ЗАСГИЙН ГАЗАР: 15 Засгаас 2 нь л бүрэн эрхээ дуустал ажиллажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

  ЗАСГИЙН ГАЗРЫН АЖИЛЛАХ ДУНДАЖ ХУГАЦАА БАГАССААР БАЙХ УУ?!

Ардчилсан тогтолцоонд шилжиж, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш Монголын улс төрийг толгойлж буй хоёр нам /МАН, АН/ ээлжлэн төр барьсаар даруй 26 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэдний чадмаг сурсан зүйл нь Засгийн газраа унагаах болон төрийн мөнгөнөөс хумслах явдал байсан гэхэд хилсдэхгүй. Сүүлийн үед улс төрд өрнөөд байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах оролдлого хийгээд 2019 оны төсөвт “Гишүүний мөнгө” нэрийдлээр 5-8 тэрбум төгрөг суулгаад байгаа нь эдгээрийг гэрчилж байна. Төрийн хулгайн хувьд ЖДҮ-ийн 47 тэрбум төгрөгийн хэрэг. АСЕМ-ийн 400 тэрбум төгрөгийн хэрэг. Утааны 800 тэрбум төгрөг, Шинэ нисэх буудалтай холбоотой 750 тэрбум төгрөгийн хэрэг, Дубайн гэрээний хохирол 4 их наяд төгрөг гээд Монголын төрөөс хулгайлсан мөнгөний хэргүүд цуварна.  

Харин Засгийн газрыг унагах ажиллагааны тухайд ардчилсан нийгэм тогтсоноос хойш бүрдсэн Засгийн газруудыг тэргүүлж байсан Ерөнхий сайдууд хэрхэн бууж байснаас харж болно. Энд ардчилсан аргаар сонгогдсон анхны Ерөнхий сайдаас эхлэн жагсаав.

Д.Бямбасүрэн – Хугацаа дууссан /1 жил 10 сар/

П.Жасрай – Хугацаа дууссан /3 жил 11 сар/

М.Энхсайхан – Огцорсон /1 жил 9 сар/

Ц.Элбэгдорж – Огцорсон /7 сар/

Ж.Наранцацралт – Огцорсон /7 сар/

Р.Амаржаргал – Хугацаа дууссан /1 сар/

Н.Энхбаяр – Хугацаа дууссан /4 жил/

Ц.Элбэгдорж – Огцорсон /1 жил 4 сар/

М.Энхболд – Огцорсон /1 жил 9 сар/

С.Баяр – Өвдсөн /1 жил 11 сар/

С.Батболд – Хугацаа дууссан /2 жил 9 сар/

Н.Алтанхуяг – Огцорсон /2 жил 2 сар/

Ч.Сайханбилэг – Хугацаа дууссан /1 жил 7 сар/

Ж.Эрдэнэбат – Огцорсон /1 жил 1 сар/.

Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлснээс хойшхи 26 жилд өдгөө 15 дахь Засгийн газар ажиллаж байна. Эдгээрээс ердөө хоёр Засгийн газар нь Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн дөрвөн жилээ дуусгажээ. Харин 12 нь огцрох буюу 1-2 жилийн хугацаанд ажиллажээ. Ардчилсан намын засаглалын үед 1-7 сараар ээлжилж байсан үе ч бий. Эндээс Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.6 жил гэсэн тоо гарч байна. Өнгөрсөн онд бид 14 дэх Засгийн газраа унагаж байхад энэ тоо 1.7 жил байсан юм. Харин одоо багассаар л байна.

Ийнхүү Засгийн газрыг богино хугацаанд огцруулж байгаа нь нэг талаар хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж байгаа мэт боловч нөгөө талаар улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болж ирлээ. Тиймээс гүйцэтгэх засаглалын тогтвортой ажиллах боломжийг хангаж, хүнд байдалд байгаа эдийн засгаа өөд  нь татах шаардлага манай улсад юу юунаас илүү тулгарлаа.

Өнөөдөр УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах тухай бичигт гарын үсэг зурсан тул У.Хүрэлсүхийн танхим хүнд байдалд ороод буй. Уг асуудлыг УИХ-ын гишүүд олонхиороо шийдэх учиртай. Дээрх 27 гишүүн дээр нэмэгдээд АН-ын гишүүд болон МАХН-ын О.Баасанхүү нар нэгдэхээ илэрхийлээд байгаа. Тэгэхээр 37 гишүүн төрийн тогтворгүй байдлын төлөө кноп дарах байдал үүсчихлээ.

Монгол Улсын одоогийн парламент 75 гишүүнтэй байгаа гэж үзвэл цаана нь 38 гишүүн үлдэж байна. Энэ 38 гишүүний 37 нь эрх баригч МАН-ын гишүүд бол нэг нь бие даагч С.Жавхлан. Тэгэхээр С.Жавхлангаас бүх зүйл хамаарч магадгүй байдалтай болчихлоо гэж нийгэм дүгнэж байна.

Гэхдээ зарим гишүүд Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэж үзэн асуудалд илүү нухацтай хандах ёстойг ч хэлж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан Засгийн газрыг унагах асуудалд сэтгэл хөөрлөөр хандаж болохгүйг сануулан дугарчээ.

Тэгэхээр УИХ-ын гишүүд Засгийн газраа огцруулж “тоглох”-доо улс орны нийтлэг эрх ашгийг харж асуудалд хандаасай гэж хичээнгүйлэн хүсэх байна. Монгол Улсын Засгийн газар заавал жил гаруйхан хугацаанд ажиллах ёстой биш биз дээ. Богино хугацаанд ажиллахын хор уршгийн талаар хамгийн сүүлийн Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат огцрохдоо хэлсэн байдаг. Тэрбээр “Бид заримдаа “Гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ..." гэж яг л онож хэлж байлаа.

“Дотоодын алуурчин” гэж хэлсэн байгаа биз? Иймд төрийн түшээ эрхэм гишүүд маань ухаалаг шийдвэр гаргахыг хүлээх үлдээд байна. Засгийн газрын ажиллах хугацаа багассаар Ерөнхий сайдын алба гэдэг жил жилээр ээлжилж суудаг сэлгээний сэнтий болох вий дээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.162) 2018 оны 11 сарын 26

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
Зочин(64.119.25.3) 2018 оны 11 сарын 25

Хүрэлсүхийг огцруулах цаг нь болсон. Ямар ч мэдлэггүй, ажил хийдэггүй, ярьдаг л новш

0  |  0
зочин(43.228.129.161) 2018 оны 11 сарын 23

Энхболдыг огцруулаач ээ 60 тэрбумаар УИХ дарга болсон юм биш үү,,,

0  |  0
иргэн(103.212.117.28) 2018 оны 11 сарын 22

Ерөнхий сайд аа, Та Үндсэн хуулиа мөрдөөч. Сангийн сайд Ерөнхий сайд 2 төсөв хэлэлцэж байхад хуралд суугаач

0  |  0
Ах(202.21.105.12) 2018 оны 11 сарын 22

Хүүк баттулга нар адилхан бүлэглэлийн гишүүн нь мэдээж. Гагцхүү 2 хуваагдсан намсаг иргэдээ хооронд нь алалцуулах ямар хэрэг бнаа. Үүнээс үүдээд эдийн засгийн гацаааг хэн хариуцлага хүлээхийн бид баячуулийн бамбай болохоо болимоор бна

0  |  0
Эгэл нэг иргэн(103.9.89.18) 2018 оны 11 сарын 22

Хүрэлсүхийг огцруулахгүй бол сүйрэл болохнээ. Наад болчимгүй нөхөр чинь ард түмнийсонголтыг уландаа гишгэлээ. Их хурлыг ард түмэн сонгодог болохоос Хүрэлсүх сонгодог юм биш. Хүрэлсүх өөрөө сайд байхын тулд Хятадаас туслалцаа хүссэн гэж үнэн үү

0  |  0
zzz(66.181.160.10) 2018 оны 11 сарын 22

Saihanbilgiin zasgiin gazriig AN haitsaalsanaas bolj Mongold yamar ih hor urshig tariv! Tegeheer aldaa gargasan, er ni bol aldaa gargaj boljoshgui bgaa ter ued ni shuud ogtsruulah heregtei.

0  |  0
zzz(66.181.160.10) 2018 оны 11 сарын 22

Hariutslagaa tootsood yavsan deer daraa daraagiinhdaa surgamj bolgoh uudnees.

0  |  0
Top