Гадаадын банкууд орж ирвэл зээлийн хүү ХӨДЛӨХ ҮҮ?

2018 оны 12 сарын 25

 

Парламентын үйл ажиллагаа урагшгүй байгаатай холбоотойгоор хэлэлцэгдэх товтой хуулийн төслүүд ч хойш шидэгдэж буй. Тухайлбал, өргөн баригдаад  гурван он дамнасан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл  энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад бий ч,  босгыг нь  давж чадалгүй, шинэ 2019 онтой золгох төлөвтэй байна. УИХ-ын гишүүн Б.Жавхлан, З.Нарантуяа нарын 30 гаруй гишүүний санаа нэгдэн өргөн барьсан уг хуулийн төсөл эцэслэгдэн батлагдсанаар улс орны эдийн засагт эерэг болон сөрөг ямар асуудлуудыг дагуулж болох вэ гэдэг дээр мэргэжилтнүүд зөрүүтэй байр суурийг илэрхийлдэг.

2016 онд УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т гадаадын банкны салбар, нэгж байгуулах боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах асуудлыг багтаасан байдаг. Манайд үйл ажиллагаа явуулж буй гадаадын банкны төлөөлөгчийн газар нь зөвхөн гэрээ хэлцэл хийх, мэдээллээр хангах үүрэгтэй ажилладаг. Харин хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсанаар гадаадын банк зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах худалдан авах, зээл болон санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах зэрэг олон эрхтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.

Б.Жавхлан нарын гишүүд байр сууриа илэрхийлэхдээ  “Гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдсэнээр банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсч, зээлийн хүү буурна. Зээл хуваарилалтын үр ашиг нэмэгдэхээс гадна дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Мөн дотоодын зах зээлийн тогтвортой байдал нэмэгдэх эерэг нөлөөтэй. Урт хугацаанд дотоод, гадаадын банкуудын эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэг түвшинд хүрснээр чанаргүй зээлийн хэмжээ буурч, зээлийн багцын удирдлага сайжирна. Валютын урсгалыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэргээр богино хугацаанд эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн хүндрэлтэй үед хэт өндөр биш дүнтэй багцын дотогшлох урсгал нь дунд хугацаанд эерэг нөлөө үзүүлнэ”  гэж байгаа юм.

Банкны салбар бол манай санхүүгийн зах зээлийн ачааллыг дангаараа шахуу үүрч дүүрч яваа сектор. Тэр ч утгаараа энэ салбарт эмзэг тал бий. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хөрсөн дээр бууснаар салбарын нөлөөлөлд ямар өөрчлөлт гарах вэ. Хөрөнгийн зах зээл, даатгалын салбар хөгжихөд хэрхэн яаж уялдуулах вэ гэхчлэн асуудлууд яригдах ёстой болж байгаа юм. Хөрөнгө оруулалтын чиглэлийн банкуудыг оруулж ирэхдээ дотоодын нөхцөл байдлаа хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал бидний өмнө бий.

Энэ хуулийн төслийг боловсруулах болсон шаардлагыг хууль санаачлагчид нь тодорхойлохдоо:

Гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлагатай болсон учир хуулийн төслийг боловсруулсан гэж тайлбарласан.

Харин Монголын бизнесийн зөвлөлөөс Хөрөнгө оруулалтын банкны төсөлтэй холбоотойгоор гаргасан саналдаа “Гадаадын хөрөнгө оруулалтын банкуудад дотоодын зах зээлд нэвтрэх боломж бий болгох, дэмжих нь Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа. Гэсэн хэдий ч Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд дээрх боломжийг бүрдүүлээгүй ба хуулийн төсөл үзэл баримтлалтай зөрчилдсөн нөхцлийг бий болгосон байна.  Хуулийн төсөл нь зөвхөн том хэмжээний банкуудыг томоохон төсөлтэй бизнесүүдэд санхүүжилт олгоход чиглэсэн байна. Өргөн хүрээний суурь өсөлтийг дэмжихийн тулд жижиг, дунд аж ахуй нэгжүүдэд бага зардалтай санхүүгийн эх үүсвэр бий болгох шаардлагатай. Хуулийн төсөлд тусгасан банкны үйл ажиллагааны чиглэл нь хөрөнгө оруулалтын банкны олон улсын жишиг үйл  ажиллагаатай уялдахгүй байгаа ба хуулийн төслийн нэр томъёоны хувьд тодруулах, илүү оновчтой болгох нь зүйтэй. Дүрмийн сан, зээлийн хэмжээний нөхцөл нь хэтэрхий өндөр тавигдсан ба зөвхөн улс төрийн сонирхолтой этгээд заасан хэмжээнд хөрөнгө оруулалт хийх эрмэлзэлтэй байх болно. Энэ нь олон улсын санхүүгийн байгууллагуудад Монгол Улсыг сонирхох таатай болон тэгш, шударга орчинг бүрдүүлэхгүй юм. Банк ашигтай ажиллахын тулд санхүүгийн хөшүүрэг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв бид санхүүгийн хөшүүрэг дүрмийн сангийн харьцааг 8 дахин гэж үзвэл нийт тайлан тэнцэл нь 1.6 тэрбум ам.долларт харьцангуй хурдан хүрнэ. 10 орчим тэрбум ам.долларын ДНБ–тэй манай оронд мөн одоогийн банкуудын тайлан тэнцэлтэй харьцуулахад энэ нь бодитой тоо биш юм” гэж мэдэгдсэн юм.

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т багтаж орсон чиглэлүүдийн нэг болох Хөрөнгө оруулалтын банкны тухай асуудал сэдэв хэвээрээ  2019 онтой золгох нь.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.43.234) 2018 оны 12 сарын 26

Гадаадын банк оруулж ирэхэд эрхмүүдэд /томчуудад/ сонголт үүснэ ард түмэнд бол үгүй Бид ХААН банкнаас тэтгэвэр цалингаа л авна үүнд сонголт үүсдэггүй хүү нь мөн л эдний хэлснээр ард түмэнд гадны банкны хаалга өндөрсөн

0  |  0
иргэн(202.55.191.205) 2018 оны 12 сарын 25

оруулж ирэх хэрэгтэй ,хэдэн дурак банкуудад хичнээн жил мөлжүүлж амьдархын

0  |  0
Банк банк биш болсон(103.9.90.50) 2018 оны 12 сарын 25

Монгол банк, арилжааны банкууд цэвэр улс төр-бизнесийн бүлэглэлд үйлчилдэг луйврын байгууллага, мөнгө угаадаг газрууд болсон. тэд хэзээ ч бодит секторыг санхүүжүүлдэггүй. Төсвийн мөнгийг дамжуулан зээлдүүлдэг, эсхүл МБ, ЗГ-ын бонд авч мөнгө хүүлдэг. Банкны сектор Монголыг авч явах биш, Монголыг дампууруулж байна! Учир нь 4 жилээр томилогддог улс төрийн удирдлагатай, мэргэжлийн удирдлага нь алдагдсан. АБ-ууд бол улс төрчдийн банкууд.

0  |  0
Зөв иргэн(103.9.90.50) 2018 оны 12 сарын 25

Хөдөлнө! Гадаадын банкууд орж ирж байж л санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөн бий болно, эдийн засгийн санхүүжилт сайжирна. Гадаадын банк оруудж болохгүй гэдэг бол банкуудын лобби, тархи угаалт шүү! Ард түмэн зээлийн хүү бага, олдоц сайн, шаардлага нь боломжтой байхыг хүсч байна. Иргэддээ зээл олгоод эхэлбэл хүмүүс баялаг бүтээж наанадаж та нарын төсвөөс идэх мөнгийг олж өгнө, цаанадаж улсаа хөгжүүлнэ гэдгийг мэдэж байгаач Тамын тогооны чөтгөрүүд ээ! Яг үнэндээ юмхийж байгаа иргэд бидэнд нэг их наалдах юм байхгүй, гэхдээ л ажилтай, орлоготой, хийх юмтай баймаар байна.

0  |  0
Top