“Валютын нөөцийг нэмэгдүүлэх нь Төв банкны төдийгүй эрх баригчдын хүлээх гол үүрэг”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.16) хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан төсөл санаачлагчийн илтгэлдээ, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал бэхжиж, ойрын ирээдүйн төлөв сайжирч байгааг хэллээ. Өнгөрсөн хоёр жилд манай улсын гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой, уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэний зэрэгцээ дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд тодорхой бус байдал багасч, бизнесийн итгэл идэвхжилийг сэргээсэн гэж үзжээ. Эдийн засгийн хамгийн амаргүй үе болох 2016 оны II, III улирлаас хойш эдийн засгийн дийлэнх салбар ерөнхийдөө өсөлттэй байгаа аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсчээ. Энэ нааштай үр дүнг бататгахын тулд эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хамгаалах нь чухал гэдгийг тэрбээр танилцуулгадаа онцолсон. Үүний тулд улсын секторын өрийн дарамтыг бууруулах, гадаад төлбөрийн чадварыг сайжруулах, банк санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх гэсэн гурван зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна.

Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг ирэх хоёр жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулах зорилтыг дэвшүүлж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Гадаад эрэлт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа энэ үед эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлтийг бүх салбарт дэмжихийн зэрэгцээ инфляцийн хүлээлтийг тогтворжуулах нь чухал ач холбогдолтой. Инфляцийг 2018-2019 онд зорилтот түвшинд хадгалах боломжтой хэмээн тооцоолоод байгаа аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар экспорт өсч, төсвийн гадаад санхүүжилт нэмэгдэж, уул уурхайн бүтээн байгуулалт эрчимжсэн хэдий ч бараа, үйлчилгээний импорт, тээвэр санхүүгийн үйлчилгээтэй холбоотой гарах урсгал, гадаад зээлийн төлбөр өсч улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал 2017 оноос нэмэгдэж байгаа гэв. 2018 оны эхний 8 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 400 орчим сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Энэ бол 2017 оноос 213 сая ам.доллароор муудаад байгаа үзүүлэлт аж. Төлбөрийн тэнцэл ийн муудахад импортын өсөлт, гадаад бондын эргэн төлөлтүүд нөлөөлсөн гэж тодорхойлж байгаа аж. Үүний зэрэгцээ том гүрнүүдийн худалдааны бодлого, зарим улс орнуудад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор гадаад эдийн засгийн орчин тодорхойгүй байна. Гадаад зах зээл дээр хүү өсч, хөгжиж буй эдийн засгууд руу чиглэсэн валютын урсгал татарч эхэлсэн. Энэ байдал нь дэлхий нийтийн валютууд болон зарим төрлийн эрдэс, бүтээгдэхүүний үнэ ам.долларын эсрэг сулархад нөлөөлсөн байна. 170 улс орныг судалгаанд хамруулан үзэхэд 142 орны валют яг өнөөгийн байдлаар ам.долларын эсрэг сулраад байгаа дүн нэгтгэжээ. Ханшийн сулралт нь улс орнуудын нийтлэг хүндрэл болж буйг тоон үзүүлэлт харуулж байгааг Н.Баяртсайхан ерөнхийлөгч танилцууллаа.

Тухайлбал, Австрали болон Чилийн үндэсний мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг 9 хувиар суларсан бол Хятадын юань, Оросын рубль, Энэтхэгийн рупи, Бразилийн реал, Индонезийн рупи, Туркийн лир, Өмнөд Африкын рандын ханш сулраад байгаа талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Ийм орчинд эрсдэл, тодорхой бус байдлыг хуримтлуулж бугшуулахгүй байх нь дунд хугацаанд тогтвортой байдлыг хамгаалахад тустай гэдэг зарчмыг Төв банк баримталсан байна. Эдийн засгийн бүх түвшинд буюу улс орон, аж ахуйн нэгж, өрх цаашаад хувь хүн ч гадаад орчны ийм эрсдэлтэй, тогтворгүй байдлыг хянуур тооцож, тэлэлтийн хурдаа зохицуулж, санхүүгийн сайн удирдлага хэрэгжүүлэх шаардлага нэмэгдэж байгаа гэв. Томоохон эдийн засгууд ханшаа хамгаалах бодлого хэрэгжүүлж байгаа ч гадаад валютын нөөцөд ирэх дарамтаа харгалзан ханшийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, мөнгөний бодлогын хүүгээ нэмэх арга хэмжээг авч байгаа аж. Монгол Улсад ч гадаад орчны энэ эрсдлийг тойрох бололцоо хомс гэдгийг тэрбээр дурдсан. Валютын ханш сүүлийн гурван сарын туршид 2018 оны эхэн үеийнхээс 5.7 хувиар суларсан, одоогоор тогтворжоод байгаа. Төлбөрийн тэнцлийн дарамтыг валютын ханшид шингээх нь алсдаа эрсдэл үүсэхээс сэргийлнэ гэж Төв банк үзсэн байна. Цаашид эдийн засгийн бүтцийг олон тулгууртай болгож, эрдэс баялгийн салбараас бий болсон орлогыг урт хугацаанд эдийн засагт оновчтой, үр ашигтай болгох, тодруулбал Монгол Улс хуримтлалтай байх зүй ёсны шаардлага тулгараад байгаа гэв. Энэ хүрээнд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, тогтвортой байдлыг хангах чиглэсэн эдийн засгийн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлага бий гэдгийг төслийн танилцуулгад дурдсан. Иймд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг Монголбанк дангаар болон төрийн эрх бүхий бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Валютын нөөцийг нэмэгдүүлэх нь Төв банкны төдийгүй төрийн бүх байгууллага, эрх баригчдын хүлээх гол үүрэг гэв. Түүнчлэн санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын арга хэмжээг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, Төв банкны олон нийттэй харилцах үйл ажиллагааг сайжруулж, бодлогын нөлөөг дээшлүүлэх, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал, эрсдэл даах чадварыг хадгалах зорилгоор банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлж, хамрах хүрээг өргөжүүлэх зэрэг хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцууллаа.     Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, Д.Эрдэнбат, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Б.Жавхлан нар асуулт асууж, тодрууллаа. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр хийж буй ажлын талаарх С.Чинзориг гишүүний асуултад “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг баталсан. Үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2019 онд хэрэгжүүлнэ. Одоогоор арилжааны банкуудаас хэрэглэгчдэд олгож буй зээлийн дундаж хүү 18 хувь болж буурсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2-3 пунктээр буурсан үзүүлэлт юм. Мөн арилжааны банкуудын зээл олголт идэвхжин, өрсөлдөөн эрчимжиж байгаагаас зээлийн хүртээмж нэмэгдэж байгааг харж болно. Зээлийн хүү буурч байгаа, үүнийг эдийн засгийн эерэг үзүүлэлт гэж харж байна” хэмээн Монголбанкны ерөнхийлөгч хариулт өглөө. Санхүүгийн зохицуулах хороо зээлийн хүүг бууруулах чиглэлээр “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг”-ийн хүрээнд хамтран ажиллаж байгаа талаараа танилцуулсан.

   Ипотекийн зээлийн санхүүжилтийн зорилгоор одоогоор Төв банкнаас 4.2 их наяд төгрөг зарцуулаад байгаа бөгөөд цаашдаа уг хөтөлбөрийг аль түвшинд хэрэгжүүлэх нь оновчтой талаар шийдэл гаргахаар ажиллаж байгаа гэв. Одоогийн байдлаар ипотекийн зээлийн санхүүжилтийн зориулалтаар Монголбанкнаас жилд 240 тэрбум, Засгийн газраас 120 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж байгаа. Жилд дунджаар 300-400 орчим төгрөгийн санхүүжилт хийгдээд байгаа гэв. Мөн гишүүдийн лавласны дагуу улс орны төлбөрийн тэнцлийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор бүх түвшинд валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах шаардлагын талаарх дэлгэрэнгүй тайлбар хариултыг Монголбанкнаас өгсөн.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх дэлхий нийтийн санхүүгийн системийг хамгаалах бодлогыг боловсруулж, дэлгэрүүлэх үүрэг бүхий засгийн газар хоорондын, хараат бус бүлэг ФАТФ-ийн 40 зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын явцын талаар Б.Жавхлан гишүүн тодруулж “Одоогоор цагаан жагсаалтад байгаа бөгөөд үүнийг бэхжүүлэх нь чухал. Саарал жагсаалт руу буурсан тохиолдолд гадаад төлбөр тооцоог гүйцэтгэж буй ганц банк энэ төрлийн үйл ажиллагаагаа явуулах бололцоогүй болж улмаар Монгол Улс эдийн засгийн глобальчлалаас тасрах эрсдэл үүснэ гэдгийг тооцож, бүх түвшиндээ анхаарах шаардлагатай” гэдгийг хэлсэн юм. Мөн тэрбээр валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дотоодоос олборлосон алтны грамм бүрийг ашиглах зорилтыг төсөлд тусгах нь зүйтэй гэдэг саналыг хэлэв. Монголбанк 2017 онд 20 тн алт авсан бол энэ онд 22 тн алт авах зорилттой байгаа бөгөөд одоогийн байдлаар 15.8 тн алт аваад байгаа юм байна. Одоогоор Монголбанкинд алт авах ажлыг зөвхөн нийслэлд хийдэг бөгөөд урт хугацааны үйл явц өрнөдөг. Энэ байдлыг хөнгөвчлөх ажлыг хийж эхэлсэн. Тодруулбал, алт тушаах процессыг хөнгөвчлөх зорилгоор хайлуулах цех, сорьцийн лабораториудыг байгуулах ажлыг эхлүүлж Дархан-Уул аймагт хэрэгжүүлээд байгаа, дараагийнх нь энэ сарын 18-нд Баянхонгорт нээлтээ хийх аж. Монголбанк, Швейцарийн хөгжлийн агентлагтай хэрэгжүүлж буй энэ ажлыг хүрээнд ирэх жил дахин хоёр аймагт байгуулах юм байна. Монголбанкны зүгээс улсын гадаад худалдааны бодлогын талаарх нөхцөл байдлыг хэлж, агентлагийн түвшинд ажиллах шаардлага байгааг тайлбарлалаа. Мөн хэрэглээний зээлийн хэт тэлэлтийг хязгаарлах ажлыг Төв банкны түвшинд анхаарч ажиллах нөхцөл бүрдсэн байгаа. Зарим банк иргэний орлогыг 100 хувь барьцаалан зээл олгож байгааг 70 хувь болгон бууруулах шаардлага тавьж байна. Мөн хэрэглээний зээлийг 8 жилийн хугацаатай олгож байгааг хумиж хамгийн ихдээ 30 сард багтаах зохицуулалт хийж байна. Төв банк макро зохистой бодлогын хүрээнд гаргасан энэ шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ, холбогдох талууд хатуу хяналт тавих болно. Иргэн, өрх бүр ийн өр зээлийн дарамтад орох нь ойрын ирээдүйд маш ноцтой асуудал болох эрсдэлтэй гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хэллээ. Асуулт, тодруулгын дараа гишүүд төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж санал хэллээ. Засгийн газар бүх түвшиндээ Монголбанктай нягт хамтран ажиллах, эдийн засгийн өсөлтийг бодит секторт буулгах чиглэлд анхаарч ажиллах, хэрэглээний зээлийн өсөлт нь өрхийн эдийн засагт дарамт болох эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авах зэрэг саналыг хэлсэн.

 Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.9 хувь нь төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн тул холбогдох санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээлэв.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page