МСНЭ: Бүтээл нь шалгарсан сэтгүүлчдэд ШАГНАЛЫГ нь гардуулан өглөө

“Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээ Улаанбаатар хотноо өнгөрөгч есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус арга хэмжээг БСШУСЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдээлэл сурталчилгааны чиглэлээр дэмжин оролцсон юм.

“Хятад орныг танин мэдэх” уриатайгаар дөрвөн өдрийн турш үргэлжилсэн Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Монголын телевиз, сонин сэтгүүл, сайт, радиогийн нийт уран бүтээлчдийн дунд зохион байгуулагчдын зүгээс шилдэг, мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан билээ. Тэгвэл өнөөдөр /2018.10.22/ МСНЭ-ээс тус уралдаанд байр эзэлсэн шилдгүүдэд шагналыг нь гардуулан өглөө.



Уралдааны гол агуулга нь хоёр орны найрамдалт харилцаа, соёлын үнэт зүйлийг тод томруунаар товойлгон дүрсэлж, “Хятадын соёлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний ач холбогдол, онцлогийг олон нийтэд таниулан сурталчилж, сонирхолтой, хүртээмжтэйгээр мэдээлэн сурвалжлахад оршиж байсан юм.

Тодотгоход, “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээнд ӨМӨЗО-ы муж, хотуудын уран хатгамалчид, уран дархан нарын үзэсгэлэн, урлаг уран сайхны тоглолт, кино өдөрлөг, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношлогоо, тэмцээн уралдаан зэрэг өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэж, 11 цогц арга хэмжээ зохион байгуулагджээ.

Уралдааны шүүгчээр МУИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, профессор М.Зулкафиль, МСНЭ-ийн Сургалт, судалгаа хариуцсан Дэд eрөнхийлөгч сэтгүүлзүйн доктор, профессор Ж.Батбаатар, МУСГЗ, доктор Б.Галаарид нар ажиллажээ. БНХАУ, ӨМӨЗО-ы соёл, зан заншил, үнэт зүйлсийн талаар хөндөж 35 сэтгүүлч 240 бүтээлээ ирүүлсэн байна. Үүнээс телевизийн 55, сонины 14, сайтын 165, радиогийн 6 бүтээлийг 10 хүртэлх оноогоор үнэлж дүгнэн, 15 сэтгүүлчийг байр эзлүүлжээ. Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа уралдааны удирдамж, тавигдах шаардлагыг баримталж, телевиз, сонин, сайт, радиогийн жигд оролцоог эрхэмлэсэн гэдгээ  уралдааны шүүгчид онцолсон юм. Мөн эдгээр шалгарсан бүтээлүүд нь сэтгүүл зүйн бүтээлд хамгийн дөхөж очих, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл гаргасан бүтээлүүд гэж үзжээ. Уралдааны шилдгүүдийг танилцуулъя.

Нэгдүгээр байр (БНХАУ-д 14 хоногийн сургалтад хамрагдах эрх олгов)

  • Х.Жавзмаа- UBS телевиз
  • М.Ариунжаргал- TV5 телевиз
  • Б.Мөнхзул- “Үндэсний шуудан” сонин
  • Л.Сайнбаяр- 24tsag.mn
  • А.Акерке- Assa.mn

Хоёрдугаар байрт (Lenovo брэндийн нөүтбүүкээр шагнав)

  • Ш.Адъяамаа- News.mn
  • Б.Ганчимэг- VTV телевиз
  • Б.Бундхорол- “Монголын мэдээ” сонин
  • Д.Баяржаргал- МҮОНР-ийн “Хурд” агентлаг
  • О.Сайханцэцэг- Olloo.mn

Гуравдугаар байр (Huawei брэндийн сүүлийн үеийн загварын P20 гар утсаар шагнав)

  • Г.Цэнд-Аюуш- NTN телевиз
  • З.Энхбаяр- Star телевиз
  • М.Мөнхтунгалаг- “Үндэсний шуудан” сонин
  • Д.Атарцэцэг- Zindaa.mn
  • Х.Уянга- “Өнөөдөр” сонин



МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Э.Болортулга: Манай сэтгүүлчид өдөр тутмын үйл ажиллагаандаа
чамбай, нямбай хандаж байгаа нь хамгийн том давуу тал


-Өнгөрөгч есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээг сурталчилж, таниулж, түгээсэн сэтгүүлчдийн дунд шилдэг контент  шалгаруулах уралдаан зарлагдсан. Үүний дүн гарч, өнөөдөр шилдэг сэтгүүлчид маань шагналаа гардаж авч байна. М.Зулкафиль профессороор ахлуулсан шүүгчдийн баг дүнгээ гаргасан. Урд хөршийнхөн уралдааныг маш сайн болсон байна, Монголын сэтгүүлчид сэтгүүлзүйн бүтээлийг чанартай сайн бичдэг юм байна, өндөр түвшинд ажилладаг юм байна гэсэн ойлголтыг авсан. Гол үр дүн энэ юм болов уу гэж бодож байна. Монголын сэтгүүлчид шагналын төлөө биш өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаандаа ийм идэвхтэй, нямбай, чамбай хандаж чадаж байгаа нь хамгийн том давуу тал гэж харж байна.

Уралдааны хоёрдугаар байрын эзэн, МҮОНР-ийн “Хурд” агентлагийн сэтгүүлч Д.Баяржаргал:
Бүх зүйл дээр нь ач холбогдол өгч ажиллахыг зорьсон


-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдээр олон арга хэмжээ зохион байгуулагдсан. Тэр бүхнийг том, жижиг гэлтгүй бүгдийг нь мэдээлэхийг зорьсон. БНХАУ, тэр дундаа өвөрмонголчууд аялал жуулчлалыг маш ихээр дэмждэг орон. Тиймээс тухайн орны яг юунд нь болж жуулчид зорьж байна вэ, нөгөө талаас монголчууд суралцаасай гэдэг өнцгөөс сурвалжлага, мэдээллээ бэлтгэсэн. Мэдээ, сурвалжлагыг маань үнэлж, шагнаж байгаад баяртай байна. БНХАУ-ын хэвлэл мэдээллийн төв өндөр ач холбогдол өгч зохион байгуулсан. Энэ утгаараа өндөр хэмжээнд оролцож, бүх зүйл дээр нь ач холбогдол өгөхийг зорьж ажиллалаа. МСНЭ-ийг  шинэ баг удирдаж байгаа. Идэвхитэй, санаачлагатай, сэтгүүлч бидэнд өгөөжтэй олон арга хэмжээ зохион байгуулж байна. Гадаад хамтын ажиллагаагаа маш эрчимтэй сайжруулж байна. Сэтгүүлчдийн бүтээл, ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаад нь баяр хүргээд, амжилт хүсье.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page