У.Хүрэлсүх: Шатахууны үнэ бууруулахаар ЦААСАН МӨНГӨ хэвлэж ЧАДАХГҮЙ

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

 Манай сурвалжлагч Дорноговь аймгаас мэдээлж байна


Дөрөвхөн сарын өмнө тал газар байсан Дорнын талд өнөөдөр их бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Учир нь, монголчуудын олон жилийн мөрөөдөл Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт биеллээ олох нь зөвхөн цаг хугацааны асуудал болжээ.

Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн зээлийн тусламжтайгаар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж эхлээд хагас жил ч болоогүй байна. Гэвч энд үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Өнгөрсөн зургадугаар сард /2018.06.22/ үйлдвэрийн шавыг тавьснаас хойш авто зам, төмөр зам, эрчим хүч гэсэн гурван том салбарын ажил хэдийнэ дундаа оржээ.  

Өөрөөр хэлбэл,  

  • 18.5 км үргэлжлэх цахилгаан дамжуулах эрчим хүчний дэд бүтцийн ажил 85 хувь,

  • хүнд даацын 17.5 км авто замын ажил 40 хувь

  • 27 км үргэлжлэх төмөр зам тавих ажил 60 хувьтай байна.

Тэгвэл Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилтай өчигдөр /2018.10.15/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцлаа. Түүнтэй хамт Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан нар болон холбогдох албаныхан байсан юм.

Монгол Улсын Засгийн газар нь Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд 2019 онд багтаан үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлыг хийж дуусгах үүрэг хүлээсэн билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2018 оны 2 болон 21 дүгээр тогтоолоор Газрын тос боловсруулар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр төрийн өмчит компаниудаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдийг үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 143 тоот тогтоолоор Сайншанд-Газрын тос боловсруулах үйлдвэр чиглэлийн төмөр замын салбар зам, хүнд даацын тусгай зориулалтын авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажил, барилгын ажлын техник технологийн байнгын хяналтыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аар хийлгэх шийдвэр гаргасан. Тус газар нь "Аи Си Ти-Сайн Консалтинг" компанитай түншлэл байгуулж ажиллаж байна. "Сайншанд-Газрын тос боловсруулах үйлдвэр" чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын авто зам нь 21 км урт бөгөөд 2Б зэрэглэл, тусгай зориулалтын хуримтлуулагч зам юм. Энэхүү зам нь Сайншанд-Баруун-Урт чиглэлийн авто замын нэг хэсэг болох боломжтой. Үүгээр зүүн зүгийн аймгууд болох Сүхбаатар, Дорнодын иргэд Сайншанд болон Замын-Үүдийн боомт руу босоо тэнхлэгийн АН-3 авто замд холбогдон, зорчих боломжтой.


-БХЯ-НЫ 7780 ДУГААР АНГИ 230 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА-

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох хүнд даацын тусгай зориулалтын асфальт бетон хучилттай авто зам, замын байгууламжийн ажлын зураг төсөл, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж, 2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр багтаан ашиглалтад оруулахаар Батлан хамгаалах яамны 7780 дугаар анги 230 хүн хүчний бүрэлдэхүүнтэй, зам барилгын 86 машин механизм, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.  

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох салбар төмөр зам, төмөр замын байгууламжийн ажлын зураг төсөл, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж, 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөрт багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар зам нь 4 дүгээр зэрэглэлийн, 27 км урттай, аж үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачаа тээвэрлэх зориулалттай. УБТЗ нийт 233 хүний бүрэлдэхүүнтэй, 130 машин механизмтайгаар газар шорооны ажил, төмөр бетон ус зайлжуулах хоолой, гүүр, холбоос замын ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнд төмөр замын доод үе буюу ул шороо, ус зайлуулах төмөр бетон хоолойн ажлын дөрвөлжин төмөр бетон хоолой суурилуулах зэрэг төлөвлөгджээ.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа зам барилгын нормын дагуу бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Газар шорооны ажил 30 хувийн биелэлттэй байгаа бол гүүр хоолойн ажил 50 хувийн хэрэгжилттэй явагдаж байна. Зургадугаар сары 29-ний өдөр газрын тосын үйлдвэрийн нээлтийг хийснээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явагдаж байгааг албаныхан хэлсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил бол Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын онцгой анхаарлын төвд байгаа ажил. Монголын ард түмний мөрөөдөл болсон ажил. Бид газрын тосны нөөцтэй атлаа үйлдвэргүй байсаар он удаан жил болсон. Өнөөдрийг хүртэл үйлдвэрээ барьж чадалгүй, түүхий нефтиэ зөвхөн экспортод гаргадаг байсан. Гэтэл өөрсдөө бид нефтиэ үйлдвэрлэх бүрэн боломжтой орон. Өнгөрсөн хугацаанд нефтийн үйлдвэр барина гэж хэд хэдэн удаа шав тавьсан боловч харамсалтай нь өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй. Харин одоо ажил явж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц, эрчим хүч, төмөр замын ажлууд явагдаж байна. Энэ үйлдвэр бол Монголын ард түмнийг шатахуунаар хангах хамгийн том үйлдвэр гэж би хувьдаа ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг хөл дээр нь босгоход энэ үйлдвэр бидэнд хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Жил ирэх тусам шатахууны үнэ нэмэгдэж, шатахууны үнийг Засгийн газар нь барьж чадахгүй байна гэж ард иргэд маань шүүмжилдэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Бид асуудалд одоо цаг зуурын байдлаар хандаж, бие биеэ хуурахаа болино. Нефтийн үйлдвэрээ хурдан барья. Үйлдвэрээ ашиглалтад оруулснаар дэлхийн зах зээлийн давалгаан дээр явагдаж байгаа нефтийн үнээс бид эх орноо хамгаална. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор ард түмний бухимдлыг төрүүлсэн шатахуун, тослог материал үнэд орчихлоо гэдэг асуудлаас бид гарч чадна. Би үүнд итгэлтэй байна" гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн захирал Цэрэнноров:

-Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажилд нийт 500 гаруй хүн ажиллаж байна. Нийт гурван том ажил хийгдэж байгаа. Төслийн автозам, төмөр замын барилгын ажил, Цахилгаан дамжуулах шугамын ажил, үйлдвэрийн талбай тэгшлэх, хашаа барих ажил гэсэн том ажлууд үргэлжилж байна. Эдгээр ажлын гүйцэтгэл 50 хувьтай яваа. Сайншанд, газрын тос боловсруулах үйлдвэр чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын 17.5км автозамын барилгын ажил 35 орчим хувьтай явагдаж байна. Үүнээс хөрс хуулалт, далангийн ажлууд төлөвлөгөөт хугацааны дагуу хийгдэж байна. Автозамын нийт уртад 23 ширхэг хиймэл байгууламж хийхээр төлөвлөгдсөн ба бүгдийг хийж дууссан. Таван цэгийн хоолойн ажил бүрэн дууссан. Ус зайлуулах төмөр бетон хоолойны ажил 50 хувьтай байгаа. Үлдсэн ажлууд нь ирэх жил хийгдэхээр төлөвлөгдсөн. Авто зам 15 метрийн өргөнтэй. Явах ангийн өргөн нь есөн метр, хаяагаараа гурав гурван метр, нийт 14 метрийн өргөнтэй зам бэлэн болсон. Ажил маш эрчимтэй үргэлжилж байгаа. Уг бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор Энэтхэг улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт ирж, газар дээр нь танилцсан. Монголын Засгийн газраас хэрэгжүүлж буй уг ажлыг маш богино хугацаанд чанартайгаар гүйцэтгэж байна гэж дүгнэсэн. Цахилгаан дамжуулах шугам буюу Эрчим хүчний ажил 85 хувьтай байгаа. Өнөөдрийн байдлаар 39 хүний бүрэлдэхүүнтэй, гурван бригад, 15 техник хэрэгслийн тусламжтайгаар ажиллаж, Сайншандын дэд станцын өргөтгөлийг хийж байна. Энэ хугацнаад нийт 16 ширхэг анкер угсарч, 68 ширхэг тулгуур босгон, цахилгаан утсыг татаж дуусгасан. Дэд станцын тоноглол трансформаторын угсралтын ажлыг 15 хоногийн дуусгана. Үүний дараа улсын комисс ажиллуулах, хүчдэл татах ажлууд эхэлж, ирэх оны арваннэгдүгээр сарын 1 гэхэд эрчим хүчний ажил бүрэн дуусна.

Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн ерөнхий инженер Д.Алтанцэцэг:

-Эрчим хүчний бие даасан байдал гэдэг бидэнд хамгийн тулгамдсан асуудал. Төр засгийн зүгээс шатахууны үнийг зохицуулах гэж хүчин чармайлт гаргаж ирсэн. Гэсэн ч бид байгаа түүхий эдээ боловсруулж, шатахуун үйлдвэрлэхгүй л бол энэ асуудал бүрэн шийдэгдэхгүй. Олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй бүтээн байгуулалтыг У.Хүрэлсүхийн Засгийн газар урагшлууллаа. Одоогоор үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Ирэх жил гэхэд дэд бүтцийн ажлууд дуусч, барилга байгууламжийн ажил эхэлнэ. Энэ оны арваннэгдүгээр сарын эхээр ТЭЗҮ-ээ хүлээн авна. Үүний дараа зураг төслийн ажлууд эхэлнэ. Ингээд 2023 оны эхний хагас гэхэд үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр жилдээ 1.5 сая тонн дизель боловсруулж, 800 тонн орчим дизель гаргана. Мөн 300-400 мянган тонн бензин, 100 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэнэ гэлээ. 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Батлан хамгаалахын яамны 7780-р анги, 230 цэрэг бүтээн байгуулалтын ажилд оролцож байна. Цэргүүд маань бүтээн байгуулалтад оролцохдоо цалин авч байгаа гэдгийг тодотгосон бол инженерүүдийн зүгээс "Ажилд оролцож байгаа цэргүүдийн чадавхи эрс нэмэгдсэн. Цаашлаад Батлан хамгаалахын салбарыг бүтээн байгуулалтад татан оролцуулах арга барилыг сайжруулахын сацуу стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэгч шалгаруулах тал дээр өөр байдлаар ханддаг байх тал дээр Засгийн газар анхаармаар байгаа юм. Ихэнхи ажлыг одоо төрийн байгууллагууд хийж байгаа. Нэг хувийн хэвшил багтсан ч тендерийн хуулиас үүдэж ажил нь эхлээгүй байгаа" гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хэлсэн юм.

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бид энэ үйлдвэрээ барьснаар дэлхийн нефтийн үнийн ханшийн давалгаанаас ангижирна. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн улс. Улсынхаа эдийн засгийн харилцааг буцааж социолиазмын чиглэл рүү оруулах тухай бодол үнэндээ алга. Зах зээл бол зах зээл. Дэлхий дээр нефтийн үнэ нэмэгдэх бүрт манай улсад нефтийн үнэ дагаад нэмэгддэг. Та бүхэн санаж байгаа бол 2011 онд нэг баррель нь 100 ам.доллар, 2016 онд 40 ам.долларт хүрсэн бол энэ жил буцаад өслөө. Одоо нэг баррель нь 85 ам.доллар байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ ханш ямар байна вэ гэдгээс хамаарч Монгол Улс шатахуунаа ам.доллараар худалдан авч байна. Бид доллар үйлдвэрлэдэггүй орон. Дэлхий нийтэд болж буй худалдааны дайны үр нөлөө манай улсад сөргөөр нөлөөлж байгаагийн нэг нь нефтийн асуудал. Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хадгалсан улс орон болохын төлөө би зүтгэх ёстой. Ингэхийн тулд гурван зүйлийг хийх нь зүйтэй гэж харж байгаа. Эдгээр нь эрүүл хүнс, эрчим хүч, нефть-шатахуун, тослог материалаар улс орноо хангах явдал юм. Эдгээрийг хангаж чадвал манай улс хүчирхэг орон болно. Улмаар бусад бүх салбар хөгжинө. Тиймээс бид өнөөдөр Газрын тос боловсруулах үйлдвэрээ барихын төлөө хичээн ажиллаж байна. Түүнээс биш Ерөнхий сайд нефтийн үнийг хүчээр буулгах ёстой гээд би цаасан мөнгө хэвлэж чадахгүй. Ийм тохиолдлууд өмнө нь гарч байсныг та бүхэн мэдэж байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанк 8 их наяд цаасан мөнгө хэвлэсэн. Тухайн үед нефтийн үнээ барьж байгаа мэт харагдсан боловч харамсалтай нь тэгж чадаагүй, эдийн засгаа унагаасан. Өр зээлэнд оруулсан. Ам.долларын ханшийг улам өсгөсөн. Тийм учраас одоо хүчээр мөнгө хэвлэх зэрэг захиргаадалтын аргаар шатахууны үнийг хатуу барина. Энэ нь зах зээлийнхээ эсрэг явсан үйлдэл болно. Алсдаа улсынхаа эдийн засгийг сүйрүүлэх зам руу явах болно. Үүнээс гарах арга нь нефтийн үйлдвэр барих явдал юм. Ингэж чадвал бид 1 тэрбум ам.доллараар гадаад зах зээлээс нефть худалдаж авахгүй болно. Тиймээс нэг ч өдөр алдалгүй үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллана" гэлээ.  


Ерөнхий сайдын орон нутаг дахь Томилолт Замын-Үүд дэх Ложистикийн төвийн нээлтэд оролцсоноор үргэлжилсэн. Харин өнөөдөр /2018.10.16/ Дорноговь аймгийн Өргөн суманд ажиллаж, “Монцемент Билдинг материалс” ХХК-ийн үйлдвэрлэлтэй танилцахаар төлөвлөөд байна.
Б.Эрхэс
Гэрэл зургийг Г.Ган-Өлзий
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.26.194.153) 2018 оны 10 сарын 16

100 jil huleesen eronhii said gej Hurelsuh iig l heleh baihdaa. Uridnii eronhii saiduud bugd hudlaa yarihaas oor yum hiigeeguishu. Odoo l uls maani hogjij bnadaa. Taniig 2020 ond songonoo. Tegehgui bol oor hun garval ene uildveriig zogsoono bhshuu.

0  |  0
зочин(66.181.160.36) 2018 оны 10 сарын 16

ерөнхий сайдаа таны ажилд амжилт Монгол улс удахгүй өөрсдөө нефттэй болох цаг ирнэ

0  |  0
mgl(103.10.20.34) 2018 оны 10 сарын 16

Dollaraar bish rubli-eer hiigeech

0  |  0
Хотын хүүхэд(139.5.216.49) 2018 оны 10 сарын 16

Яг зөв ,манайхыг нэмж төгрөг хэвлүүлэхийг хүлээгээд дотроо инээд алдаад байж байгаа улс байж л байгаа.

0  |  0
zochin(66.181.184.136) 2018 оны 10 сарын 16

LOGIKOO URVUULHAAR DOLLARIIN DARAMTAD

0  |  0
zochin(202.179.24.58) 2018 оны 10 сарын 16

erunhii saidaa amjilt ta chadnaa

0  |  0
Top