Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд болон УИХ-ын даргад албан бичиг хүргүүлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга М.Энхболд нарт 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичиг илгээжээ. Тодруулбал, өчигдөр /2018.10.16/ Бельги улсын Брюссель хотноо болох Ази-Европын дээд түвшний 12 дугаар уулзалтыг зорихоосоо өмнө 2019 оны нэгдсэн төсвөөс 15 хувь хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаарх энэхүү албан бичгийг хүргүүлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн Монгол Улсын 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичигт:

“Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан, төсвийн орлогыг биелэхээргүй хийсвэрээр төлөвлөсөн, төсвийн байгууллагуудын урсгал зардлуудыг нарийн тооцоолоогүй, хэт үрэлгэн хандсан зэрэг хуульд нийцээгүй, хуулийг илт зөрчсөн, анхаарч засаж залруулахгүйгээр баталбал улс орны эдийн засгийг туйлд нь хүртэл доройтуулах олон асуудал багтсан байгаад санаа зовинож, хэдийгээр Улсын Их Хуралд өөрийн байр суурийг илэрхийлсэн боловч алдаа завхралыг арилган, төрийн бодлогыг зөв чиглүүлэх шаардлагын хүрээнд Танд хандаж байна.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг зөвхөн би ганцаараа шүүмжлээгүй, эрдэмтэн судлаачид, иргэд олон нийт болон Улсын Их Хурлын гишүүд нам харгалзахгүйгээр шүүмжлэн эсэргүүцэж, 2020 оны сонгуулийг угтсан өчүүхэн, явцуу эрх ашигт хүлэгдэн, улс орны эдийн засгаар ингэж тоглож болохгүй гэдгийг маш тодорхой анхааруулж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Та Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох үедээ шударга ёс тогтоох, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд хувьсгал хийж, улс орноо шинэ түвшинд гарган хөгжүүлэх амлалтыг ард түмэндээ өгсөн. Яг одоо таны амлалтаа хэрэгжүүлэх цаг үе тохиож байгааг төрийн түшээдээс гадна иргэд олон нийт сануулан харж, хүлээж байна.

Тиймээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн төслөө татан авч нягтлан, намын сонгууль, өөрийн албан тушаалын эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьсан салбарын сайдынхаа алдаатай бодлогыг Монгол Улсын Ерөнхий сайдын ёсоор засаж, залруулах арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байгааг анхаарах нь зүйтэй юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын Тамгын газрын орон тоо, зардлыг 10 хувиар бууруулж байгаагаа мэдэгдэж, энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо, зардлаа 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалсан.

Миний бие Улсын Их Хурлын даргын энэхүү уриалгыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд зураг төсөвгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн урсгал зардлуудыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй албан тушаалуудыг цомхотгох зэрэг арга хэмжээг цогцоор нь авч, төсвийн зардлыг 15 хувиар хэмнэх боломж байгаа гэж үзэж байна.

Төсвийн зардлыг 10 хувиар бууруулахад 1 их наяд төгрөг (ирэх онд нэмэхээр төлөвлөсөн цалин тэтгэврийн нэмэлтийг хэвээр үлдээсний дараа), зураг төсөвгүй барилга, байгууламжуудыг хассанаар 400 гаруй тэрбум төгрөг, нийт 1.4 их наяд орчим төгрөг буюу өнөөдрийн ханшаар 500 гаруй сая ам.доллар хэмнэгдэхээр байна.

Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан хөгжлийг бэхжүүлэхэд уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх асуудал зүй ёсны шаардлага болон нэн тэргүүнд тавигдаж байгаа. 1990 оноос өмнө манай улсын малын тоо 25 сая байхад нэг аж үйлдвэрийн комбинаттай байлаа. Өнөөдөр малын тоо 80 сая гарсан тул хамгийн багадаа гурван аж үйлдвэрийн комбинаттай болох шаардлагатай. 160 гаруй мянган ажилсаг малчин өрхийн жил бүр үйлдвэрлэдэг “ургадаг баялаг” болох мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэрийг аймаг бүрт барьж байгуулснаар эдийн засагтаа үсрэнгүй хөгжил авч ирж, ажлын байрны тоог огцом нэмж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх чиглэлээр тодорхой амжилтад хүрнэ. Хөдөө аж ахуйн экспорттой харьцуулахад уул уурхайн экспорт нь “ухдаг, шавхагддаг баялаг” учраас тогтвортой хөгжил, тогтвортой удаан хугацааны ажлын байр биш юм.

Тиймээс дээр дурдсаны дагуу энэ жилийн төсвөөс 500 сая ам.доллар, ирэх жилийн төсвөөс мөн адил хэмжээний хэмнэлтийг хийж, хэмнэсэн 1 тэрбум орчим ам.доллароор хөдөө аж ахуйд суурилсан уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах чиглэлээр төрийн тодорхой бодлогыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Танд танай намын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.4.5-д “… хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх-“21:100”.. “ гэснийг сануулъя. 21 аймагт 100 үйлдвэр байгуулах амлалтаа хэрэгжүүлээд, дээр нь олон жил үргэлжилж байгаа “гишүүний” гэгдэх муу нэртэй мөнгөнөөсөө салах алтан боломж Таны болон УИХ дахь танай намын 64 гишүүний гарт байна. Судлан үзэж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболд илгээсэн Монгол Улсын 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичигт:

“Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал үүсэж болзошгүй байгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд болон Олон улсын валютын сан удаа дараа анхааруулж байгаа нөхцөлд Монгол Улсын Их Хурал 2019 оны төсвийг хэлэлцэж байна.

Энэ удаагийн төсвийн төсөлд олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан, төсвийн орлогыг биелэхээргүй хийсвэрээр төлөвлөсөн, төсвийн байгууллагуудын урсгал зардлуудыг нарийн тооцоолоогүй, хэт үрэлгэн хандсан зэрэг хуульд нийцээгүй, хуулийг илт зөрчсөн, анхаарч засаж залруулахгүйгээр баталбал улс орны эдийн засгийг туйлд нь хүртэл доройтуулах олон асуудал багтсан байгаад санаа зовинож, хэдийгээр Улсын Их Хуралд өөрийн байр суурийг илэрхийлсэн боловч алдаа завхралыг арилган, төрийн бодлогыг зөв чиглүүлэх шаардлагын хүрээнд дахин хандахаас өөр аргагүйд хүрлээ.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг зөвхөн би ганцаараа шүүмжлээгүй, надаас гадна эрдэмтэн судлаачид, иргэд олон нийт болон Улсын Их Хурлын гишүүд нам харгалзахгүйгээр шүүмжлэн эсэргүүцэж, 2020 оны сонгуулийг угтсан өчүүхэн, явцуу эрх ашигт хүлэгдэн, улс орны эдийн засгаар ингэж тоглож болохгүй гэдгийг маш тодорхой анхааруулж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Мөн таны зүгээс Улсын Их Хурлын Тамгын газрын орон тоо, зардлыг 10 хувиар бууруулж байгаагаа мэдэгдэж, энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо, зардлаа 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалсан. Миний бие таны энэхүү уриалгыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд зураг төсөвгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн урсгал зардлуудыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй албан тушаалуудыг цомхотгох зэрэг арга хэмжээг цогцоор нь авч, төсвийн зардлыг 15 хувиар хэмнэх боломж байгаа гэж үзэж байна.

Таны уриалсны дагуу төсвийн зардлыг 10 хувиар бууруулахад 1 их наяд төгрөг (ирэх онд нэмэхээр төлөвлөсөн цалин тэтгэврийн нэмэлтийг хэвээр үлдээсний дараа), зураг төсөвгүй барилга, байгууламжуудыг хассанаар 400 гаруй тэрбум төгрөг, нийт 1.4 их наяд орчим төгрөг буюу өнөөдрийн ханшаар 500 гаруй сая ам.доллар хэмнэгдэхээр байна.

Иймд Улсын Их Хурлын дарга танаас өөрийн уриалгыг төрийн бодлогод тусгуулан, бодит шийдвэр болгохын төлөө тууштай ажиллаж, дээр дурдсан хэмжээний төсвийн хэмнэлтийг бий болгоход онцгой анхаарахыг хүсэж байна.

Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан хөгжлийг бэхжүүлэхэд уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх асуудал зүй ёсны шаардлага болон нэн тэргүүнд тавигдаж байгаа. 1990 оноос өмнө манай улсын малын тоо 25 сая байхад нэг аж үйлдвэрийн комбинаттай байлаа. Өнөөдөр малын тоо 80 сая гарсан тул хамгийн багадаа гурван аж үйлдвэрийн комбинаттай болох шаардлагатай. 160 гаруй мянган ажилсаг малчин өрхийн жил  бүр үйлдвэрлэдэг “ургадаг баялаг” болох мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэрийг аймаг бүрт барьж байгуулснаар эдийн засагтаа үсрэнгүй хөгжил авч ирж, ажлын байрны тоог огцом нэмж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх чиглэлээр тодорхой амжилтад хүрнэ. Хөдөө аж ахуйн экспорттой харьцуулахад уул уурхайн экспорт нь “ухдаг, шавхагддаг баялаг” учраас тогтвортой хөгжил, тогтвортой удаан хугацааны ажлын байр биш юм.

Тиймээс дээр дурдсаны дагуу энэ жилийн төсвөөс 500 сая ам.доллар, ирэх жилийн төсвөөс мөн адил хэмжээний хэмнэлтийг хийж, хэмнэсэн 1 тэрбум орчим ам.доллароор хөдөө аж ахуйд суурилсан уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах чиглэлээр төрийн тодорхой бодлогыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.4.5-д “…хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх-“21:100”.. “гэснийг бас сануулъя. Судлан үзэж, хамтран ажиллана уу” гэжээ.

Эх сурвалж: President.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ariutgan shuuh hereg(124.126.0.34) 2018 оны 10 сарын 17

Eronhiilogch 21 aimagt bolovsruulah uildver bari gej shaardah ni aguulgiin huv yum shigch nariivchaad uzvel setgeliin hoorloor shuumjilsen yum bishgui l baina yamar uildver haana helsengui ee, 3 say hun amiin tal ni hotod gadaad aljilaj amidardag humuus deer oyutan suragchid niileed lavtai 300 garui myangan boloh biz. Uldsen 1 saya 200 myanga orchim hunees hed ni hodolmoriin nasniih baiv. medeej tetgevriin,surguuli,tseterlegiin nas huuhed baigaag hasahaar hed ni malaa mallaj hed ni 21 bolovsruulah uilvert ajillah bolj baina.Hurelsuhiin zasgiin gazar Naad zahaas ni bodohod iim asuudal baina..

0  |  0
ariutgan shuuh hereg(124.126.0.34) 2018 оны 10 сарын 17

Eronhiilogch 21 aimagt bolovsruulah uildver bari gej shaardah ni aguulgiin huv yum shigch nariivchaad uzvel setgeliin hoorloor shuumjilsen yum bishgui l baina yamar uildver haana helsengui ee, 3 say hun amiin tal ni hotod gadaad aljilaj amidardag humuus deer oyutan suragchid niileed lavtai 300 garui myangan boloh biz. Uldsen 1 saya 200 myanga orchim hunees hed ni hodolmoriin nasniih baiv. medeej tetgevriin,surguuli,tseterlegiin nas huuhed baigaag hasahaar hed ni malaa mallaj hed ni 21 bolovsruulah uilvert ajillah bolj baina.Hurelsuhiin zasgiin gazar Naad zahaas ni bodohod iim asuudal baina..

0  |  0
Ард түмэн(78.245.100.57) 2018 оны 10 сарын 17

Ямар ч тайлбар хэрэггүй зүгээр л дэмж...! Хий бүтээ..! Ард түмэн яг үүнийг хүсч байна. Бидэнд ургадаг баялаг байна. Асар их баялаг. Ард түмэн үүнийг хийхийг бүтээрийг 25 жилээс аваад хүсэж шаардсаар ирсэн. Одоо л нэгдсэн санаагаар хүэ бүр дэмж..! Олон янзын яравгар тайлбар сонсохыг хэнч хүсэхгүй бна...!

0  |  0
Top