СҮХБААТАР: Малчид бүлгийн зохион байгуулалтад орж ажиллаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

   “Ногоон алт- Малын эрүүл мэнд” төсөл 2017 оноос Сүхбаатар аймгийн зорилтот зургаан суманд хэрэгжиж эхэлсэн. Төслийн гол зорилго нь малчид эвлэлдэн нэгдэж, бэлчээр усаа зүй зохистой ашиглах талаар хамтран ажиллахад чиглэж буй юм. Тэгвэл төсөл хэрэгжсэнээс хойш зургаан суманд 37 малчдын хэсэг бүлэг байгуулагдаж, малчид хамтран ажиллаж эхэлжээ. Төсөл хэрэгжүүлэгч сумдын төрийн албан хаагч болоод малчдын төлөөлөл уулзалдаж, төслийн багийнхантай хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүн цаашид хийх ажлынхаа талаар хэлэлцлээ. Энэхүү уулзалтыг Сүхбаатар аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ, Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан юм.

   “Бэлчээр ус нэгтэй малчид эвлэлдэн нэгдэж бэлчээр ашиглалтын “Малчдын бүлэг”-ийг байгуулж, одоогоор 37 бүлэг байгуулагдаад байна. Эдгээр бүлгүүд нь бэлчээр усаа зүй зохистой ашиглах талаар хамтран ажиллах юм. Нэг худаг гаргалаа гэхэд тухайн хэсгийнхээ бүх хүний эрх ашгийг бодож худгаа гаргах ёстой. Нэг үгээр хэлбэл хамтын ажиллагаа маш чухал гэсэн үг.  Мөн малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулахын тулд хэсэг бүлгээрээ ямар ажлыг шат дараатай хийвэл зохистой вэ гэдгийг өөрсдөө шийдвэрлэх ёстой. Үүний дараа хэсэг бүлгийн малчид маань өөрсдийн ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр хамтарч ажиллах юм. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд малчдын хэсэг нь дундын санг бүрдүүлэх ёстой. Нэг өрх хэдэн төгрөг гаргаж дундын сангаа бүрдүүлэх вэ гэдгээ ярьж тохиролцоод, дараа нь санд хуримтлагдсан мөнгөө өөрсдөө захиран зарцуулна. Дээр дурдсан зүйлсийг ажил хэрэг болгоход зарцуулна. Одоогоор төсөл хэрэгжиж буй зургаан сумын хэмжээнд нийт 19 сая төгрөг малчдын дундын санд төвлөрсөн. Үүн дээр Ногоон алт төслийн зүгээс малчдын дундын санд дэмжлэг үзүүлж, нэг өрхөд 25 мянган төгрөг олгоно. Тэгэхээр малчид санхүүгийн хувьд хараат бус болж, өөрсдөд нь яг юу хэрэгтэй байна түүндээ зарцуулах боломжтой болох юм. Ер нь төсөл хэрэгжиж буй зургаан суманд тодорхой үр дүн, ахиц дэвшлүүд гарч байгаа” гэж аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Э.Өлзийсайхан хэллээ.

Түвшинширээ сумын малчдын Жаргалант бүлэг 2018 оны 10 дугаар сарын 18-нд байгуулагджээ. 45 өрхийн 180 хүн ам, 20 мянга гаруй мал тус бүлэгт харьяалагддаг. “Ногоон алт- Малын эрүүл мэнд" төсөл нь тус аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Түмэнцогт сумдад хэрэгжиж байна.

www.sukhbaatar.net

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top