Монгол, Хятад, Оросын эдийн засгийн чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 21

Хөрш зэргэлдээ Монгол,Хятад, Орос гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг эдийн засгийн чуулга уулзалт 2018 оны наймдугаар сарын 17-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Анх 2009 онд Эрээн хотын санаачлагаар энэхүү чуулга уулзалтыг эхлүүлж байсан бөгөөд 2011 оноос хойш ӨМӨЗО-ны дээд хэмжээний чуулга уулзалтын нэг болсон байна.


2014 онд бүх Хятадын түвшинд зохион байгуулагдах баяр ёслолын арга хэмжээг цөөрүүлэх ажлын удирдах комиссоос БНХАУ,Монгол улс, ОХУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны Эрээн хот дахь чуулга уулзалтыг ӨМӨЗО-ны цорын ганц зөвшөөрөгдсөн чуулга уулзалт болгожээ.

Өмнөх 9 удаагийн чуулга уулзалтаар нийтдээ 161 төсөл, 65 тэрбум юаны хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан аж.

Энэ удаагийн чуулга уулзалт “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулж, нээлттэй хөгжлийн орон зайг өргөжүүлэн тэлье” хэмээх гол сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Манай гурван улсын хил орчмын бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаа бол нэн эртний уламжлалтай бөгөөд улстөрийн гэхээсээ илүүтэй эдийн засаг, худалдаа, соёл хүмүүнлэгийн хүчин зүйлд тулгуурладаг билээ.Монгол улс хил орчмын бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаандаа ОХУ-тай 10, БНХАУ-тай 13 боомтуудыг түшиглэн гадаад харилцаагаа хөгжүүлэх, зах зээлийн багтаамжаа өргөжүүлэх үйл ажиллагаа явуулж байна.


Чуулга уулзалтын гол зохион байгуулагч нь ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Монгол улсын Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газар, Эрхүү мужийн Засгийн газар, гүйцэтгэгч байгууллагаар ӨМӨЗО-ны Худалдааны танхим, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Эрээн хотын Засгийн газар ажиллалаа.

Зохион байгуулах комисс өнгөрсөн жилүүдийн хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн сурталчлагаа болон хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээнүүдийг зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж чадсан байна.


Чуулга уулзалтад Монгол, Хятад, Оросын хил залгаа газруудын Засгийн газар, Худалдааны нийгэмлэг, аж ахуйн нэгжүүдийн 3500 орчим төлөөлөгчид оролцлоо. Монголын талаас УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон бөгөөд МҮХАҮТ-ын гишүүн 130 компани оролцож, чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 22-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.


Чуулга уулзалтад ОХУ-ын 6 бүс нутгийн 38 компани, аж ахуйн нэгж, БНХАУ-ын 800 компани оролцож, нийт дүнгээрээ 1.3 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл хийгдлээ.Эрээн хотын Засаг даргын орлогч Гүө Пин Ван наймдугаар сарын 19-ний өдөр чуулга уулзалтын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Түүний өгүүлснээр, энэ удаагийн чуулга уулзалт нь “Хятад, Монгол, Оросын Засгийн газрын болон худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт”, “Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалт болон дугуй ширээний уулзалт”, “Хятад, Монгол, Оросын тусгай аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны форум”, “Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум” гэсэн дөрвөн арга хэмжээг амжилттай өндөрлүүлсэн аж.


Чуулга уулзалтад оролцогч талууд “Хятад, Монгол, Оросын Засгийн газрын болон худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын нэгдсэн ойлголцлын бичиг”, “Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн дугуй ширээний уулзалтын санамж бичиг”, “Эрээн хотын Засгийн газар болон Дүн Фан Юань Линь компани хоорондын аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын, хөгжүүлэх бодлогын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр”, “Дүншин үр тариа тосны худалдааны гэрээ хэлэлцээр” зэрэг хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Ийнхүү чуулга уулзалтад оролцогч талууд хамтын ажиллагааны хүрээнд тодорхой, нарийвчилсан чиглэлээр бодитой арга хэмжээ авч, гүнзгийрүүлэн ажиллахаар хэлэлцэн тогтсон явдал нь “Нэг бүс,нэг зам”-ын санаачлагыг урагшлан ахиулах болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах үндэс болох юм.

Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top