ЧУУЛГАН: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт болон бусад хуулийн төслийг хэлэлцэн, 82.5 хувийн саналаар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Уг хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан оролцсон байна.  

Монгол Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2018 оны долдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг мөн оны аравдугаар сарын 7-ны өдрөөр тогтоосон бөгөөд уг тогтоолын 3 дахь заалтаар тогтоолын хэрэгжих хугацааг заасан.

Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 4 жил тутам явагдахаар цаг хугацааг нь тодорхой заасан бөгөөд иргэн хүн сонгуульд нэр дэвших эсэхээ эртнээс шийдэж, хуулиар тогтоосон шаардлагыг хангаж оролцох боломжтой байдаг. Харин энэ удаа нөхөн сонгууль зарлахад Сонгуулийн тухай хуульд нэгэнт товлон зарласан нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй хийдэл үүссэн байна.

Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-ээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна.”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...  төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. ... Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан.

Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд ээлжит сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагч нь “... сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...”, “... тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...” гэж төрийн албанаас чөлөөлөгдсөн байх хугацааг тодорхой заасан байна. Гэтэл нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчид хэзээ, хэрхэн ажлаасаа чөлөөлөгдөн оролцох зохицуулалтыг орхигдуулснаас төрийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчид нөхөн сонгуульд оролцохын тулд одоо ажлаасаа чөлөөлөгдөхөд дээр дурдсан хугацааны шаардлагыг хангаж чадахгүй тул сонгуульд оролцох боломжгүй болж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Иймээс Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд  Монгол Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

ЗОЧИН [ 202.131.228.131 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 11:43 минутанд

БААХАН ХУУЛИЙН ЗААЛТААР ЯАХ ВЭ. БҮҮБЭЙ ГУАЙ ААА ОНОВЧТОЙ 2-ӨГҮҮЛБЭР ХЭРЭГТЭЙ.

irgen [ 103.57.95.177 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 07:46 минутанд

odoo songuuli yavuulnaa gesen vgvv

Go to top of page