Хөгжим урладаг Болдоо, спортод хайртай Соронзон...

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 01
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ч.Болд өөрийн сонирхлоор төгөлдөр хуур хөгжим урладаг. Энгийн хүмүүс ч хийхэд хэцүү энэ урлалыг эзэмшсэн түүнтэй өчигдөр /2018.11.30/ болсон хөгжлийн бэрхшээлтэй 150 иргэний "Зангиагүй уулзалт"-д оролцох үеэр танилцаж, ярилцах боломж олдлоо.  Уулзалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөд тулгамдаж буй бодит асуудлаа хуваалцаж, төрөөс үзүүлдэг хөнгөлөлт, тусламж, халамжийн үйлчилгээний талаар мэдээлэл солилцсон юм


Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны иргэн Ч.Болд:

-2011 оноос хойш ходоодны хорт хавдрын улмаас группт орсон. Ходоодны хорт хавдартаа гэдгээ мэдсэнээсээ хойш өөрийн гараар хөгжим урладаг болсон. Өмнө нь би гурилын үйлдвэрт цахилгаанчин хийдэг байсан юм. Өвдсөнөөс хойш яагаад ч юм хүн чадаж л байвал заавал сайн сайхан бүтээл туурвих ёстой юм байна гэж бодоод, их хичээсэн. Мөн сийлбэртэй морин хуур хийдэг. Морин хуур маань л намайг хоолтой хонуулж байна шүү дээ.

-Энэ төгөлдөр хуурыг мөн адил та бүгдийг нь өөрөө дагнаж хийсэн үү?

-Би өөрөө хийсэн. Гэхдээ янзлах завдал болохгүй байгаа юм аа. Морин хууртайгаа ноцолдсоор байгаад л өдөр өнгөрчих юм. Анх би ходоодны хорт хавдартай болсноо мэдээд өөрийгөө удахгүй л энэ хорвоогоос буцах юм байна даа гэж бодох болсон. Тэгээд ч тэр юм уу, энэ хорвоод нэг сайхан зүйл бүтээж үлдээе гэж зорьсон. Тиймээс л энэ хөгжмийг хийж эхэлсэн.



Мөн дээрх "Зангиагүй уулзалт"-д ирсэн, үлгэр жишээ оюутан н.Соронзонболдтой ярилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Соронзонболд

-Би 1995 онд төрсөн. Одоо сэргээн засах сургалт буюу коллежийн 2,5 жилийн хугацаатай ангид суралцаж байгаа. Энэ сургуульд сурснаар маш их мэдлэг, мэдээлэл авч байна. Би хэвлэлийн график, дизайны мэргэжлээр сурдаг. Мөрөөдөл гэхээсээ илүүтэйгээр өөртөө зорилт тавьж ажиллахыг чухал гэж боддог. Жишээлбэл, би паралимпод оролцох зорилготойгоор бэлтгэл хийж байгаа. Бадминтоны спортоор хичээллэдэг. Энэ нь агаарын теннистэй төстэй төрөл. Япон руу нэгдүгээр сард тэмцээнд явахаар төлөвлөсөн. Төрөлхийн харвалт гэсэн оноштойгоор өнөөдрийг хүрсэн. Хүн харахад зүгээр юм шиг боловч ярихаараа гацаж, саатдаг. Бас юмыг хурдан ойлгодог ч түргэн мартдаг. Би ном унших дуртай. Шашин болон хувь хүний хөгжлийн талаар түлхүү уншихыг эрмэлздэг. 


Зургаахан сартай байхдаа харвалт болсон П.Амгалан хүү энэ өдөр тэргэнцэр бэлгэнд авсан юм. Түүний ээж, 14 жилийн турш зөвхөн хүүгээ хажуунаас нь алхам ч холдолгүй асарсан Д.Пүрэвсүрэнтэй товч ярилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Пүрэвсүрэн:

-Манай хүүхэд зургаан сартай байхдаа толгойгоо даахаа больсон.  Эмнэлэгт үзүүлтэл харвалт гэсэн онош тавьсан юм. Энэ өдрөөс хойш миний хүүхдэд саажилт гэсэн өвчин үүсч эхэлсэн. Арав гаруй жил би хүүхдээ асарч байна. Төрөөс иймэрхүү саажилттай хүүхдүүдийг харж үзэх асуудал дутмаг байгаа санагддаг. Үүнийг би биеэрээ мэдэрсэн. Манай гэр бүлийн хүн ар гэрийнхээ амьдралыг авч явдаг. Харин би огт гэрээсээ гарч чаддаггүй, ажил хийх ч боломж хомс. Яагаад гэвэл миний хүү тогтмол асаргаанд байдаг. Одоо 14 нас хүрч байгаа хүүгээ бие засуулна, эм тариаг нь өгнө, хооллоно гээд байнгын асаргаа чухал байдаг. Би өмнө нь том үйлдвэрүүдэд оёдолчин хийдэг байсан. Хүүгээ гаргаснаас хойш 14 жил гэртээ сууж байна.


Б.АМИРДАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top