ББСБ-уудын удирдлагуудыг сургалтад хамруулна

2018 оны 11 сарын 10

Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ 2016 онд баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д ББСБ-ууд тусгай зөвшөөрлөө авсанаас хойш зургаан сарын дотор удирдлагуудыг нь мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байхаар заасан. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо /МББСБХ/-ноос СЗХ-той байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-уудын удирдлагуудын сургалтыг улирал тутам зохион байгуулж байна. Мэргэжлийн чадавхи, ур чадварыг дээшлүүлэх, үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн агуулга бүхий уг сургалт ирэх долоо хоногт болох гэж байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэ улирлын сургалтаар харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг хэрхэн мэдээлэх тухай, ББСБ-ын эрсдэлийн төрлүүд түүний удирдлага, олон улсын бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаар хичээлийг Хороо болон Холбооны мэргэшсэн багш нар заах аж. Мөн “Ганабелл” институтээс ББСБ-ын үйлчилгээний стандарт, харилцагчийн үйлчилгээний талаар, Монголын дотоод аудиторуудын институтээс ББСБ-ын засаглал ба үр дүнтэй дотоод хяналтын механизмыг бий болгох талаар тус тус заах юм.

 Түүнчлэн сургалтын хүрээнд ББСБ-уудын удирдлагууд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, гүйцэтгэлтэй холбогдон гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга зам, арбитр гэж юу болох, арбитрыг үйл ажиллагаандаа ашиглах боломж, компанийн тухай хууль болон компанийн засаглалын кодекс, ТУЗ-ийн ажиллах дүрэм зэрэг өргөн сэдвийг хамруулан үзэх юм байна.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хорооноос 13 ББСБ шинээр тусгай зөвшөөрөл аваад байгаа бөгөөд сургалтад эдгээр байгууллагуудаас гадна шинээр ББСБ-уудын удирдлагад томилогдсон албан тушаалтнууд хамрагдана гэж СЗХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
l(203.91.115.44) 2018 оны 11 сарын 10

hechneen ch surgaltand hamruuldgiim be dee banknii zahirluudaa hamruulacheee

0  |  0
Top