Цэцэрлэгийн 9657 хүүхдэд томуугаас урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтыг хийж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар энэ сарын 20-ноос эхлэн хуваарийн дагуу тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгүүдэд ажиллаж байна.


Тухайлбал, тус дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн долоон сургуулиас 223 бүлгийн 7280 сурагч, мөн төрийн болон хувийн хэвшлийн 12 цэцэрлэгээс 57 бүлгийн 2377 хүүхэд буюу нийт 9657 хүүхдэд амьсгалын замын халдварт өвчин, тэр дундаа томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж байгаа юм.

Сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудад амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор хамар залгиурын үзлэг хийхээс гадна гэрийн нөхцөлд хоолой зайлах уусмал бэлдэх, гараа зөв угаах, дархлаа сайжруулах цэгэн иллэгийг хэрхэн хийх талаар зааж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг хийжээ.

Үүний зэрэгцээ, цэцэрлэгт хамрагдаагүй болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан эрүүл мэндийн үзлэг, сургалтыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж байна.


Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top