Намрын ногоон өдрүүдээр 2,5 тэрбум төгрөгийн БОРЛУУЛАЛТ хийжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

“Намрын ногоон өдрүүд-2018” арга хэмжээ 13 дахь жилдээ "Эрүүл хүнс-Эрүүл Монгол" хүн уриан дор энэ сарын 19-нд Мишээл Экспо төвд нээлтээ хийсэн билээ. Тэгвэл ту арга хэмжээ өнөөдөр /2018.09.24/ шилдгүүдээ толдруулан амжилттай болж өндөрлөлөө. 

Тав хоног үргэлжилсэн өдөрлөгийн үеэр талх, гурилан бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн талаарх танилцуулга “Баяжуулсан хүнсний тухай хууль”-ийн сурталчилгаа, хэлэлцүүлэг, "жимс, жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд “хүнсний ногоо, жимс бидний амьдралд” сэдэвчилсэн урлагийн арга хэмжээ, "хүнсний ногоо" хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хийх хоолны үзүүлбэр, амталгаат худалдаа зэрэг болсон юм.

Мөн “Алсыг хар, органикийг сонго” хэлэлцүүлэг, арга хэмжээ, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг, "Мах, сүүний анхдугаар аян"-ы үр шим, үзэсгэлэн худалдаа,“Та сүүгээ уусан уу” сэдэвт  хэлэлцүүлэг, “махны салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг,  хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, хэрэглээний талаарх танилцуулга, “Хүүхдэд зориулав” өдөрлөгийн хүрээнд “хүүхдэд зориулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа, худалдаа, “үйлдвэртэй танилцуулах аялал”, орон нутгийн онцлогийг харуулсан үндэсний уламжлалт хоол, идээ ундааны амталгаа ч мөн явагдлаа.

Үзэсгэлэн худалдаанд дотоодын хүнсний боловсруулах салбарын 180 гаруй аж ахуй нэгж, иргэн хоршоо “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалагч 250 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцжээ. “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний хаалтын ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс оролцож, үзэсгэлэнд амжилттай оролцсон иргэн, аж ахуй нэгжид шагнал гардууллаа.

Энэ үеэр ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга Д.Энхбат үг хэлэхдээ “Намрын ногоон өдрүүд-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 2.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 2.4 дахин өссөн үзүүлэлт юм. Дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэн, сав, баглаа боодол сайжран, бүтээгдэхүүний чанар дээшилж, хамрах хүрээ өргөжсөн болохыг онцоллоо.

Энэ жилийн шилдэг ногоочноор Дархан-Уул аймгийн иргэн Ч.Одгэрэл тодорсон бол шилдэг аж ахуй нэгжээр Сэлэнгэ аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газар шалгарсан байна. Сэлэнгэ аймгийн хувьд "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээнд 13 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ жил найм дахь удаагаа шилдэг аж ахуй нэгжээр шалгарч, 600 сая орчим төгрөгийн борлуулалт хийсэн байна.

"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд зарагдаж буй хүнсний ногооны КГ-ийн үнэ:

  • Төмс-600 төгрөг
  • Лууван- 1000 төгрөг 
  • Байцаа- 1000 төгрөг 
  • Даршилсан ногооны набор- 8000 төгрөг
  • Шигуа- 2000 төгрөг
  • Манжин- 1000 төгрөг
  • Сонгино- 1000 төгрөг
  • Зэрлэг сармис- 15,000 төгрөг


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top