Б.Баасандорж: Аюулгүй байдлын үүднээс улсын бүртгэгч нар тусгай сүлжээ ашигладаг

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

 Арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн Улсын бүртгэлийн багц хуулиар иргэд бүртгэл, лавлагааны үйлчилгээг интернет сүлжээ ашиглан гэрээсээ авах боломжтой талаар манай сайт өмнө нь мэдээллэж байсан. Мөн иргэд харьяалал харгалзахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагын 330 сум, 152 хорооноос өөрийнхөө хүссэн мэдээлэл, лавлагааг ямар нэгэн нэмэлт мэдээлэл өгөхгүйгээр авах боломж бүрдсэн талаар бид мэдээллэсэн билээ. Дээрх мэдээллийн дагуу иргэдийн сонирхдог нийтлэг асуултуудад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос хариулт авсан юм.


-Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр иргэдэд ямар шинэ боломжууд бий болж байгаа вэ?

-Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр төрийн үйлчилгээний 60-70 хувийг бүрдүүлдэг улсын бүртгэлийн үйлчилгээг иргэд цахимаар авах боломжтой болсон. Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчлэлт нь улсын бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгох, хуулийн хүрээнд улсын бүртгэлийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй хүртээмжтэй байлгах, олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чиглэсэн. Хууль хэрэгжсэнээр иргэний цахим үнэмлэхний хэрэглээ нэмэгдэнэ. Төрийн үйлчилгээний шат дамжлага багасна. Иргэн, хуулийн этгээдээс гарах зардал буурна. Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернет сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэнэ. Төрийн байгууллагын уялдаа холбоо сайжирч, харилцан мэдээлэл солилцох нөхцөл нэмэгдэнэ. Мэдээллийн аюулгүй байдал сайжирна. Иргэн, хуулийн этгээдээс төр өөрт байгаа мэдээллийг шаардахгүй гээд олон эерэг үр дүн бий болно. Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс шаардахгүй байх тухайд иргэн цахим үнэмлэхгүй тохиолдолд улсын бүртгэлийн 330 сум, 152 хороонд байрлах салбар нэгж дээр очиж, биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээ уншуулаад, хүссэн лавлагаа мэдээллээ харьяалал харгалзахгүй авах боломжтой болж байгаа. Цаашдаа төрийн бүх байгууллага улсын бүртгэлийн системд үндэслэн иргэнээсээ ямар ч нэмэлт мэдээлэл нэхдэггүй болох юм. Гааль, татвар, нийгмийн даатгал гээд төрийн аль ч байгууллагаар үйлчлүүлсэн төр өөрийн бүртгэлийн системд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэсэн үг.

-Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг нээлттэй болгосон. Тэгэхээр хүссэн хүн сонирхсон компанийнхаа мэдээллийг авах боломжтой гэсэн үг үү?

-Улсын бүртгэлийн хууль дээр хуулийн этгээдийн мэдээлэл нээлттэй байна гэж заасан байгаа. Ингэснээр тухайн хуулийн этгээдийн нэр, хаяг, регистерийн дугаар, улсын бүртгэлд бүртгэгдсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, хувьцаа эзэмшигчдийн нэр, үйл ажиллагааны чиглэл, өөрчлөн байгуулагдсан мэдээлэл, оноосон нэр өөрчлөгдсөн мэдээлэл, татан буугдсан мэдээлэл, итгэмжлэлтэйгээр төлөөлөх этгээдийн нэр зэрэг нь хэн бүхэнд нээлттэй болж байгаа. Энэ бол Монгол Улсын түүхэнд байгаагүй нийгэм, эдийн засагт гарч буй том дэвшил. Хүссэн иргэн бүр www.burtgel.mn сайтаар дамжуулан дурын компанийнхаа хувьцаа эзэмшигчдийг хянах боломжтой болсон.

Ер нь бизнес хөгжсөн улс орнуудад хуулийн этгээдийн мэдээллийг нээлттэйгээр өгдөг жишиг байдаг. Тайвань, Норвеги, Австрали, Их Британи, Индонез, Молдав зэрэг улсууд 100 хувь бүгдийг нь нээлттэй байлгадаг. Тайланд, Энэтхэг, Казахстан, Дани, Латви улсууд 70 хувьтай. Сингапур, Болгар, Швед, Португали улсууд 55-60 хувьтай мэдээллээ нээсэн байдаг. Монгол Улсын хувьд 85 орчим хувийн мэдээллийг нээлттэй болголоо. Энэ нь бизнесийн таатай орчинг бий болгох, олон нийтийн хяналтыг сайжруулах боломжийг олгох юм.

-Гадаад паспортыг сунгахгүй, 10 жилээр олгодог болж байгаа. Мөн гадаад паспортыг чиптэй болгох тухай яригдсан. Ийм нөхцөлд хураамжийн төлбөр нэмэгдэх үү?

-Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар гадаад паспортыг нэг болон таван жилээр олгож байсан. Харин шинэ хуулиар Монгол Улсын 16 нас хүрээгүй иргэнд таван жилээр, 16-аас дээш настай иргэдэд 10 жилээр олгоно. Энэ оныг дуустал энгийн буюу чипгүй гадаад паспорт олгоно. Хураамжийн төлбөр яг хэвэндээ байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр чиптэй гадаад паспортод шилжих бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоо бидний хэрэглэж байгаа гадаад паспорт 32 хуудастай. Шинэ чиптэй гадаад паспорт маань 48 болон 64 хуудастай байна. Хууль хэрэгжиж эхлэхийн өмнө буюу 2018 онд гадаад паспорт авсан хүмүүсийн хувьд тухайн паспортоо таван жилийн хугацаанд буюу 2023 он хүртэл ашиглаж болно. Харин чиптэй паспорт авмаар байвал өөрийн хүсэлтээр паспортоо сольж болно.

-Дөнгөж төрсөн нярайд төрөх эмнэлгээс регистерийн дугаар олгоно гэсэн. Энэ ажлын хүрээнд төрөх эмнэлгүүдэд бүртгэлийн мэргэжилтэн шинээр нэмэгдэх үү?

-Хүүхэд төрөхөд автоматаар регистерийн дугаар олгодог систем бүрдүүлсэн. Жишээлэхэд, Завхан аймгаас нийслэлд ирж төрсөн эхэд хаягаар нь тухайн хүүхдийн  төрсөн он, сар, өдөр, хүйсийг үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тухайн хүүхдэд оногдох Монгол Улсын регистерийн дугаарыг олгох юм.

Хүүхэд төрсөн даруйдаа Монгол Улсад бүртгүүлэх боломжтой болох уг ажлыг хийхэд хүний нөөц нэмэгдэхгүй. Бүртгэлийн байгууллага өөрт байгаа хүний нөөцөөрөө энэ ажлыг хэрэгжүүлнэ.

-Бүртгэл, лавлагааны шинэчлэл нь гадаад орны Элчин сайдын яамдуудад үйлчлэх үү?

-Улсын бүртгэлийн байгууллага суурь гурван бүртгэлээ төрийн байгууллагууд руу өгнө. Дата “хур” системээрээ дамжуулан төр дотроо мэдээллээ солилцоно гэсэн үг. Мөн иргэн, хуулийн этгээдийг бүртгэл, лавлагааны мэдээллээр хангана. Хуулийн этгээд гэдэгт банк, санхүүгийн байгууллага, Элчин сайдын яамд багтана. Тэгэхээр гадаадын Элчин сайдын яамд виз хүссэн иргэнийг лавлагаа аваад ир гэж явуулахгүй байх боломж бүрдэнэ. Тухайн элчин сайдын яам www.burtgel.mn сайт руу ороод иргэний гэрлэсэн эсэх лавлагааг авах боломж бүрдэж байгаа.

-Шинэ хуулиар наториат бүртгэлийн байгууллага, иргэдийн хооронд  зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Наториат бүртгэлийн үйлчилгээг үзүүлдэг болж байгаа хэрэг үү?

-Наториатчин бүртгэлийн байгууллагад мэдээлэл нийлүүлэгч болж байгаа. Тухайн иргэн бүртгэлийн байгууллагад очилгүйгээр худалдах, худалдан авах гэрээ хийвэл наториат дээрээс Эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэл рүү ном журмын дагуу мэдүүлээд өгөөч гэж хүсэлт гаргана гэсэн үг. Ирсэн мэдээллийг үндэслэн бүртгэлийн байгууллагаас буцаагаад иргэнд гэрчилгээгээ авах огноог илгээнэ. Тэгэхээр иргэн бүртгэлийн байгууллагад хоёр очихгүй болно. Нэг очихдоо л гэрчилгээгээ авчихна гэсэн үг.

-Тоон гарын үсгийг иргэн болгон авах шаардлагатай юу?

-2012 онд УИХ-аас Тоон гарын үсгийн тухай хууль баталсан. Иргэд тоон гарын үсгээ ашиглан улсын бүртгэлийн 148 төрлийн үйлчилгээг авах боломжтой.Өөрөөр хэлбэл, www.burtgel.mn сайтаар дамжуулан төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, иргэний байнга оршин суугаа газрын хаягийн, нас барсны, биеийн давхцахгүй өгөгдлийн, эцэг, эх тогтоосны, иргэний үнэмлэхийн, үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын зэрэг 10 лавлагаа үйлчилгээг тоон гарын үсэг ашиглан цахимаар авч болно.

Үндсэндээ тоон гарын үсгийг иргэн хэрэглэнэ. Мөн албан тушаалтан тоон гарын үсэг хэрэглэн цахимаар мэдээллээ баталгаажуулж харилцана гэж заасан. Гэхдээ иргэн заавал тоон гарын үсэгтэй байхыг шаардаагүй.

-Иргэн хүсвэл тоон гарын үсгийг хэрхэн авах вэ?

-Тоон гарын үсэг олгох тухай 2012 оноос эхлэн яригдсан. Эцсийн дүндээ УБЕГ-аас олгохоор болсон. Тоон гарын үсгийг зөөврийн флаш, иргэний үнэмлэх, гар утасны сим карт дээр хадгалах боломжтой. Гэвч хуулинд улсын бүртгэлийг давхардуулж хийж болохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр үүрэн телефоны оператор байгууллага сим карт дээрээ тоон гарын үсэг болох Монгол Улсын иргэний суурь мэдээллийн санг бүрдүүлж болохгүй байсан бол энэ асуудлыг шийдэж байгаа. Одоогоор тоон гарын үсэг олгогдох техникийн программ хангамжаа шийдчихсэн. Харин олгогдох процесс нь хөрөнгө мөнгөн дээр л гацаад байгаа байх. УБЕГ-аас бэлтгэл ажлаа бүрэн хангасан. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн агентлаг бодлогыг нь барьдаг. Нөгөө талаар тоон гарын үсэг олгодог хувийн компаниудтай холбоотойгоор энэ ажил одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа. Гэхдээ тун удахгүй олгоно гэдгийг би хэлж чадах байна. Учир нь шинэ хуулиараа хэрэглээнд нэвтрэх боломж бүрдлээ. Иргэдийн зүгээс тоон гарын үсгээ авъя гэдэг шахалтууд яваад эхэлнэ.

-Одоогоор хэчнээн иргэн тоон гарын үсэг авсан байдаг вэ?

-Иргэдэд тоон гарын үсэг олгож эхлээгүй байгаа. Харин тоон гарын үсэг нэвтэрсэн үү гэвэл нэвтэрсэн. Худалдан авах ажиллагааны газар, татвар дээр байгууллага хоорондоо хэрэглэж байгаа. Манай бүртгэлийн байгууллага тоон гарын үсгээрээ баталгаажуулаад бүртгэлийг явуулж байгаа. Цахимаар илгээж байгаа мэдээлэлд тоон гарын үсэг баталгаа болдог.

-Интернетэд холбогдоогүй алслагдсан сумдад байгаа иргэд яаж бүртгэл, лавлагааны мэдээллийг авах вэ?

-Аюулгүй байдлаа бодолцоод улсын бүртгэгч нар тусдаа сүлжээн дээр ажилладаг. Тэгэхээр хуулинд мэдээллийн технологи хариуцсан нэгж нь халдлагаас хамгаалагдсан нууцлалын сүлжээгээр ажилладаг юм. Харин тухайн сум интернетэд орсон бол иргэд бүртгэгчээс үл хамааран мэдээллээ авах боломжтой.

-Түр оршин суугчид тухайн оршин суугаа газраасаа бүртгэлийн үйлчилгээг авах боломжтой юу?

-Иргэний улсын бүртгэлийн тухай хуулинд 180 хоногоос доош хугацаагаар амьдрах шилжилт хөдөлгөөнийг түр оршин суух гэж заасан. Түр оршин суух шилжилт хөдөлгөөнийг баг, хорооны Засаг дарга хөтөлнө. Шинэ хуулиар баг, хорооны Засаг дарга улсын бүртгэлийн байгууллагатай өдөр тутамд мэдээлэл солилцоно гэж заасан. Ингэснээр улсын хэмжээнд түр оршин сууж байгаа иргэдийн тоог гаргах боломжтой. Ер нь шинэ хуулиар шилжилт хөдөлгөөний шат дамжлагыг багасгасан. Иргэд зөвхөн шилжин ирж байгаа хороондоо л бүртгүүлдэг болсон.

-Нийтийн орон сууцанд амьдардаг иргэдийн хувьд тухайн байр өөрийнх нь өмч боловч газар нь өөр хүний өмч байдаг маргаан их гардаг. Үүнийг хэрхэн шийддэг вэ?

-Эд хөрөнгийн бүртгэлийн хуулинд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхдээ тухайн газрынх нь нэгж талбарын дугаарт үндэслэж бүртгэдэг болж байгаа. Өмнө нь ийм бүртгэл байгаагүйн улмаас СӨХ-ууд дур зоргоороо нийтийн эзэмшлийг захиран зарцуулж байсан. Уг нь тухайн 50 айлын орон сууцны доор байгаа газар нь тэр 50 айлын өмч байх ёстой.

Газар, үйл хөдлөх хөрөнгө нь өөр хүмүүсийн нэр дээр байдаг асуудлын хувьд Газрын хууль, Иргэний хуулийн хооронд гарсан зөрчлийн асуудал. Үүнийг шийдэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Бүртгэлийн байгууллагын хувьд үл хөдлөхийн бүртгэлийг л хийх үүрэгтэй. Тэгэхээр иргэн өөрөө хүсвэл гэрчилгээгээ шинээр авч болно. Улсын бүртгэлийн байгууллагаас нэгж талбарын дугаарыг үндэслээд шинэ гэрчилгээ олгож болно.

-Төр ийнхүү нэгдсэн мэдээллийн сангийнхаа хэрэглээг өргөтгөж байгаа тохиолдолд мэдээллийн сангийн багтаамж, техник хангамжийн хүрэлцээ хэр байдаг бэ?

-Техник хангамжид мэдээллийн аюулгүй байдал чухлаар яригддаг. Үүнийг хангахын тулд томоохон системүүдийг шинэчлэх шаардлагатай болсон. Бүртгэлийн байгууллага яг өнөөдрийн хэмжээнд шаардлагатай байгаа үйлчилгээгээ үзүүлэх боломжоор хангагдаад байгаа. Мэдээж цаашид техник хангамжийг сайжруулах шаардлага гарна. Манай мэдээллийн сан маш том. Мэдээллийн сан цахимжих тусам багтаамж нь илүү томорно. Зурган мэдээлэл нь мэдээллийн санд маш их зай эзэлдэг.

-Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар нь хоёр хуваагдсан. Шинээр Улсын бүртгэлийн ерөнхий газар болсноос хойш бүтэц, орон тооны өөрчлөлт гарсан уу?

-Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар байхдаа 13 газар, зургаан хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоолоор шинээр Улсын бүртгэлийн ерөнхий газар болж байгуулагдахад есөн газартай, дөрвөн хэлтэстэй болсон. Бүтцийг данхайлгаагүй, бууруулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэг ч албан тушаалтан халагдаагүй, чөлөөлөгдөөгүй. Бүртгэлийн байгууллагын албан хаагчид үндсэн орон тоон дээрээ ажиллаж байгаа.

М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ss(66.181.169.114) 2018 оны 11 сарын 12

Egegdliin sangiin tuhay huuli ehleed garah estoy shyy

0  |  0
Top