлүүлэлтийн борлуулалтын сүлжээг улсын болон бүсийн нутгийн түвшинд бий болгох.

- Монгол орны ашиглалтын ойн нөөцөд тулгуурлан ойн замын сүлжээний нягтрал, эдийн засаг, экологи, нийгмийн судалгаа, тооцоог ШУТИС-ийн харьяа ОСХХ-тэй хамтран хийж, эхний ээлжинд зам байгуулах байршлуудыг тодорхойлон, ойн аж ахуйн замын сүлжээг төлөвлөн гүйцэтгэх.

Гурав. Байгаль орчин, аялал жуулчлалын яам

- Ойн тогтвортой менежментийн Үндэсний хөтөлбөрийг ХХААХҮЯ-тай хамтран боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх;

- Ойн мэргэжлийн байгууллагыг магадлан итгэмжлэлийн системд шилжүүлж, Төрөөс ойн талаар баримтлах бодлогын зорилтыг хангах;

- Ойн цэвэрлэгээний машин механизм, техник, тоног төхөөрөмжийг лизингээр эсвэл урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр олгох ажлыг ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлэх;

- Ойн цэвэрлэгээний үр ашгийг олон нийтэд таниулах, сурталчилгааны ач холбогдол, ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, энэ ажилд иргэд, байгууллагыг татан оролцуулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд мониторинг хийж хэвших;

- Ойн менежментийн төлөвлөгөөний шинэчилсэн загварыг олон улсын жишгээр боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

- Мод бэлтгэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг ойн менежментийн төлөвлөгөөний үндсэн дээр модон түүхий эдээр тасралтгүй хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

- Ойн ангийг бэхжүүлэх, чадавхжуулах ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

- Ойжуулалт, ойн нөхөн сэргээх ажлын 1 га-ийн нормативт зардлыг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх;

- Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.13-т заасан зардал төлөх журмыг яаралтай гаргаж мөрдүүлэх;

- Ойн сангаас хууль бусаар мод бэлтгэх ажиллагааг таслан зогсоох зорилгоор иргэд, төрийн ба төрийн бус байгууллагын оролцоо, хяналтыг сайжруулах талаар цогц бодлого боловсруулж, зөрчлийг илрүүлсэн иргэн, байгууллагыг урамшуулах хялбарчилсан механизмыг бүрдүүлэх.

Дөрөв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

- Мод үржүүлэг, ойжуулалт, ойн ашиглалт болон мод боловсруулах үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмжийн мэргэжлийн ажилтанг баруун, төв, зүүн бүсийн коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан урт, богино хугацааны сургалт ба байгууллагын захиалгаар бэлтгэх ажлыг зохион байгуулах;

- Ойн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг төрөлжсөн цорын ганц ШУТИС-ийн МСҮТ-ийг сургуулийн шинэ байртай болгох, орчин үеийн шаардлага хангасан техник тоног төхөөрөмжөөр тоноглох талаар дэмжлэг үзүүлж ажиллах.

Тав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

- ШУТИС-ийн харьяа Ой, модны судалгаа, хөгжлийн хүрээлэнг 2019 оноос эхлэн улсын төсвөөс санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх.

Зургаа. Орон нутгийн төр, захиргааны байгууллагууд

- Ойн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг тогтвортой ажлын байраар хангахад чиглэсэн тасралтгүй үйлдвэрлэл явуулахад шаардлагатай модон түүхий эдийг хуваарилж байх;

- Модон түүхий эдийг иж бүрэн ашиглаж байгаа аж ахуйн нэгжийг дэмжиж, бүтээгдэхүүнийг нь  дотоодын зах зээлд худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх

Долоо. Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд

- Мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрийн чиглэлийн одоогийн хэрэгжиж байгаа стандартад үнэлэлт өгч, үндэсний стандартыг олон улсын стандартын жишигт нийцүүлэн боловсруулж батлуулахад оролцох;

- Ойн цэвэрлэгээнээс гарсан хатсан, хуурай мод, үлдэгдлийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ технологи боловсруулах, нутагшуулах;

- Мод, үржүүлэг, ойжуулалт, ойн ашиглалт, ойн зам болон мод боловсруулах чиглэлийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд сургалтын хөтөлбөрийг орчин үеийн агуулгад нийцүүлэн өөрчлөх, дээд боловсролтой мэргэжилтнүүдэд зориулан мэргэжил дээшлүүлэх курс нээж ажиллуулах.

- Модон түүхий эдийн ашиглалтыг сайжруулахтай холбоотой цогц асуудлыг боловсруулж, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

Найм. Мод бэлтгэл, модон эдлэл, тавилга үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл тэднийг төлөөлөх салбарын мэргэжлийн холбоод

- Ой, модны салбарын мэргэжлийн холбоодыг нэгтгэх уулзалт зөвлөгөөнийг хийж, тодорхой шийдэлд хүрэх;

- Зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд модон түүхий эд бэлтгэлийн боловсруулалтын түвшин, чанарыг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч-үйлдвэрлэгчийн хооронд урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулах замаар эрэлтэд нийцсэн нийлүүлэлтийн сүлжээний тогтолцоонд шилжихэд мэргэжлийн холбооны гүйцэтгэх үүргийг эрс дээшлүүлэх;

- Ойн ашиглалтын чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх олгох ажил үүргийг мэргэжлийн холбоонд шилжүүлэн авч, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бодитойгоор хэрэгжүүлэх;

- Мод бэлтгэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд аль болохоор бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төрөлжилт, хоршилтыг дэмжиж хамтран ажиллах, модон түүхий эдийг иж бүрэн ашиглах үйлдвэрлэлийн технологийг эзэмших цогц арга хэмжээг авч ажиллах;

- Салбарын төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрийн удирдлагууд хоршиж, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоог хангах;

- Мэргэжилтэй ажилтныг үйлдвэрлэл дээрх сургалтаар бэлтгэн сургах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт мэргэжлийн ажилтныг ажиллуулах талаар идэвх санаачилгатай ажиллах;

- Мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийн ажил мэргэжлийн лавлахыг боловсруулан батлуулж, салбарын хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулах.

УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

2018.06.20

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page