АЙЛЧЛАЛ: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгун айлчлал эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын  Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгун манай улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр (2018.10.18) эхэлж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу  өнөөдөр /2018.10.18/ өглөө 08.15 цагт тусгай үүргийн онгоцоор "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд  газардсан байна.  

Армийн генерал С.Шойгу болон төлөөлөгчдийг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал  Д.Даваа нар угтаж авлаа. 

Үүний дараа Батлан хамгаалах яамны өмнө Төрийн хүндэт харуул жагсан С.Шойгу болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүст хүндлэл үзүүлэв.  

Айлчлалын үеэр хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам хоорондын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах юм. Түүнчлэн манай улсын Батлан хамгаалах салбарт машин тоног төхөөрөмж хүлээлгэж өгөх ажээ.

Армийн генерал С.Шойгу айлчлалын үеэрээ Жуковын музейн өмнөх Оросын Үнэн алдартны сүмд зочлох бөгөөд нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн I, II хэлтсийн алба хаагчид хамгаалалтад ажиллах аж. ОХУ-ын Москва хотод Олон улсын аюулгүй байдлын VII Москвагийн бага хурал 2018 оны дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулагдсан. Энэ үеэр  ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хүлээн авч уулзахдаа Монгол Улсад ажлын айлчлал хийх сонирхолтой буйгаа илэрхийлж байсан юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзана.

С.Шойгун ажлын  айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй таван генерал, албаны 14 төлөөлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагын  12 төлөөлөгч багтсан гэх мэдээлэл байгаа юм.

Айлчлалтай холбогдуулан өнөөдөр замын хөдөлгөөнд дараах зохицуулалт хийх талаар Тээврийн цагдаагийн албанаас дараах мэдээллийг өглөө. 

Доорх замуудыг тухай бүрт түр хугацаагаар хэсэгчлэн хааж, зохицуулалт хийх аж.

  • Яармагийн зам
  • Наадамчдын гудамж
  • Чингисийн өргөн чөлөө
  • Энхтайвны өргөн чөлөө
  • Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын зам

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлал нэг өдрийн хугацаатай бөгөөд орой 17.00 цагт буцах юм.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.160.73) 2018 оны 10 сарын 18

ах нар нь дүү нараа яаж амьдарж бна гэдгииг харж үзэж яваа....цөөхөн хэдэн дарга бүдүүрсэн бна гэдгийг олж харах байх даа...

0  |  0
ЗОЧИН(122.201.25.46) 2018 оны 10 сарын 18

МОНГОЛ УЛСАД ТАВТАЙ МОРИЛ.

0  |  0
Top