Үгийн ЗУЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Даваагийн Дамдиндорж


/1976-2018/


Амьдрал аяны цас, нартай урт шаргал замаас өөрийнхөө орон зайг өмчлөн амьдарсан авъяас билэгт сэтгүүлч, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Даваагийн Дамдиндорж маань бидний дундаас одож, номын агаарт нэгэнт шингэлээ. Ямархан орон зай альхан талд ханхайн үлдэж байгаа нь юутай их харамсал, юутай их гуниг вэ.

 

Даваагийн Дамдиндорж нөхөр маань 1976 онд олон хутагтын өлгий нутаг Завхан аймгийн Ургамал сумын нутагт төрж, төрөлх сумынхаа дунд сургуулийг 1992 онд, Завхан аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг 1994 онд тус тус дүүргэн амьдралын их замаар амиа даатгасан эх нутагтаа хөл тавьсан нэгэн.

 

Цаст уулын баруун өмнө хязгаарт орших говь, тал нутагтаа малын захад шүлэг зохиолоо тэрлэж явсан хүү Улаанбаатар хотноо “Хүндэт харуул”-ын 0132 дугаар ангид хугацааны байлдагч, Монгол Төрийн торгон цэргийн алба хааж, улмаар “Бэрс” кино урлагийн дээд сургуулийг “Утга зохиолын ажилтан, сэтгүүлч” мэргэжлээр 2004 онд төгссөн гээд энэхэн амьдралын богинхон зайд нэр төртэй залуу насаа үдсэн нэгэн байв.

 

Тэрбээр 2004 оноос улсын ууган хэвлэл “Монголын үнэн” сониноос ажлынхаа гарааг эхлүүлж, тус сонинд "Эрэн сурвалжлах алба"-ны сэтгүүлч, албаны дарга, "Улс төрийн алба"-ны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар дэвшин ажиллаж байгаад 2011 оноос Улаанбаатар Төмөр замын дэргэдэх “Ган зам” сонинд сэтгүүлчээр, 2014 оноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Хэвлэл мэдээллийн албаны ажилтан”, 2016 оноос “Зиндаа” сэтгүүл, ZINDAA.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байсан билээ. Тэрбээр ухамсарт амьдралынхаа 15 жилийг сэтгүүл зүйн салбарт зориулахдаа эрэн сурвалжлах чиглэлээр дагнан ажиллаж, нэрт сэтгүүлчидтэй мөр зэрэгцэн өсөхийн зэрэгцээ сэтгүүл зүйд шинэ тутам хөл тавьж буй залууст нөмөр нөөлөг нь болсон нэгэн байлаа.

 

Түүний сэтгүүл зүйн салбарт хувь нэмрээ оруулж, үнэний дуу хоолой болж явсныг үнэлэн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэгтэн” шагнал болон “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, ойн медалиудаар шагнаж байв. Мөнхүү Д.Дамдиндорж нь малын бэлчээр, оюутан ахуй цагаасаа шүлэг зохиол эхлэн бичиж, Монголын уран зохиолын ай сав, түүний доторх яруу найргийн төрлөөр хоёр ч түүвэр хэвлүүлж уншигчдын гар дээр тавьсан юм. Тиймээс 90 жилийн арвин баян түүхтэй Монголын зохиолчдын эвлэлийн байгууллага түүний авьяас билэг, уран бүтээлийг өндрөөр үнэлэн Зохиолчдын эвлэлийн гишүүнээр эгнээндээ бүртгэн авсан билээ. Д.Дамдиндорж нь “Монголын үнэн”, “Ган зам” сонины “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг ажилтан”-аар шалгарч, сэтгүүл зүйн салбарт өөрийнхөө орон зайг бүрдүүлж ажилласан нэгэн байсныг өдгөө үе үеийн сэтгүүлч нөхөд нь дурсан сууна.

 

Цаст уулын нутаг, түүний ай сав дахь говь талын бүс Ургамал сумаас нэгэн авьяаслаг хүү төрсөн нь нэрт сэтгүүлч, яруу найрагч Даваагийн Дамдиндорж гэдгийг дахин дурдах хэрэгтэй. Эрхэм нөхрийн авьяас билэг, хүнлэг нийтэч зан чанар нь үеийн үед түмэн олны зүрхэнд оршиж үлдэнэ гэдгийг Монголын уран зохиол, Сэтгүүл зүйн салбарт үлдээсэн бүтээл, гаргасан тод мөр нь нэгэнт батлах нь дамжиггүй. Журмын нөхөр Д.Дамдиндоржийн амьдрал замын дөч гаруйхан жилд бараан зүйл байгаагүйг мэдэх хамт олон нь, анд нөхөд нь түүний ахан дүүс, амраг садан, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

Ум сайн амгалан болтугай


 “Зиндаа” сэтгүүл, ZINDAA.mn сайтын хамт олноос нь    

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(93.91.80.6) 2019 оны 01 сарын 09

Ум сайн амгалан болтугай

0  |  0
Зочин(203.91.115.39) 2019 оны 01 сарын 09

Ум сайн амгалан болтугай. Хэдхэн жилийн баруун аймагт ажиллах үеэр нэг томилолтонд хамт явж таарсан. Даруухан, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, гэр бүлийнхэндээ чин сэтгэлээсээ хайртай, байнга л тэднийгээ ярьсан залуу байсансан. Ямар ч хурдан буцчихав даа. Хайртай бүхнийг нь буян заяа түших болтугай

0  |  0
Зочин(202.179.31.80) 2019 оны 01 сарын 09

Ямар эрт буцчихав даа найз минь. Ид хийж бүтээх амьдрах жаргах үе, дөнгөж дөчхөн нас давж байсан шүүдээ.

0  |  0
Зочин(183.177.100.4) 2019 оны 01 сарын 09

Мөн ч даруухан сайхан уран бүтээлч байсан даа.

0  |  0
Эгэл нэгэн(103.229.120.124) 2019 оны 01 сарын 09

Ум мани бад мэ хум

0  |  0
Зочин(66.181.161.116) 2019 оны 01 сарын 08

Ум сайн амгалан болтугай.

0  |  0
зочин(66.181.161.77) 2019 оны 01 сарын 08

Ум мани бад ми хум. Жинхэнэ ган үзэгтэн байсан гэж бодож байна. Олон сайхан хурц нийтлэл, дэвшүүлсэн асуудлаараа уншигч биднийгээ гэгээрүүлж байсан хүмүүн юмсан. Надаас 8 дүү дѳнгѳж 42-той залуухан хүн байсан юм байна. Яасан эрт явчихав даа. Гэр бүл, хамт олонд нь эмгэнэл илэрхийлье.

0  |  0
зочин(64.119.19.171) 2019 оны 01 сарын 11

хайран залуу юунаас болоод өнгөрчихөвөө, МАНАН-уу

0  |  1
Baagi(66.181.186.248) 2019 оны 01 сарын 10

Эвий дээ мундаг хүн байсансан.

1  |  0
Парламентын сэтгүүлч(150.129.140.107) 2019 оны 01 сарын 08

Томоотой дөлгөөн дүү минь торойгоод дэгдээд одов уу яав дүү минь

0  |  0
Сони(203.91.116.185) 2019 оны 01 сарын 11

Гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бадмэ хум. Анд минь ”Торгон элсэн дундуураа гулгаж урсдаг Хүнгүй”-дээ тод гэгээн хөвүүн болон дахин төрөөрэй

1  |  0
Top