БАЯНХОНГОР: Улаан загалмайн хороо шилдгээр шалгарав

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

  Баянхонгор аймгийн Улаан загалмайн хороо 2018 онд сургалт мэдээлэл, тусламж дэмжлэг үзүүлэх  чиглэлээр   аймгийн бүх сумдад хүрч ажиллажээ. Нийт 265 сая төгрөгийн тусламж дэмжлэгийг зорилтот бүлэгт хүргэж ажилласан тус хамт олон одоогоор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр тус хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөл авч хэлэлцэв.

М.Мөнгөнцэцэг даргатай тус хамт олон 2017 онд Баянхонгор аймгийн Улаан загалмайн хороог  27 сая төгрөгийн өртэй хүлээж авч байжээ. Улмаар  аймаг орон нутгаас тус хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж сайжруулах үүднээс дээрх өрийг барагдуулж, 2018 онд хөдөө орон нутагт хүрч ажиллахад унаа тэрэггүйн хүндрэлтэй байдлыг нь  харгалзан үзэж УАЗ Фургон маркын авто машиныг шийдвэрлэн олгосон зэргээр төрийн зүгээс дэмжлэгийг нилээдгүй үзүүлээд байгаа юм. Энэ мэт төр засгийн дэмжлэг, өөрсдийн цар хүрээгээ сайжруулсан  бодит ажлынхаа үр дүнд Баянхонгор аймгийн Улаан загалмайн хороо улсын хэмжээнд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг дунд шатны байгууллагуудаасаа үйл ажиллагаагаараа  нэгдүгээрт шалгарсан амжилтыг үзүүлээд байна.

    Өнөөдрийн байдлаар аймгийн УЗХ-нд гишүүнчлэлтэй 45 байгууллага, онцгой гишүүн 81 бүртгэлтэй байдаг байна. Тус гишүүнчлэлтэй байгууллагын албан хаагчид хүмүүнлэгийн сайн үйлсэд зориулан цалингаасаа  жилдээ нэг удаа 6000 төг суутгуулах журамтай ч журмын хэрэгжилт маш хангалтгүй байгааг зөвлөлийн гишүүд шүүмжилж ирэх жил тус гишүүн байгууллагуудын удирдлагуудын үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлт болгон  Засаг даргатай байгуулах  гэрээн дээр нэмэлтээр оруулж өгөхөөр  санал нэгдэв. Ирэх онд тус байгууллагын 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээндээ Хүмүүнлэгийн ордонтой болох, эрхэлсэн тодорхой ажил орлогогүй 60 хүнийг ажлын байраар хангах зэрэг томоохон зорилтуудыг тавиад байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top