Абэ Шинзо: Хамтарсан мэдэгдэл нь хоёр улсын харилцааны чиглүүлэгч болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Токиогоос мэдээлж байна

Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар Токио хотноо уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы харилцааг улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, спортын зэрэг бүхий л салбарт улам өргөжүүлж, Стратегийн түншлэлийг бэхжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон бөгөөд хэлэлцээний дүнд “Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх тухай" ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ гаргалаа. Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлсэн танилцуулгыг олон нийтэд зориулж гаргасан юм. Мөн хоёр улс Байгаль орчны салбарт хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар хамтарсан ХЭВЛЭЛИЙН МЭДЭГДЭЛ хийлээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо:

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг Ерөнхий сайдын хувьд анх удаа айлчилж байгаад баяртай байна. 2015 онд миний бие тантай Сэндай хотноо НҮБ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх олон улсын чуулга уулзалтын үеэр уулзаж байсан. Токиод дахин уулзсандаа нэн баяртай байна. Монгол Улс нь эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хууль эрхзүй зэрэг нийтлэг үнэт зүйлсийг манай улстай хуваалцдаг, Японы Стратегийн түнш юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард хоёр улсын Засгийн газар Стратегийн дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Уг хөтөлбөрийн дагуу улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж ирлээ. Өнөөдөр хоёр улсын харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэх асуудлаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай илэн далангүй ярилцсандаа баяртай байна.

Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр тууштай үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалаар эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд түлхэц өгнө хэмээн итгэж байна.

Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудал нь манай хоёр улс  төдийгүй бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой. Япон улс Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлыг барьж байгуулах, сайн менежментын дор ажиллуулахад хамтран ажиллаж байгаа.  Уг нисэх онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахад У.Хүрэлсүх сайд манлайлан ажиллахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Өнөөдөр Япон, Монгол хоёр улс байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсанд баяртай байна. Бид цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол Улстай улам гүнзгий хамтран ажиллах саналтай байна. Япон, Монголын хамтын ажиллагааны хэтийн төлөв нь улам өргөн болж байна. Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэхэд цаашид байнга дэмжиж ажиллана. Үүнтэй зэрэгцэн Монгол Улстай хамт Японы улс олон улсын энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах сонирхолтой байна.

Япон Улс Энэтхэг номхон далайн “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд тодорхой хүч чармайлт гарган бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллаж байна. Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулж буй Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллахын төлөө байна.

Япон Улс Монгол Улсын  бүс нутаг, олон улсын энх тайвны төлөө оруулж буй хувь нэмрийг үнэлж байгаа бөгөөд Зүүн Азийн дээд түвшний уулзалтад танай улс нэгдэхийг дэмжиж байна. Хойд Солонгосын асуудалд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг мөн илэрхийлсэн. Мөн Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхэд У.Хүрэлсүх сайдын зүгээс ихээхэн дэмжлэг авсан.

Өнөөдөр гаргасан Хамтарсан мэдэгдэл нь хоёр улсын харилцааны чиглүүлэгч болох бөгөөд У.Хүрэлсүх сайдтай хамт хоёр орны харилцааг бүх салбарт улам бэхжүүлэхийн сацуу бүс нутагт дэлхийн энх тайван хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно.     

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

Та бүхний амар амгаланг айлтгая.

Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, өнөөдөр Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ. Яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд боллоо.

Ерөнхий сайд Ш.Абэ бид хоёр Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид эрх чөлөө, ардчилал, хүний эрх, заах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан улам идэвхжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо. Монгол Улсын тогтвортой хөгжлийг бидний “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь дотно түнш Япон Улс цаашид ч тууштай дэмжихээ илэрхийллээ.

Монгол, Японы харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол,спорт гээд өргөн хүрээтэй салбарт тэлж өргөжүүлэхийн сацуу олон улс, бүс нутгийн тавцанд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар ярилцлаа.

Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжиж, удахгүй нээлтээ хийх гэж буй Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ойрын үед ашиглалтад оруулахаар тохиролцлоо.

Яриа хэлэлцээний дүнд Ерөнхий сайд нарын Хамтарсан мэдэгдэл, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлсэн танилцуулга гаргаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан 9 дүгээр зөвлөлдөх уулзалт, Монгол, Японы бизнес форум болж, хоёр улсын бизнес, хувийн хэвшлүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлснийг сайшаахын хамт Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглэе.

Манай улсын стратегийн дотно түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай бид цаашид ч харилцаа, хамтын ажиллагаагаа манай хоёр улсын язгуур эрх ашиг, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тусын тулд улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэх болно.

 

ШУУД ҮЗЭХ

Н.ГАНТУЯА

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Харамсал(66.181.161.1) 2018 оны 12 сарын 13

Мэргэжлийн хүн тавьсан бол шинэ нисэх өдийд орчих байсан бүлэглэлийн нөлөө орохоор идэж уухаа урьтал болгоод мэргэжлийн хүмүүсээ тоодоггүй урсгалаар ажил явдаг юм байна.

0  |  0
Эрдэнэ(43.228.131.133) 2018 оны 12 сарын 13

Хүмүүсээ жоохон юм унш гуйж байна

0  |  0
зочин(103.212.116.209) 2018 оны 12 сарын 13

Он гараад 1939 оны халх голын байлдааны Ялалтын 80 жилийн Их ой болно. Одооноос Ахмад дайчдын ар гэрийнхэнийг цуглуулж санаа бодлыг нь солилцох хэрэгтэй байна аа. Японоос дайны төлбөритийг нэмж нэхэх хэрэгтэй

0  |  0
зочин(103.212.116.209) 2018 оны 12 сарын 13

ЯПОНЧУУДТАЙ НЭГ ИХ ДОТНОСООД ХЭРЭГГҮЙ Л БАЙХ ШҮҮ.Нэгдүгээрт газар нутгийн маргаанаас шалтгаалан Орос ах нартай маань харилцаа хүйтэн байгаа. Хоёрдугаарт : Монголыг маань дайн байлдаан хийгээд эзлэж чадахгүй болохоороо Эдийн засгийн аргаар колоничлох далд санаа явж байгааг үгүйсгэх аргагүй гуравдугаарт: Дэлхийн дулаарал, Хойд мөсөн далайн гэсэлт, далайн усны түвшний нэмэгдэл,галт уулын дэлбэрэлт гээд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Японы арал сүйрэлд орох аюул ойртож байгаа тул эх газар руу сонихож байна шүү дээ.

0  |  0
м(124.158.110.82) 2018 оны 12 сарын 13

Япон цэрэгтэй болсон билүү

0  |  0
Top