Байнгын хороо Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2018.11.16/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны шийдвэрийг үндэслэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчийг танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод /2018.11.15/-нд өргөн мэдүүлсэн. Уг саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн. 

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга, 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд, 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүдтэй хэзээ хариуцлага тооцох тухай тодруулж байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар хийсэн тайлбартаа, ЖДҮ-ийн тухай асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа, энэ асуудлыг замхруулалгүй үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. УИХ-ын гишүүн А.Сүхбат нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлж, мал аж ахуйн салбарын талаар ямар ажил хийхээр төлөвлөж буйг тодруулав. УИХ-ын гишүүн Ч.Улаан, эрх зүйн зохицуулалт хийх чухал хуулиуд батлагдсан болохыг дурдаж, харин зохион байгуулалтын хувьд салбарын хүмүүстэй нягт ажиллахыг тэмдэглэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, малын үржил, селекцийн асуудал орхигдсон төдийгүй малын генетикт өөрчлөлт орж буйг цохон тэмдэглээд салбарын бодлогын асуудалд анхааран ажиллах тухай санал хэлэхийн сацуу нэр дэвшигчийг дэмжиж буйгаа хэлж байв. 

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.188) 2018 оны 11 сарын 16

Дахиад л нөгөөх нь болёо эд нар бүх салбарийг мэддэг тэ монгол оронд эд нараас өөр хүнгүй ичмээр ёмаа

0  |  0
Top