Instagram-ыг үндэслэгчид компаниа орхихоор болжээ

Олон нийтийн сүлжээний Instagram компанийг үндэслэсэн Кевин Систром, Майк Кригер нар компаниасаа гарах болжээ.

Нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй Instagram компанийг 2012 онд нэг тэрбум ам.доллараар Facebook компани худалдан авсан билээ. Систром, Кригер нар 2010 онд энэхүү зураг солилцооны хуудсыг нээсэн бөгөөд Facebook компани худалдан авснаас хойш ч үйлчилгээгээ үзүүлсээр ирсэн юм.

"Найман жилийн өмнө бид шинийг эрэлхийлсэн хүмүүсийн бүтээлч хандлагыг дэмжих үүднээс Instagram-ыг нээсэн. Одоо дараагийн алхмаа хийх цаг нь иржээ" гэж Систром өөрийн блог дээр бичээд, бүх хэрэглэгчдэд талархал илэрийлсэн байв.

Харин Facebook-ийг үндэслэгч Марк Закерберг тэдэнтэй зургаан жилийн турш хамт ажиллаж, их юм сурснаа дурьдаад, тэдний бүтээх шинэ зүйлийн хүлээж байна хэмээжээ.

Instagram-ын үндэслэгчид болон Facebook компанийн удирдлагын хооронд үл ойлголцол гарсан тухай хэвлэлүүд өмнө бичиж байв. Facebook-ийн гол гол бүтээгдэхүүний хэрэглээ буурч байхад Instagram-ын нэр хүнд улам өссөн. Үүнээс үүдэн Facebook их хэмжээний мөнгийг шинэ бүтээгдэхүүн гаргахад  зарцуулж, Instagram-ын энгийн байх үндсэн зорилготой харшилсан гэх мэдээллүүд байдаг.

Instagram-ын сүүлд гаргасан IGTV бүтээгдэхүүн нь илүү урт бичлэг байршуулах боломжийг хэрэглэгчдэд олгосон хэдий ч садар самуун сурталчилсан бичлэгтэй холбоотой асуудлаас болж ихээхэн шүүмжлэлд өртсөн юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page