Хятадын дэлгүүрүүд Dolce & Gabbana брэндийн барааг худалдаанаас эргүүлэн татжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

Хятадын томоохон цахим худалдаа эрхлэгчид Италийн Dolce&Gabbana брэндийн барааг худалдаанаас эргүүлэн татжээ.

Dolce&Gabbana компанийн Шанхайн загварын шоунд зориулсан сурталчилгааны дүрс бичлэгээс болж шуугиан дэгдсэн юм. Зар сурталчилгааны дүрс бичлэгт нэгэн хятад эмэгтэй пицца, шпагетти, канноли зэрэг Итали хоолыг савхаар идэж байхад нь закадр эрэгтэй хоолой түүнд хүндхэн даалгаврыг хэрхэн сайн биелүүлэх тухай хоёрдмол утгаар тайлбарлаж буйгаар гарчээ. Сурталчилгааны дүрс бичлэг олны дургүйцлийг хүргэсэн бөгөөд загварын шоуг хүртэл цуцлахад хүргэсэн байна.

Үүнээс гадна Хятадын хэд хэдэн томоохон бизнес эрхлэгчид тус брэндтэй харилцаагаа тасалсан бол Хятадын алдартнууд, загварын агентлагууд тус шоунд оролцохоос татгалзжээ.

Интернетэд тавигдсан дүрс бичлэгийн дор компанийг үүсгэн байгуулагч Стефано Габбанагийн нэрийн өмнөөс бичсэн гэх Хятад болон хятадуудыг доромжилсон утга агуулгатай сэтгэгдлүүд нөхцөл байдлыг улам хурцатгасан байна. Энэ явдлын дараа тус брэнд компанийн инстаграм дахь эккаунтыг нь хакердсан хэмээн мэдэгдэж, уучлал хүссэн бөгөөд дотооддоо шалгалт явуулахаа мэдэгдсэн байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top