”Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад нийгмийн зөвшөөрлийг хэн нэгэн өгдөггүй”

2018 оны 10 сарын 15

 “Рио Тинто” компанийн уул уурхайн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэм, менежментийн стратегид үнэлгээ өгөх зорилготой хамтарсан баг Оюутолгойн уурхайд ажиллажээ. Хамтарсан баг Олон улсын уул уурхай, эрчим хүчний үйлдвэрчний эвлэл (ОУУУЭХҮЭ) “ИндастриОл” болон "Рио Тинто"-гийн төлөөлөгчдөөс бүрдсэн юм байна. “Рио Тинто”-гийн Хөдөлмөрийн харилцаа хариуцсан захирал Майкл Гавин, ОУУУЭХҮЭ-ийн Уул уурхайн салбар хариусан захирал Глэн Мпюфэйн нар тус тусынхаа багийг ахлан ажиллажээ.

Тэд нутгийн иргэдийн төлөөлөл болсон малчид, ахмадууд, Ханбогд сумын Засаг дарга, “Оюу толгой” компанийн үндсэн болон гэрээт ажилчид,  мөн уурхайн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг төрийн бус байгууллагуудтай зөвлөгөөн хийжээ.

“Оюу толгой” компанийн хэвлэлийн мэдээнд дурдахдаа “Монгол Улс байгалийн эрдэс ихтэйн хажуугаар эдийн засаг нь уул уурхайн салбараас үнэмлэхүй хамааралтай байдаг. Оюутолгой уурхай нь “Рио Тинто”-гийн тэргүүлэх уурхайнуудын нэгийн хувьд хариуцлагатай уул уурхай гэж юу болохыг олон нийтэд харуулах боломжийг тус группт олгож буй юм. “Рио Тинто” Хариуцлагатай уул уурхайн индекс (ХУУИ)-ийн үр дүнд үндэслэн ОУУУЭХҮЭ-ийг Оюу толгойд урьсан” гэжээ.

ОУУУЭХҮЭ нь ХУУИ-ийг гаргахад оролцдог бөгөөд энэ индекс нь хариуцлагатай уул уурхай гэдгийг "Олон нийтийн ашиг сонирхол болон байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг ил тод байдлаар тусган авч, уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй улсынхаа эдийн засгийн хөгжилд шударгаар мэдэгдэхүйц хувь нэмэр оруулдаг уул уурхайн үйл ажиллагааг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Эдийн засгийн хөгжил, бизнесийн ёс зүй, ажлын нөхцөл, байгаль орчны хариуцлага гэсэн дөрвөн чиглэлд “Рио Тинто” хамгийн өндөр оноо авсан дэлхийн арван уул уурхайн бизнесийн нэгээр нэрлэгдсэн гэсэн байна.

“Оюу толгой”-д 16 117 хүн ажиллаж байгаагаас 3  мянга орчим нь монгол үндсэн ажилчид бол гүний уурхайн төсөлд ажиллаж буй ажилчдын ихэнх нь гэрээт компанийн монгол, гадаад ажилчид байна. Гэрээт компанид ажиллаж буй монгол ажилчдын нэлээд хэсгийг “Оюу толгой” компани гүний уурхай үйл ажиллагаагаа эхлэх үед үндсэн ажилчин болгож шилжүүлэн авах юм. Гадаад мэргэжилтнүүдийн ур чадварыг үндэсний ажиллах хүчинд уламжлуулан шилжүүлж байгаагийн нэг жишээ нь ил уурхайн том оврын ачааны тэрэг жолоодож буй олон тооны эмэгтэйчүүд, удирдах түвшний албан тушаалд монгол хүмүүс ажиллаж байгаа явдал гэж “Оюу толгой” компаниас мэдээлж байна.

ОУУУЭХҮЭ-ийн Уул уурхайн салбар хариусан захирал Глэн Мпюфэйн хэлэхдээ “Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хэн нэгэн нийгмийн зөвшөөрлийг өгөх тухай ойлголт байдаггүй. Харин зөвшилцлийг ил тод явуулж, итгэлцэл бий болгосноор олж авах ёстой зүйл юм. Уул уурхайн үйл ажиллагааг хариуцлагатайгаар эрхлэх нь тэр зөвшөөрлийг олж авах замыг засна” гэсэн байна.

“Рио Тинто” компанийн үйл ажиллагааны талаарх олон талт хэлэлцүүлэг цаашид Мадагаскар дахь КюЭмЭм, Өмнөд Африкийн БНУ дахь АрБиЭм, Намиби дахь Рөссин Ураниум зэрэг уурхайд үргэлжлэх аж.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top