(Уншигч миний бодол)
Би сэтгүүлч С.Зэвсэгийн олон номыг уншсан. С.Зэвсэг бол нийгмийн эрэлт хэрэгцээ, олны санаа бодлыг соргог хардаг, бичих сэдвийнхээ баримтыг оновчтой сонгож, баримтаа сайтар боловсруулж юмханаар юм хийдэг, аливаа асуудлын цагийг олж дэвшүүлдэг өөрийн өвөрмөц арга барилтайсэтгүүлч шиг санагддаг. Ялангуяа сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлээс ярилцлага, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, намтар зохиолоор нэлээд гаршсан, мэргэшсэн, олны танил болсон сэтгүүлч гэж мэргэжлийн хүмүүс, судлаачид дүгнэсэн байдаг. Би тэдний дүгнэлтийг ортой оносон юм болов уу гэж боддог. Тэгээд ч би Зэвсэгийн бүтээлийг тухай бүр нь уншдаг жирийн нэгэн уншигч юм. Түүний сүүлийн жилүүдэд төвийн сонин хэвлэлд бичсэн зарим нийтлэл, ярилцлагуудаа нэгтгэн гаргаж байгаа “Өнөөгийн өнгө төрх” номыг хэвлэлд шилжихийн өмнө уншлаа.
С.Зэвсэг шинэ номдоо улс орныхоо тулгамдсан олон асуудлыг сэтгүүлчийн нүдээр харж, өөрийнхөө үзэл бодол, байр суурьтайгаа уялдуулан бодол санаагаа илэн далангүй гаргаж тавьжээ. Түүний өнөөгийн нийгэм дэх эрээн бараан явдлыг тал талаас нь шударга ёс, үнэний төлөө өөрийн өвөрмөц арга, боломжоороо дүгнэж цэгнэдэг, хатуухан шүүмжилдэг төрөлхийн гэмээр чанар нь энэхүү номын гарчиг хуудас бүрээс анзаарагдаж тод харагдаж байх шиг санагдлаа. Тухайлбал, бүр 26 жилийн өмнө Монгол Улсынхаа үндэсний эрх ашгийн төлөө санаа зовниж дэвшүүлж байсан санаа нь өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүйгээр барахгүй харин ч нийгмийн амьдрал, эдийн засгийн нөхцөл байдлаас урган гарч байгаа цоо шинэ шаардлага, шинэ зорилт,монголчуудын амин чухал асуудал хэвээрээ байсаар байна. Энэ нь төр засаг эрх баригчдаас улс орныхоо өмнө тулгамдсан даамжирвал хор уршиг, муу үр дагавартай байж болох үзэгдэл үйл явдлыг анзаардаггүй, хэвлэл мэдээллийн нийтлэл, нэвтрүүлэг олон түмний санал бодлыг тоодоггүй, арга хэмжээ авдаггүй хойрго ханддагаас бүр архагшиж байгаагийн жишээ ч байж мэднэ.
С.Зэвсэг “Өнөөгийн өнгө төрх” номд орсон баримт, зарим санал дүгнэлтээ нэлээд хатуу хурц илэрхийлсэн мэт боловч Төр, засгийн үе үеийн удирдлага, төв орон нутгийн шийдвэр гаргагчдын түвшинд санаа авч, ажил хэрэг болгохуйц олон асуудлыг хөндөж тавьсан нь улс орны хөгжил дэвшил, ард түмний аж амьдрал, эрх ашигт нийцэж байна. Хамгийн гол нь энэ номд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, стандарт бус Засгийн газрын буруу бодлого үйл ажиллагаа, хор уршиг сөрөг үр дагавар, гадаад харилцаа түүнчлэн улс төр, нийгэм, эдийн засаг, хүн ам зүй, эрүүл мэнд, хүрээлэн буй байгаль орчин, эх орны түүх соёлын дурсгалт газрыг төрийн тусгай хамгаалалтад авах, кирилл монгол бичиг болон үндэсний сэтгүүл зүйн дархлааг сайжруулах, архидан согтуурах, хар тамхи мансууруулах бодисын гамшиг, замбараагүй үр хөндөлт, үй олон залуучуудыг гадаадад ажиллах хүчин гаргах нэрийдлээр харь оронд хөлсний ажилчнаарилгээж байгаа, хүн амын хэт төвлөрөл, замын хөдөлгөөний аюулгүй байдал түүний зохицуулалт, гудамж талбайн хаяг, реклам зар сурталчилгааг цэгцлэх, хот тохижилт гээд өнөөдөр бидэнд тулгараад байгаа өргөн хүрээтэй олон асуудлыг хөндөж тавьсан нь олзуурхууштай.Тухайлбал, Монгол Улсын томоохон рашаан сувиллын асуудлыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон нуурын рашаан сувиллын жишээнд тулгуурлан Эрүүл мэнд, Байгаль орчин ногоон хөгжил, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны ажил хариуцсан мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга нартай болон салбар хариуцсан Засгийн газрын гишүүдтэй ярилцаж асуудал дэвшүүлсэн өлгөц өгүүлэл, ярилцлага, эрэн сурвалжилсан тэмдэглэлүүд нь түүний хөндсөн сэдэв, дэвшүүлсэн асуудлынхаа хойноос цаг наргүй, уйгагүй хөөцөлдөж ажилладгийг харуулж байна. Энэ бол залуу сэтгүүлчид, эхлэн бичигчдэд үлгэр болох юм болов уу гэж жирийн уншигч надад бодогдлоо. Ямар боловч энэ цуврал сурвалжлага нь тухайн салбар хариуцсан хүмүүсийг нэг ч атугай тодорхой хугацаанд хөдөлгөөнд оруулсан бололтой. С.Зэвсэг 2006 оны тавдугаар сарын 26-нд “Үнэн” сонинд өгсөн ярилцлагадаа“Монгол ухаан гэдэг бол өвөг дээдсийн маань улс үндэстэнээ авч ирсэнөвөрмөц дархлаа. Зарим хүний “хоцрогдсон Монгол” гэж хочлоод байгаа, монголчуудын нүүдлийниргэншил, аж төрөх өвөрмөц арга ухаан нь хүн төрөлхтөнийг аврах ч юм билүү...” гэхчилэн маш сонин санаадэвшүүлсэн нь судлаачдын анхаарлыг татахуйц сонирхолтой сэдэв юм.
Түүнчлэн сэтгүүлч С.Зэвсэг өөрийн үзэл бодол, ажил амьдралдаа баримталдаг зарчмаа “Хүн гэдэг амьтан их цагийн урсгалд хөвж явахдаа, хүн байхын утга учрыг ухаарч, хүн шиг хүн явж хэр хэмжээндээ амьдарсан шиг амьдрахын төлөө шаргуу тэмцэгч, ялан дийлэгч байх ёстой. Хүн байхын учир, ажиллаж амьдрахын утга агуулга энэ. Хэн ч гэсэн ерөөл хараалын алх дөшин дунд балбуулж явдаг. Би хараалгах, ерөөлгөхийн аль алиныг тоодоггүй. Харин аливаад өөрийнхөөрөө бусадтай бус өөртэйгээ адилхан байхыг эрмэлздэг. Бас унаж ялагдсан бөх, ядарч зүдэрсэн хүний талд байхыг эрхэмлэдэг. Хүн өөрийн гэсэн бодол зорилготой байна гэдэг тэр хүний нэг том дархлаа. Тэгэхлээр хүн биеэ тоож болдоггүйтэй адил, бас өөрийгөө голж чамлан доош хийхгүй байх учиртай. “Өөрийн санаа өөртөө зөв гэдгийн учир энэ” гэж тодорхойлсон нь анхаарал татаж бас сонин санагдлаа. С.Зэвсэгийн энэ байр суурь бол жирийн нэг Монгол эр хүний ухаантай, жудагтай чанар бөгөөд хүн явахын учир утгыг тун онож хэлснээрээ өнөө үеийнхэн, эх орны ирээдүй болсон хүүхэд, залуучууд өөрийхөө чадвар, үнэ цэнийг мэдэрч том зорилго тавьж, өөдрөг хүсэл тэмүүүлэлтэй ажиллаж амьдрахын ухаарал хайрласан, сургамжтай чухал санаа гэж бодлоо. Энэ ташрамд суут үгийг дэлхийд танигдсан гайхамшигт хүмүүс төдийгүй жирийн нэг Монгол хүн ч сэтгэж хэлж болдог юм байна гэж бодоход хүрснээ нуугаад яахав. Бас С.Зэвсэгийн амьдралын философи, хүсэл мөрөөдөл нь өвөг дээдэс, уул усаа шүтэн биширчэнэ сайхан эх орондоо бид сайхан амьдрах ёстой гэсэн бодол, хүсэл зорилго, зүтгэл чармайлт байх. Тэр, энэ байр суурь, чиг шугам дээрээ хатуузогсож, түүнийхээ төлөө тууштай явдагнь бичсэн ном нийтлэлүүдээс нь тод харагддаг.Хэн ч гэлээ өөрт байгаа давуу талаа мэдэрч ухаарч амьдрахын учир энэ байх.
С.Зэвсэгийн олон жилийн өмнөөс улс орон, олон түмнийхээ төлөө сэтгэл бодлоо чилээж бичсэн нийтлэл, ярилцлага, асуудал дэвшүүлсэн өгүүллүүдээ эмхтгэж баринтагласан “Өнөөгийн өнгө төрх” номын талаар жирийн уншигчийн хувьд санал бодлоо товч илэрхийлэхэд ийм байна. Би сэтгүүлч, улс төрч биш учраас буруу ташаа ойлгосон дүгнэсэн байх аваас Эрхэм уншигч Та болгоон соёрхоно гэдэгт итгэнэм.
1-р хэсгийг ЭНД дарж уншина уу.
2-р хэсгийг ЭНД дарж уншина уу.
Дэлэгийн Жанцанхорол
2018.05.22
Сэтгэгдэл ( 0 )