Нүүрс тээвэрлэгч жолооч нарт зориулсан үйлчилгээний байгууламжтай болно

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 22

Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн авто замын дагуух жолооч тээвэрчдэд зориулсан үйлчилгээний байгууламж, автомашины зогсоол байгуулах чиглэлээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд тус яамнаас дээрх үйлчилгээний байгууламжийг барьж байгуулахад шаардлагатай байгаа газрын асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлээд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Тавантолгойн уурхайгаас БНХАУ-д экспортлогдож буй нүүрсний тээвэрлэлтэд 11000 орчим жолооч ажиллаж, жилд дунджаар 17 сая тонн нүүрс тээвэрлэж байгаа судалгаа байна.

Өнгөрсөн оны 07 дугаар сараас хятадын талаас авах нүүрсний хэмжээг багасгаснаас үүдэн Тавантолгойн уурхайгаас Гашуусухайт боомт чиглэлийн авто зам дээр нүүрс тээврийн автомашины урт дараалал үүсч, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсноос шалтгаалан жолооч нар зам дээр 7-10 хонож байж хил нэвтэрч байсан юм.

 “Шанх майнинг” ХХК нь уурхайн ойролцоо 10 га газарт жолооч нарын амрах, хооллох, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ хийх, автомашины зогсоол бүхий үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг холбогдох албаныхан хэллээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд “Энержи ресурс” ХХК-иас уг үйлчилгээний байгууламжийн цахилгааны шугам татах асуудлыг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн жолооч нарын ажил, амралтын горимыг мөрдүүлэх, авто зам дээрх автомашины очер дарааллыг арилгах үүднээс “Түгээмэл түмэн хишиг” ХХК Цагаан хаднаас Гашуунсухайт боомтын хооронд 43 га газарт 2500 том автомашины зогсоол байгуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Эдгээр авто замын дагуух үйлчилгээний байгууламж, авто зогсоол байгуулагдсанаар нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нар авто зам дээр удаан хугацаагаар хүлээх шаардлагагүй болж, амрах, хооллох, усанд орох, эмнэлгийн үйлчилгээ авах боломж бүрдэх юм байна.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.141.110) 2018 оны 09 сарын 29

энэ үйлчилгээний төв бол А. Сүхбат аварга дүү нартаа авч өгсөн бизнес. Түгээмэл Түмэн Хишиг - ДАРХАНЫ COMPORT ХХК -аар мөнгө угааж оффшордож бгаамшдэ Монголчуудаа

0  |  0
m(202.131.225.197) 2018 оны 09 сарын 22

tun zob doo.

0  |  0
Top