Польшид ажиллаж, амьдардаг иргэдийнхээ нийгмийн баталгааг хангана

 

Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулан хэрэгжүүлж ирсэн. Одоогоор ОХУ, БНСУ, БНУУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсны үр дүнд ОХУ-д ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 40, БНУУ-д ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 33 иргэн сар тутам өндөр насны тэтгэвэр тогтмол авдаг бол БНСУ-д манай иргэд тэтгэврийн даатгал давхар төлөхгүйгээр ажиллаж байгаа аж.

Гадаад харилцааны яамны Консулын газрын судалгаанаас үзэхэд Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-д нийтдээ 939 монгол иргэний байгааагаас 200 иргэн нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлдэг бол 149  нь суралцдаг байна.

Одоогоор тус улсад байгаа манай иргэд оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдаж, зөвхөн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авдаг юм байна. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн боломжгүй байдаг аж.

Иймээс БНПУ-д амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүсэлт, хоёр улсын Ерөнхийлөгч нарын хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар тохиролцсоны дагуу хэлэлцээрийн төслийн эхний шатны хэлэлцээг 2015 оны тавдугаар сард Варшав хотноо, хоёрдугаар шатны хэлэлцээг 2016 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо тус тус хийж, төслийг эцэслэн тохиролцож, тус тусын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар тогтжээ.

Хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа Монгол Улсын иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудал шийдвэрлэгдэнэ. Манай улсын иргэдийн БНПУ-д ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, Монгол Улс болон БНПУ-аас өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжирна. Мөн БНПУ-д ажилладаг манай иргэдийн нийгмийн баталгаа хангагдаж, тус улсад байх хугацаандаа тухайн орны иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндэс бүрдэх юм гэдгийг салбарын сайд онцоллоо.

Польш Улсад ажиллаж байгаа монгол иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх уг асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, чуулганаар хэлэлцүүлэхээр болсон байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Erdenejargal [ 178.165.129.62 ]      |     2018 оны 10-р сарын 12 -нд, 03:38 минутанд

Europa damidarch bgaa (Deutschland u Österreich France Ulsad amidarch ajillaj bgaa humuus d ene ssuudliig shiidej ögöh heregtei bna

Go to top of page