Цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2018 оны 09 сарын 26

2018 оны есдүгээр сарын 26-нд Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангайн нутгаар, 27-нд Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар, 28-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүснэ. Ялангуяа 27-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн тариалан бүхий зарим нутгаар нойтон цас ахиухан орж, тариа, ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй үзэгдлээс нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчдыг сэрэмжлүүлж байна. Ингээд Цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. 

 

Баруун аймгуудын нутгаар: 25-26 нд ихэнх нутгаар, 27-28нд нутгийн зүүн хэсгээр, 29-30нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-28-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-нд ихэнх нутгаар дулаарна. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-28-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэн, Булнайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 25,29-нд нутгийн баруун хэсгээр, 26,28-нд ихэнх нутгаар, 27,30-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 26-28-нд зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 24-25нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх ч 26-нд нутгийн баруун хагаст, 27-ноос ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнө хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 27-29нд зарим газраар үе үе 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-26-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-30-нд бүх нутгаар эрс сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна.  

Говийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-26нд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-ноос сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Эх сурвалж: ХХАААҮЯ


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top