Япон эмэгтэйчүүд Валентины бэлгийг эсэргүүцэж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

Японы эмэгтэйчүүд Валентины өдрөөр хамт ажилладаг эрчүүддээ шоколад бэлэглэх уламжлалыг эсэргүүцэж байна гэж The Guardian бичжээ.

 

Өнөөг хүртэл Японы эмэгтэйчүүд японоор “Гири чоко” /Заавал өгөх шоколад/ гэх уламжлалын дагуу хамт ажилладаг эрчүүддээ шоколад худалдан авч өгдөг  байжээ. Эрчүүд нь гуравдугаар сарын 14-ний Цагаан өдрөөр хариу барих ёстой аж. Цагаан өдөр гэдэг нь 1980-аад онд шоколад үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтаа өсгөх зорилгоор зохиосон өдөр аж. 

 

Хамт ажилладаг хүмүүстээ зориулж шоколад авахад олон мянган иен зарцуулахыг япончууд ихээр эсэргүүцэж байгаа бөгөөд зарим компаниуд энэхүү уламжлалыг ажлын байран дахь дарамт хэмээн үзэж, хориглох шийдвэр гаргажээ.

 

Судалгаанаас үзвэл, Японы эмэгтэйчүүдийн 60 хувь нь шоколадыг хувийн зорилгоор худалдан авна гэсэн бол 56 гаруй хувь нь шоколадыг гэр бүлийнхэндээ бэлэглэх хүсэлтэй гэдгээ илэрхийлж, 36 хувь нь хайртай эрэгтэйдээ бэлэглэнэ гэжээ.

 

Токиогийн их дэлгүүрээс явуулсан судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 35 хувь нь л хамт ажилладаг эрчүүддээ шоколад бэлэглэхээр төлөвлөж буй гэнэ.

 

Өнгөрсөн онд Бельгийн Godiva брэнд сонины бүтэн нүүр дүүрэн сурталчилгаа нийтлүүлж, эмэгтэйчүүдийг хамт ажилладаг эрчүүддээ албан хүчээр шоколад бэлэглэхгүй байхыг уриалжээ. “Валентины өдөр нь хүмүүс бие биендээ сэтгэлээ илэрхийлэх өдөр болохоос ажлын байран дахь харилцааг зохицуулах өдөр биш” гэж сурталчилсан байна.

 

Японд албан шаардлагаар шоколад бэлэглэх уламжлалыг халах хөдөлгөөн эрчимтэй өрнөж буй энэ үед тус улсын агаарын тээврийн Japan Airlines компани Гэгээн Валентины өдрөөр үйлчлүүлсэн эрэгтэй, эмэгтэй бүх зорчигч, үйлчлүүлэгчиддээ шоколад бэлэглэх бол Токио хотын ойролцоох халуун рашаан амралтын газар  шоколадтай усан санд орох үйлчилгээ үзүүлэхээр зэхжээ.

 

Валентины өдөр шоколад бэлэглэх уламжлал Япон улсад 1950-аад онд дэлгэрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би Монгол хүн(66.181.177.191) 2019 оны 02 сарын 12

Өнгөрсөн онд Бельгийн Godiva брэнд сонины бүтэн нүүр дүүрэн сурталчилгаа нийтлүүлж, эмэгтэйчүүдийг хамт ажилладаг эрчүүддээ албан хүчээр шоколад бэлэглэхгүй байхыг уриалжээ. “Валентины өдөр нь хүмүүс бие биендээ сэтгэлээ илэрхийлэх өдөр болохоос ажлын байран дахь харилцааг зохицуулах өдөр биш” гэж сурталчилсан байна.

Top