Өнөөдөр: Зулын 25-нд айл бүр ЗУЛ өргөж, буян үйлддэг

2018 оны 12 сарын 02

 

Өнөөдөр  “Зулын 25-ны их дүйчэн өдөр” тохиож байна. Буддын шашинт Монгол түмэн өвлийн тэргүүн сарын билгийн 25-ныг "Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж ирсэн түүхтэй. Шарын шашныг үндэслэгч хийгээд эрдэм номын туйлд хүртлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн   алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж, мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь билгийн тооллын өвлийн тэргүүн сарын 25 юм.

Богд Зонхова 1357 он буюу "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жил мэндэлж, "Хөврөгч" хэмээх шороон гахай жилд буюу 1419 онд жанч халжээ. Богд лам 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 25-нд "Сундуйн жүд" айлдаж байгаад есдүгээр бүлгийн доторхи "Жалбийн сарайсү живар жүр’" зарлигийг уншаад таалал төгссөн гэдэг.

Энэ нь "Би ялгуусад (Бурханы хүү) болж төрлөө" гэсэн зарлиг юм. Тэр  цагаас хойш  жил бүр энэ өдрийг зулын 25-н хэмээн Гэлэгвангийн данбатай улс гүрэн бүхэн тэмдэглэж "Дончод" буюу мянган тахилын зул  хүж өргөж их хурал ерөөл хурах болсон төдийгүй айл бүхэн зул асаан их  буян үйлдэх болжээ. Энэ өдрийн бас нэгэн үйл явдал нь монголчууд  өвөл идэх идшээ энэ дүйчэн өдрийн өмнө төхөөрч дуусгаад, олон  амьтны амь тасласан нүглээ наманчилж, амь хороогдсон малынхаа төрлийг дээшлүүлэх буянд шамдан, зул өргөж, зулын 25-ны  хурлыг даган баясдаг. Энэ өдөр сүсэгтэн олон мигзэм олон уншвал түм бум болон үржих учиртай юм байна. Зул өргөхдөө идшинд төхөөрсөн  малынхаа баруун бөөрний өөхийг хайлан зул өргөдөг заншил ч байдаг.

Төгс гайхамшигт номын их хүн Богд Зонхова нь дэргэдийн хоёр шавьтай байсан бөгөөд шарын шашныг дэлгэрүүлэхэд үлэмж ихийг хийсэн хүмүүс аж. Энэ нь Жалцав-дарма, Хайдүв-гэлэгбалсан хоёр юм. Жанцан дарма нь чойрын арван боть номыг тайлбар сэлттэй нь бүрэн гүйцэд судалж, төвд оронд Чойрын арван бэрх номын дамжаа барьсан анхны гавж суу эрдэмт нэгэн билээ. Тиймээс Богд Зонхаваг хоёр шавьтай нь Гэлэг вангийн хан, Данбынхан "Ясрайсүм" буюу эцэг хүү гурав хэмээн шүтэн, богд ламыг мэгзэмдээ, яюсрай сүмийг "Ганжаншинда" номоор залбиран магтдаг ажээ.

Зулын 25-ны талаар Гандантэгчэнлин хийдийн Их хамба Д.Чойжамц "Богд лам бээр маш их эрдэмтэй хүн байсан учраас Бурхан багшийн сургаалийг тайлбарлаж, айлджээ. Тийм учраас бид өнөөдөр бурхны номуудыг толийтол ил болгож, Бурхан багшийн сургаалийг бидэнд залгуулж өгсөн Богд лам багшдаа дөрвөн шүтээнээ бодож мөргөдөг. Энэ гайхамшгийг бодож бид дүйчэн өдөрт Мэгзэмээ сайхан уншиж, Богд ламын айлдсан магтаалуудыг даган баясаж, бие биедээ тусалж, эвсэн найрсаж, эрдэм мэдлэг, нигүүлсэл энэрэлийг нь бодож гэр орондоо нэг ч хэрүүл уруул, хараал хэлэхгүй байх хэрэгтэй. Нэг өдрийн явдлаас л цаашаа бүх л амьдралын юм үүсч байдаг. Тийм учраас энэ өдөр бие, хэл, сэтгэл гурваараа буян хийж, өөрийхөө сэтгэлийн дээр авьяас тогтолтуудыг гүн гүнзгий тусгаж авахад энэ дүйчэн өдрүүдийн ач тус их байгаа юм. Мэгзэм бол Богд ламын зүрхэн тарни бөгөөд монголчууд бидний үеийн үед уншиж ирсэн амны уншлага юм. Энэ өдөр мэгзэмийг аль чадахаар олон уншиж чадвал буян их хурж, Богд ламынхаа авралд багтах юм" хэмээн тайлжээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top