”Үндэсний тооцооны систем-2018” хурал боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 17

Үндэсний статистикийн хороо, Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Үндэсний тооцооны систем-2018” хурал зохион байгууллаа. Тус хурал нь Үндэсний тооцооны системийг нэвтрүүлэгч, оролцогч, хэрэглэгчдийг нэг дор цуглуулж, хэрэгжилт, ашиглалт, хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллээ солилцох зорилготой юм.

Нэгдсэн үндэстний байгууллагаас Үндэсний тооцооны арга зүйн баримт бичгийг анх 1968 онд гаргаж, 1993, 2008 онд зохих өөрчлөлтийг оруулаад байгаа билээ. Энэ онд Үндэсний тооцооны систем 1968 анхны баримт бичиг гарсны 50 жилийн ой, мөн Монгол Улсад салбар хоорондын балансыг зохиосны 50 жилийн ой давхцаж байгаа юм.

Төлбөрийн тэнцлийн статистик, Засгийн газрын санхүүгийн статистик нь Үндэсний тооцооны системийн бие даасан хэсгүүд бөгөөд хоорондоо уялдаа холбоотой үзүүлэлтийн систем юм. Эдгээр стандартуудыг нэвтрүүлэх байгууллага хоорондын зохицуулалт, мэдээлэл солилцоо, уялдааг хангахад Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Сангийн яам болон төрийн бусад байгууллагууд хамтарч ажиллах нь чухал ач холбогдолтой.

Үндэсний статистикийн хороо статистикийн мэдээллийн нэгдсэн сан болох www.1212.mn цахим хуудсаар дамжуулан Үндэсний тооцооны системийн бүрэлдэхүүн болох дотоодын нийт бүтээгдэхүүнээс гадна нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцэл, үндэсний тооцооны данснуудын мэдээллийг тархааж байна.

Төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэд, судлаачид дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний тооцооны данс, нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцлийн хүснэгтийн мэдээллийг ашиглан эдийн засгийн шинжилгээ, судалгаа хийж, бодлогын үр нөлөөг үнэлж байна. Энэ хэрээрээ бидний ажлын үр дүн гарч, цаашид сайжруулах, өргөтгөх шаардлага тулгарч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн хурлыг зохион байгуулжээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top