Цахим хувьсгалын шийдлүүдийг хэлэлцэв

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Д.Баярсайхан тэргүүтэй Монгол Улсын банк бус санхүүгийн салбарын төлөөлөгчид энэ сарын 3-5-ны өдрүүдэд Испанийн Вант Улсын Билбао хотноо болсон Бичил санхүүгийн жилийн хуралдаанд оролцлоо. Бичил санхүүгийн төв (Microfinance Centre, MFC) болон Европын Бичил санхүүгийн сүлжээ (European Microfinance Network, EMN)-оос хамтран зохион байгуулсан “Хүмүүс ба цахим хувьсгал” сэдэвт энэ жилийн хуралдаанд баруун, зүүн Европ, дундад болон төв Ази, Кавказын орнуудын нийт 600 орчим төлөөлөгч оролцож, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цахим шийдлүүд, мөн санхүүгийн болон нийгмийн хариуцлагын хүртээмжийг нэмэгдүүлэх боломжуудын талаар хэлэлцэв.

Хуралдааны зорилго нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал байлаа. Тодруулбал, бичил санхүүгийн хүртээмжийг шинэ санхүүгийн технологи ашиглан хэрхэн яаж өөрчлөх, нэмэгдүүлэх тухай асуудалд чиглэсэн юм. Хуралдаанд оролцогчид санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний өгөгдөл (big data) дээр ажиллах, эрсдлийг удирдах, хамтын санхүүжилт (crowdfunding), финтекийн хэрэглээ, нийгмийн хариуцлагын менежментийг технологитой хослуулах, ББСБ-уудыг санхүүжүүлэх шинэ арга, хэрэгслүүд зэрэг өргөн хүрээний сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хуралдааны үеэр гарсан үзэсгэлэнд Монгол Улсын зарим банк бус санхүүгийн үйлчилгээ эрхлэгч болон финтек хөгжүүлэгч аж ахуйн нэгж оролцож, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шинэлэг шийдлийг танилцуулан, Европ, Кавказ болон дундад Азийн бизнес эрхлэгчидтэй ажил хэргийн харилцаа тогтоосныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page