Хэлэлцүүлэг: ЖДҮ тойрсон ”ЖИНХЭНЭ ҮНЭН”-ий эрэлд

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

 

  ЖДҮХС: 86 ЗЭЭЛДЭГЧИД 4.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ИЛҮҮ ОЛГОСОН БАЙЖЭЭ

"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба Шийдэл" сэдэв хэлэлцүүлэг өчигдөр (2018.12.06) боллоо. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үйл явдлыг улс төрийн нөхцөл байдлыг хурцатгасан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн талаар бодит мэдээлэл олгох чухал хэлэлцүүлэг байлаа гэж онцолж болохоор.

Энэ үеэр  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж, чиг хандлагын талаар Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албаны дарга, Тэргүүлэх аудитор Ц.Батбаяр танилцуулсан юм. Түүний танилцуулсан илтгэлээс чухал хэсгүүдийг сийрүүлэн хүргэж байна.


-Аудитын байгууллага  хэдэн төрлийн аудит хийдэг вэ. ЖДҮХС-д хэдэн удаа аудит хийсэн бэ?

-Аудитын байгууллагад Төсвийн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийнхан тухайн жилийнхээ гуравдугаар сарын 5-ны дотор санхүүгийн тайлангаа ирүүлэх ёстой байдаг. Ирүүлсэн санхүүгийн тайланд манайх аудит хийнэ. Гэхдээ Сангийн сайдын гаргасан дүрэм, журмын хүрээнд тухайн тайлан үнэн, зөв гаргасан эсэхийг шалгадаг.  ЖДҮХС-д 2010 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн саналын дагуу гүйцэтгэлийн аудит, 2011 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу гүйцэтгэлийн аудит,  2012 онд эрсдэлийн аудит хийж байсан. ЖДҮХС-д санхүүгийн тайлангийн аудитыг жил бүр, гүйцэтгэл, эрсдэлийн аудитыг УИХ-ын байнгын хороодоос ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн хийж ирсэн.

-Аудит ямар дүгнэлтүүд өгдөг юм бэ. ЖДҮХС ямархуу дүгнэлтүүд авч байв?

-Гурван төрлийн үнэлгээ өгдөг.  Хууль, эрх зүйн дагуу үйл ажиллагаагаа явуулж байвал “зөрчилгүй”,  төсвийн зардлыг хэтрүүлсэн, тодорхой хэмжээнд алдаа дутагдал гарвал  “хязгаарлалттай”, удаа дараалан баталгаа, нотолгоогүй  алдаа, зөрчил гаргасан болон залилангийн хэргийн зөрчил байх үндэслэлтэй тохиолдолд “сөрөг” санал, дүгнэлт өгдөг.  2010 онд хийсэн аудитаар ЖДҮХС-г нэгдсэн бодлогоор зохицуулах нь зүйтэй гэж үзэж, зөвлөсөн. 2011 онд хийсэн аудитаар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгосон зарим зээлийг зориулалтын бусаар ашиглаж байна гэдэг  дүгнэлт гаргаж, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн. 2012 онд ЖДҮХС-д эрсдэлийн аудит хийсэн. Эндээс энэ сангийн бодлого, үйл ажиллагааг шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг хүргүүлж байсан.  ЖДҮХС-гийн санхүүгийн тайланд 2016 онд хязгаарлалттай гэсэн үнэлгээ өгсөн бол 2017 онд “сөрөг” гэсэн санал, дүгнэлт өгсөн

-Аудитын дүгнэлтүүдийг нэгтгэж үзэхэд ямар дүр зураг харагдаж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд хийгдсэн аудитын дүгнэлтээс харахад ЖДҮХС-гийн системийн тогтолцоог өөрчлөхгүй бол болохоо байжээ гэсэн нийтлэг төлөв гарч байсан.  Ийм дүгнэлтүүдийг ч холбогдох байгууллагуудад хүргүүлж ирсэн.

-Аудитын байгууллагаас ЖДҮХС-тай холбоотой ямар зөвлөмжүүд хүргүүлэв. Ямар албан тушаалтнуудад. Тухайлбал, Ерөнхий сайдад хэрхэн зөвлөв?

-Гүйцэтгэлийн аудитаар Ерөнхий сайдад гурван зөвлөмж хүргүүлсэн. Сангийн сайдад 12, Хөдөлмөрийн сайдад дөрөв, ЖДҮХС-гийн захиралд гурав, ЖДҮХС-гийн газрын даргад нэг зөвлөмж хүргүүлсэн. Тухайлбал, Ерөнхий сайдад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа сангуудыг нэгдсэн бодлогоор хангаж, ажиллах асуудлыг судлахыг зөвлөсөн.

-ЖДҮХС-гийн захиралд ямар зөвлөмж өгсөн бэ?

-Арилжааны банкуудаар дамжин ирсэн зээлийн эргэн төлөлтийг ЖДҮХС-гийн дансанд бүрэн төвлөрүүлэхийг зөвлөсөн. Хөнгөлөлттэй зээл авсан зарим аж ахуйн нэгж авсан зээлээ гэрээ, дүрэм, журамд заасны дагуу зарцуулахгүй байгаад анхаарч, зээлийн гэрээний биелэлтийг нарийвчлан дүгнэж, хариуцлага тооцох, зээл авсан байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний хаяг, утасны жагсаалтыг тодорхой болгож, тэмдэглэхийг хүртэл зөвлөсөн. 2017 оны санхүүгийн тайланд аудит хийгээд, ЖДҮХС-гийн захиралд зөвлөмж хүргүүлсэн. Сангийн сайдын баталсан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөсөн.  

-ЖДҮХС-гаас аудитаар илэрсэн зөрчил, зөвлөмжөөс бодит тоон мэдээлэл өгнө үү?

-ЖДҮХС-гаас 2009-2016 оны хугацаанд 86 зээлдэгчид олгосон гэх 1.7 тэрбум төгрөгийн зээлийн авлагыг шүүхээр барагдуулахыг зөвлөсөн. Шүүхээс шийдвэр гарсан. Шүүхийн шатны явцад хураагдсан эд хөрөнгөнөөс 600 сая төгрөгийн эд зүйлсийн бүртгээгүй байсан. 2016 онд 35 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн газрын 148 дугаар тогтоолоор чиглэл өгсөн байдаг. Гэвч 86 зээлдэгчид 39.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байсан. 4.6 тэрбум төгрөгийг илүү зарцуулсан гэсэн үг.

-Зөвлөмж өгснийхөө дараа хэрэгжилтийг нь шалгадаг байх?

-Шалгадаг. Манай аудитын газрынхан ЖДҮХС-гийн  зээлтэй холбоотой өгсөн зөвлөмжийн хэрэгжилтүүдийг шалгаад явж байгаа.

*  *  *

  • “ЖДҮХС: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлгийн үеэр Сангийн яам, ХХААХҮЯ, МҮХАҮТ, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллага, төр ба хувийн хэвшлийн төлөөллүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг цаашид хэрхэн эрх зүйн хувьд чадамжтай, боловсронгуй болгож сайжруулах талаар санал солилцож, мэдээлэл хуваалцсан юм. Энэ үеэр дараах албаны хүмүүсээс олны анхаарал татаж буй асуултуудад хариулт авлаа.

Ж.ЭРХЭМБААТАР: 86 ХАРИУЦАГЧИЙН 70 ОРЧМЫНХ НЬ ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ

(Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч)


-Та хэзээнээс ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтийн баримт бичиг дээр ажиллаж эхлэв?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл иргэдийн амьдралд нөлөөлдөг, амьдралыг нь дээшлүүлэхэд тус нэмэртэй гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хуульч хүний хувьд ЖДҮХС-гийн зээлийн эрсдэл, түүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг дээр анхаарал хандуулж ирсэн. Манай хуульчид 1997, 1998 онд  олгосон зээлүүдийн эргэн төлөлт дээр ажиллаж байсан л даа.

-Ингэж ажиллах явцад засч залруулмаар ямар зүйл ажиглагдав?

-Зээл олголт удаашрах тусам эргэн төлөгдөх нөхцөл нь өндөр эрсдэлтэй болдог. Шалтгаан нь бүтцийн өөрчлөлтүүд хийгддэгтэй холбоотой. Олон удаа дарга, удирдлагууд нь солигдоно. Өөр байгууллагад шилжин ажиллана.  Дарга нар солигдохоор бичиг баримтууд дутдаг, устдаг. Ийм эрсдэл бодитой тохиолдож байсан. Эргэн төлөгдөх зээлийн хугацааны хөөн хэлэлцэх хугацаа дуусах жишээтэй.

-Та бүхэн хэдэн хэрэг дээр ажилласан бэ?  

-Тухайн үед 86 хариуцагчтай холбоотой авлага барагдуулах ажлыг хийх явцад 70 орчим хувийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан, эзэн холбогдогч нь нас барсан, байгууллага нь татан буугдсан, үл хөдлөх хөрөнгө нь алдагдсан гэх зэргээр хэргийг  хэрэгсэхгүй болгосон байсан. Авсан зээл эргэн төлөгдөөгүй гэсэн үг.

-Цаашид юун дээр анхаарах  ёстой вэ?

-ЖДҮХС 860 тэрбум төгрөгийн зээл олгосон. 56 тэрбум төгрөгийн найдваргүй зээлтэй гэж дурдагдаж байна. Энэ нөгөө шүүмжлээд байгаа өндөр албан тушаалтнуудын ЖДҮХС-гаас авсан зээлийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Ийм эрсдэл үүсчихжээ. Тиймээс одоо зээлийн удирдлага, эрсдэлийн удирдлага дээр анхаарах шаардлагатай.

-Зээлийн эргэн төлөгдөх хугацаа ямар байдаг вэ?

-1990, 1991 онд авсан зээлийг 2010, 2012 онд эргэн төлүүлэхээр хөөцөлдөж байсан түүхтэй. Одоо эрсдэл үүссэн эдгээр зээлийг бүтцийн өөрчлөлтөөр хугацаа алдаад дахиад 10 жил болгохыг үгүйсгэхгүй. Тэгвэл аюултай. Уг нь энэ санд зээл, хүүтэйгээ эргэн төлөгдөөд, дараагийн шинэ үйлдвэрлэгчид очиж, шинэ ажлын байр бий болгоод явах учиртай. Үүнд л анхаарлаа хандуулахыг хүсч байгаа юм.

*  *  *

 М.ЭНХ-АМАР: “КАПИТАЛ” банкны ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛ өндөр байна

(ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон  гүйцэтгэгч)


-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг  шууд салбарын сайдын мэдэлд нь шилжүүлсэн байгааг тайлбарлана уу?

-Сайдад  журам батлах эрх өгсөн тушаал гарсан байдаг. Журамд арилжааны банк болон ЖДҮХС-гаас зээл олгоно гэж заасан байдаг.

-Одоогоор сангийн зээлийн эргэн төлөлт ямар хэмжээнд байгаа вэ?

-Миний авсан мэдээллээр эргэн төлөлтийн 50 тэрбум гаруй төгрөг хийгдээгүй. Эрсдэлтэй гэсэн үнэлгээтэй байгаа.    

-ЖДҮХС-гийн чанаргүй зээлд ямар байгууллагын зээл голчлон нөлөөлж байгаа юм бол?

-“Капитал” банкны авсан зээлийн хугацаа хэтэрсэн байдал нь эрсдлийн өндөр үзүүлэлт болж байгаа. Хувь хүмүүсийн авсан зээлийн эргэн төлөлт 95 хувьтай гарсан гэсэн судалгаа бий.

-“Капитал” банк хэзээнээс эхэлж зээл авсан юм бэ?

-Тэр тухайд тодорхой мэдээлэл алга. Сүүлийн  хоёр сарын хугацаанд “Капитал” банк  хоёр тэрбум орчим төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэсэн.

-ЖДҮХС-гаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг сангаас хэдэн төгрөгийн зээл, тусламж  өгсөн байдаг вэ?

-Мал хамгаалах, Тариалан эрхлэлтийг дэмжих зэрэг сангаас иргэдэд дэмжлэг үзүүлдэг. Тариаланчид ургац хураалтын үеэр зээлээ эргэн төлдөг.  Авлага нэлээд бий.

*  *  *

Т.Баярхүү: Зээлд хамрагдаагүй 800 ТӨСӨЛД дүн шинжилгээ ХИЙЖ БАЙНА

(Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга)


 -ЖДҮХС-гийн зээлийн шалгалтын ажиллагаа ямар шатанд яваа вэ?

-Авлигатай тэмцэх газар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой шалгалтыг үргэлжлүүлж байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэл нээсэн хэргүүд тусдаа бий.

-Төсөлд шалгараагүй 800 аж ахуйн нэгжийг та бүхэн судалж байгаа юу?

-Шалгалтын нэг хэсэг нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч чадаагүй 800 аж ахуйн нэгж, байгууллагын  санал, хүсэлтэд дүн шинжилгээ хийж байна. Үнэхээр шаардлага хангаагүй юм уу, баримт бичиг нь дутуу байв уу, шаардлага хангаагүй гэсэн хариулт нь үнэн байсан уу гэх мэт зүйлсийг тодруулж байна. 2-3 төрлөөр харьцуулж, дүн шинжилгээ хийж байгаа.

-Шалгуурт тэнцээд зээл авчихсан 222 төслийн тухайд харьцуулалт хийх үү?

-Зээл авсан 222 төсөл, шалгуурт тэнцээгүй 800 төслийг хооронд нь харьцуулж байгаа. Төслийг ямар хүмүүс ирүүлдэг, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлээр хэдэн хүн төсөл ирүүлсэн зэргийг тодруулж байна. Ерөнхийдөө бүх талын судалгаа хийгдэж байгаа.

 


 Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(103.212.116.170) 2018 оны 12 сарын 08

Hen ch hariutslaga huleej, shiitgel avahgui bolohoor ahin dahin avch zuvchuuldag armi uussen bgaa bh daa.

0  |  0
Zochin(14.63.101.49) 2018 оны 12 сарын 07

Audit chin bas zahialgat bolson bdag shdee,heregtei uymaa il bolgodog,zarim uym deer nudee aniad ongordog,itgehed hetsuu bolson,Mongold buh uym zahialgat bolson uym shgee

0  |  0
Top