Б.Хөгжилт: Эрчим хүчгүй үнэхээр зүдэрч байсан

2018 оны 10 сарын 18

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны 300 орчим айл өрх  гэрэл цахилгаантай болсон таатай байна. Тодруулбал, 3-61 дүгээр гарам, Аргүнт, Аршижир орчмын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхүүд найдвартай, тасралтгүй хангагдах эрчим хүчтэй болжээ. Уг ажлыг хоёр жилийн хугацаанд улсын хөрөнгө оруулалтаар “Да хот” компани хийж гүйцэтгэжээ. Гүйцэтгэсэн ажлын тухайд дээрх хоёр байршилд тус бүр 0.4 Кв-ын 1.73 км агаарын шугам, 10 кВ-ын 0.28 км агаарын шугам, 100.4 кВ-ын 400 кВА дэд станцыг 300 гаруй сая төгрөгийн зардлаар бүтээн байгуулсан байна.

Өмнө нь телевизор, хөргөгч, индүү, угаалгын машин гээд амьдралын наад захын хэрэглээгээ хангах эрчим хүчгүй байсан айл өрхүүд цахилгаантай болсондоо сэтгэл өндөр байгаагаа хэлцгээж байна.  

CХД-ийн 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Мягмарсүрэн хэлэхдээ “Бид эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдахын тулд олон жил хөөцөлдөж, олон ч УИХ-ын гишүүн, нийслэл болон дүүргийнхээ удирдлагуудад хандаж байлаа. Өнөөдөр энд надтай хамт олон жил цахилгаантай болохоор хөөцөлдөж байсан иргэд маань ирсэн байна. Үүгээрээ би юу хэлэх гэсэн бэ гэхээр үнэхээр сэтгэл байвал иргэдийнхээ ая тухтай амьдралын орчинг бүрдүүлэхэд маш чухал үүрэгтэй эрчим хүчний асуудлыг шийдэж болдгийг та бүхэн харж байна. Үүнд их үүрэг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, дүүргийн ЗДТГ-ын хамт олон болон сэтгэл зүтгэл гаргасан бүх хүмүүстээ талархал илэхийлье” гэсэн бол хорооны иргэн Б.Хөгжилт “Манайх энэ хороонд ирж амьдраад 5 жил болж байна. Энэ хугацаанд энд амьдарч байгаа бүх айлуудын нэгэн адил дунд сургуулиасаа салаалуулж тог татаж ашиглаж байлаа. Гэтэл энэ нь төдийлөн найдвартай биш болохоор түр зуурын бороо цасанд тасарчихдаг, үнэхээр зүдэрч байсан. Харин өнөөдөр тасралтгүй найдвартай эрчим хүчтэй болсондоо туйлын их баяртай байна. Энэ сайхан бүтээн байгуулалтыг хийж өгсөн бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна” гэлээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top