”Ан агнуур, загасчлалын үндэсний анхдугаар чуулган” боллоо

2018 оны 12 сарын 10

Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд  “Ан агнуур загасчлалын үндэсний анхдугаар чуулган” боллоо. Чуулганд Монголын ан агнуурын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Ан агнуурын бүс хариуцдаг компаниуд, аймгуудын Байгаль орчны газар, Агнуурын бүс нутаг бүхий аймаг сумдын ан амьтан хамгаалах нөхөрлөлийн гишүүд оролцов.

Чуулганаар БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын мэргэжилтэн Н.Жамъяанхүү “Монгол Улсын ан агнуур, загасчлалын эрх зүйн орчин уламжлал, өнөөгийн бодит байдал,бэрхшээл гарц” сэдвээр, МУИС-ийн профессор , Монголын ан агнуурын холбооны тэргүүн Р.Самъяа “Агнуурын нөөцийн менежментийг боловсронгуй болгох арга зам: Олон улсын туршлага , эрх зүйн орчин хэрэгжүүлэх боломж” сэдвээр, ХААИС-ийн багш, МААХ-ны Гүйцэтгэх захирал Э.Магсаржав “Агнуур зүйн салбарын мэргэжилтэн бэлтгэх болон болон боломж:  Түүхэн туршлаг, өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр,  МААХ-ны гишүүн доктор С.Ганзориг “Зэрлэг амьтны ашиглалт ба өвчин” сэдвээр илтгэл тавилаа.

Чуулганд оролцогчид “Зэрлэг ан амьтныг хамгаалах асуудлаар их ярьдаг боловч амьдрал дээр хэрэгжиж байгаа зүйл маш бага байдаг. Жишээ нь хуулиар тарвага агнахыг хориглосон гэдгйг мэддэг ч бодит амьдрал дээр агнадаг, борлуулдаг асуудал  байсаар л байна. Тиймээс ан амьтныг хамгаалах ажлыг илүү бодит болгох, нутгийн иргэдийг чадавхижуулах, мэдлэгтэй болгох замаар энэ бүхнийг шийдэх  зайлшгүй шаардлага бий болсон.

Хууль бусаар агнаж байгаа ан амьтны тухай судалгаа манай улсад байдаггүй, тэр ч бүү хэл хичнээн анчинтай вэ гэдгээ ч мэдэхгүй.  Тиймээс анчид болон сонирхогчдыг бүртгэлжүүлж, хариуцлагажуулах ажлыг ирээдүйдээ хийхгүй бол болохгүй байна. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд  бүртгэлжүүлж, ангийн сургалтанд хамрагддаг журманд шилжчихвэл бүх асуудал шийдэгдэнэ. Энэ бүхнийг зохион байгуулах зорилгоор энэ чуулганыг зохион байгууллаа.

Ан агнуур, засгачлал гэж ялгасан нь учиртай. Ан агнуур нь тусгай  зориулалтын ан агнуурын нөхөрлөл холбоодоор дамжин хийгддэг. Харин загасны спорт ан агнуурын төрөлд ордог. Тул загасыг гэхэд олзворын ан гэдэг асуудлаар хандаж болдоггүй. Үзмэр болгон өлгөх ёсгүй. Тухайн загасаа бариад буцаагаад тавьдаг. Тиймээс байгалын хишиг буян болсон эдгээр нөөц баялагаа зүй зохистойгоор ашиглаж, хамгаалах,салбарын хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах цаг нь болсон” гэдгийг онцолж байлаа.

Чуулган ан агнуур болон загас агнуур, загасчлалын асуудлуудаар салбар хуралдааныг зохион байгуулсан юм. Ан агнуурын салбар хуралдаанаар Монголын ан агнуурын холбооны УЗГ Т.Баттулга “Олзворын ангийн уламжлал олон улсын туршлага  анчны ёс зүй” сэдвээр, “Алтайн нүүдэлч” ТББ-ийн тэргүүн Ё.Онон “Агнуурын бүс нутгийн менежмент: бодит байдал, бэрхшээл шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавьсан. Харин Загас агнуур, загасчлалын салбар хуралдаанаар Геоэкологийнхүрээлэнгийн доктор Б.Мэндсайхан “Монгол орны агнуурын загасны нөөц ашиглалт хамгаалал” сэдвээр, “Монголын загасчлах спортын холбоодын нэгдэл” ТББ-ын  тэргүүн Д.Тэмүүжин “Монгол орны спорт загасчлалын өнөөгийн байдал, ололт амжилт цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьж оролцогчид харилцан санал солилцлоо. Мөн энэхүү чуулганы үеэр ан агнуур, загас агнууртай холбоотой үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн юм.

БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын мэргэжилтэн Н.Жамъяанхүү “Монгол Улсын ан агнуур, загасчлалын эрх зүйн орчин уламжлал, өнөөгийн бодит байдал,бэрхшээл гарц” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр хэлэхдээ “Ан агнуурын олон хууль дүрэм бий. Тухайлбал, “Амьтны тухай хууль” хориглох хугацаа, арга хэрэгсэл, нэн ховор амьтанд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүйгээр ялгасан байдаг.  Эдгээрийг зөрчих юм бол Эрүүгийн  хуулинд, Зөрчлийн хуулинд тодорхой заагаад өгчихсөн. Зөрчлийн хууль гарахаас өмнө хохирлын хэмжээг тооцдоггүй байсан. Нэн ховор ан амьтаныг агнасан бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тусгай хамгаалалттай газар ан агнасан бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Нэн ховор амьтнаас бусад амьтныг агнасан бол Зөрчлийн хуулиар шийтгэнэ. Маш олон тоогоор агнасан бол экологид хор нөлөө үзүүлсэн гэж үздэг.

БОАЖЯ нь төрийн захиргааны байгууллага. Бодлогоо боловсруулах танилцуулах үүрэгтэй. Харин Цагдаагийн болон хууль хяналтын байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьдаг. Харин зөвшөөрөлгүй ан хийсэн мэдээлэл бидэнд ирэхэд хуулийг хэрэгжүүлэгч болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, Цагдаагийн байгууллагад буюу УМБГ-ын Хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт хэргийг шилжүүлдэг” гэлээ.

П.Нарандэлгэр

newswall.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top