С.Энхбаатарыг Архивын ерөнхий газрын даргаар томиллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Засгийн газрын өнөөдрийн /2019.01.09/ хуралдаанаас Самдангийн Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргаар томиллоо. С.Энхбаатар нь төрийн албанд 13 жил ажилласан бөгөөд Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

 

Тэрбээр 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1995 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн сургууль, 1999, 2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2014 онд Макьюрийн их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн болон олон улсын харилцааны удирдлагын магистр зэрэгтэй Орос, англи хэлний мэдлэгтэй. 

 

1999-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн дэд дарга, 2009-2012 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга, ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, 2012-2013 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга, орон тооны гишүүн, 2015-2016 онд “Соёмбо-легал партнерс” нөхөрлөлд зөвлөх, 2016-2018 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2018 оны зургадугаар сараас Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top