Монголд элэгтэй Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгу энэ сарын 18-нд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Монгол Улсад айлчлах гэж байна. Энэхүү айлчлал нэг өдөр үргэлжилнэ. Албан ёсны айлчлалыг угтан Сергей Шойгун тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Сергей Кужугетович Шойгу нь Тувагийн автономит мужийн Чадан хотод 1955 оны тавдугаар сарын 21-ний өдөр мэндэлжээ. Аав нь Тува хүн бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй нэгэн байсан бол жирийн л нэгэн зоотехникч Орос эмэгтэй байв. Тэрбээр 1977 онд Красноярскийн Политехникийн институтыг барилгын инженер мэргэжлээр төгсөөд Красноярск хотод мэргэжлийнхээ дагуу 15 жил ажилласан гэдэг.

15 жил барилгын инженерээр ажилласан Шойгу 35 настайдаа Москва хотод архитектор болон барилгын улсын хорооны орлогч даргаар томилогдон иржээ. Энэ үед ЗХУ-ын задрал эхлэж, улс төрийн байдал нэлээд хүнд байв. Тэр хэцүү цаг үед улсынхаа итгэл найдварыг хадгалж 1991-1994 онд ОХУ-ын Иргэний хамгаалалт, онц байдлын улсын хорооны дарга, 1994-2012 он хүртэл ОХУ-ын Онцгой байдлын газрын даргаар тасралтгүй ажилласан байдаг. Онцгой байдлын газрын дарга байхдаа Шойгу албан өрөөндөө суулгүй, байнга өөрийн биеэр осол, гамшиг болсон газруудад очиж ажилладаг байв. Та яагаад газар бүрт өөрөө явдаг юм бэ гэж асуухад, "Би аврагчдыг их хүндэлдэг. Тэд надаас та тэнд очиж үзсэн үү гэж асуухад нь үгүй гэж хариулбал ичгэвтэр хэрэг болно шүү дээ" гэжээ. Тиймдээ ч тэр их гүрний “онцгой байдал”-ыг 18 жил удирджээ.

Тэр бол ОХУ-ын Баатар, Армийн генерал, Тувагаас төрсөн хамгийн том улстөрийн зүтгэлтэн. Ард түмэн нь түүнийг "Орос улсыг аврагч" гэдэг.

Түүнийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путины итгэлт хүн гэдгээр нь дэлхий нийт мэднэ. “Нэгдмэл Орос” намын үүсгэн байгуулагчдын хувьд одоогийн Орос орныг нуруун дээрээ үүрч яваа хүмүүс гэсэн үг. Энэхүү намд В.Путин, С.Шойгугаас гадна Д.Медведев тэргүүтэй томоохон улс төрийн зүтгэлтнүүд багтдаг.

Тэрбээр Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллахаасаа өмнө Москва мужийн захирагчаар ажиллаж байжээ. Тухайн үеийн сайд болох А.Э.Сердюков яамны мэдлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар зарж борлуулсан хэрэг нь илэрсэн тул эрх баригчид оронд томилох хүний эрэлд гарчээ. Ийн 2012 оны 11 дүгээр сарын 06-нд Сергей Кужугетович Шойгу ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон юм.

Шойгуг зөвхөн ерөнхийлөгч, ерөнхий сайдын итгэлт хүн гэдгээр л ойлгож, дүгнэж болохгүй хэмээн улс төр судлаачид үздэг. Тэр бол өөрийн гэсэн арга барил, чадвар, мэдлэгээрээ өндөрт гарч чадсан шилдэг улс төрч. Оросын төрийн дум, гишүүдийн дунд маш нэр хүндтэй нэгэн. Төрийн думд өөрийн хариуцсан салбартаа тулгамдаад буй асуудлыг хууль зүйн үндэслэлтэй, зөв өнцгөөс, ойлгомжтой танилцуулаад ахиухан төсөв батлуулж чадаж байна гэдэг тийм ч амар хэрэг биш.

Мөн тэр хэвлэл мэдээллийн салбартай тун сайн хамтарч ажиллахын сацуу учраа олдог нэгэн. Өөрийн хийж буй ажлыг тайлбарлах, таниулах тал дээр маш сайн туршлагатай. Энэ нь Шойгуг Батлан хамгаалахын сайд болсноос хойш арми, флотын тухай гарч буй нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл, сонин сэтгүүлд  ази царайтай буриад, халимаг, тува зэрэг офицер, ахлагч, цэргүүд түлхүү гарч эхэлснээс мэдэж болно. Мөн Москва хотод байх "Поклонная гора" аугаа эх орны дайны ялалтад зориулан босгосон дурсгалын цогцолборт дайнд амь үрэгдсэн буддын шашинтай Монгол, Буриад, Халимаг, Тува зэрэг цэргүүдийн дурсгалд зориулсан хийд бариулахад нэлээд зүтгэл гаргасан нь түүнийг Үндэсний баатар гэдгийг тод томруунаар харуулсан хэрэг юм.

2015 онд Оросын иргэдийн дунд "Хамгийн сайн ажиллаж буй сайд" шалгаруулах санал асуулгын дүнгээр БХЯ-ны сайд С.Шойгу 5 оноо авахаас 4,6 оноо авч хамгийн сайн ажиллаж буй, нэр хүндтэй сайдаар шалгарч байв. Мөн ОХУ-ын цахим сүлжээ хэрэглэгчдийн санал асуулгаар "10 жилийн агуу хүн"-ээр (1996-2006) тодорч байсан гэдэг. Оросын иргэд түүний хийж буй ажлыг үргэлж өндрөөр үнэлдэг учир Владимир Путиныг залгамжлагчдын тэргүүн эгнээнд бичигдсээр иржээ.

"Неизвестная Сибирь" сонинд өгсөн ярилцлагадаа "Би чөлөөт цаг гарвал л зураг зурдаг. Энэ нь Засгийн газрын хуралдааны өмнө тохиолдох нь элбэг. Дараа нь би өөрийн эртний анд нөхөр Сергей Лавров (Гадаад хэргийн сайд), эсвэл Эльвир Набиуллин (Төв банкны дарга) нарт зурсан зургуудаа бэлэг болгон өгдөг. Набиуллин миний зургуудыг эмхтгэн цомог болгож, ердөө хоёр хувь хэвлүүлсэн бөгөөд нэгийг нь төрсөн өдрөөр минь надад бэлэглэж, үлдсэн хувийг нь өөртөө авч үлдсэн” гэжээ. Гэхдээ тэрбээр өөрийнхөө уран зургуудыг урлагийн бүтээл гэж огт боддоггүй гэнэ. Мөн тэрбээр “Би бүр алс нутагт, Монгол Улсын хил дээр очиж, ан агнаж, загасчлахыг хүсч байна” гэж хэлсэн юм.

Монгол Улс ОХУ-тай батлан хамгаалахын салбарт нэлээд нягт хамтын ажиллагаатай байдаг. Боловсон хүчнүүдээ бэлтгэх, цэрэг техникийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд хойд хөрш бидэнд туслалцаа үзүүлж ирсэн. Тиймээс ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгугийн Монгол Улсад хийх айлчлал хамгийн их анхаарал татсан үйл явдлуудын нэг болоод байна.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.183) 2018 оны 10 сарын 16

Энэ зураг сэтгэл татлаа.

0  |  0
Иргэн(112.72.11.123) 2018 оны 10 сарын 16

Дажгүй шүү.Орос ах нараа дагаад байвал айлтгүй.

0  |  0
zochin(202.131.243.186) 2018 оны 10 сарын 16

amerk oros, hytad 2toi haritsaa tiim ch sain bish ued mongol uls bol orosiin holbooni ulsiin huwid staretagiin gol tunsh.

0  |  0
irgen(84.227.227.238) 2018 оны 10 сарын 15

oros uls zergiin salbar ni hogjij l uls ni hogjij ehelsen, mundag hyn,,,mash ih uildver technik, zevsegees gadna irgenii heregzeend, ulsiinhaa hogjild ondor yyreg guizetgej baina daa

0  |  0
зочин(66.181.178.65) 2018 оны 10 сарын 15

Хямд бензин гуйчихаа

0  |  0
zochin(103.26.193.216) 2018 оны 10 сарын 15

mongoliig tsergeer n hogjuuleh bolomj bii

0  |  0
Top