БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах газрын даргыг хүлээн авч уулзав

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах газрын дарга Жан Мао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах газар хооронд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон өрсөлдөөний асуудлаар Санамж бичиг байгуулснаар хамтын ажиллагааны шинэ эхлэл тавигдлаа гэж Жан Мао хэлэв.

БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах газар нь эм, эмийн бүтээгдэхүүн, оюуны өмч, зах зээлийн гэсэн чиглэлээр хяналт шалгалтыг цогцоор нь хийдэг гэдгийг Шадар сайдад танилцуулав.

Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг биелүүлэхэд талуудын гарын үсэг зурсан Санамж бичиг чухал нэмэр оруулна гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэлээ.

Мөн 2020 он гэхэд хоёр орны худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Зах зээлийг хянан зохицуулах газрын оролцоо их гэв.

Цаашид өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр харилцан суралцах, туршлага судлах, тусламж, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох, тулгамдсан асуудлаа ярилцаж шийдвэрлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэлээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top