“Улаанбаатар кино форум”-д уригдсан олон улсын зочид

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл /Art Council of Mongolia/ хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадам /Ulaanbaatar International Film Festival/-ыг 2018 оны аравдугаар сарын 22-28-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус наадмын хөтөлбөр монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, онцлох орны кино хөтөлбөр, кино форум, кино салбарын сургалт гэсэн таван хэсгээс бүрдэнэ.

"Улаанбаатар" олон улсын кино наадмын "Улаанбаатар кино форум"-ыг энэ удаагийн кино наадмын уран сайхны удирдагч, шүүгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, олон улсын кино хөтөлбөрийн зөвлөх, шүүгч Тибу Брак нар удирдан явуулах юм.

"Улаанбаатар" олон улсын кино наадмын хүрээнд кино форум, мастер классын хичээлүүд болдог ба энэ жил ОХУ, АНУ, Швейцарь зэрэг улсын мэргэжлийн уран бүтээлчид Монголд ирж, "Олон улсын кино наадам ба боломжууд", "Олон улсын кино наадмын тэтгэлэгт хамрагдах боломж", "Кино түгээхтэй холбоотой зохиогчийн эрхийн асуудал" сэдвээр илтгэл тавьж, сургалт зохион байгуулах юм.

"Улаанбаатар кино форум"-ын онцлох зочид:

  • Юлия Брагин (Москвагийн олон улсын кино наадам, ОХУ) 
  • Ане Делсе (Каннын олон улсын кино наадмын “Найруулагчийн хоёр долоо хоног”-ийн зохион байгуулах хорооны гишүүн, Швейцарь улс) 
  • Софи Бурдон (Локарно кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн дарга) 
  • Кеннет Круз (Өмгөөлөгч, оюуны өмчийн хуульч, АНУ)

 


 

  • Хэзээ болох: 2018 оны аравдугаар сарын 24. 09:45 - 14:00 цагт
  • Хаана болох: "Анкоре" төв (Тэди төвийн урд талд)


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page