VII Зая гэгээний хойдын буяныг Энэтхэг, Төвөдөд үйлдэж байна

2019 оны 02 сарын 12

Монголын бурхны шашны гурван зулын нэг Эрдэнэ Зая Бандида хутагт Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүр нь 17 дугаар жарны шороон нохой жилийн өвлийн сүүл сарын битүүний өдөр бурхны орноо оджээ. VII Зая гэгээний хойдын буянд зориулж, энэ сарын 13-15-ны хооронд “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон талаар Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр /2019.02.12/ мэдээлэл хийлээ.

 

VII Зая гэгээний тухай Гүшог дацангийн тамгын лам Э.Батсайхан "Эрдэнэ Зая Бандида хутагтыг Архангай аймагт нутаглуулна. Архангайд  нутаглуулж байгаа нь анхдугаар Зая Лувсанпиранлай гэгээнтнээс авахуулан тус аймагт нутаглуулдаг байсантай холбоотой. Иймд “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагаанд сүсэгтэн олныг өргөнөөр оролцож, буян хураана гэдэгт итгэлтэй байна. Лам, шавь нарын зүгээс ч мөн адил энэхүү ерөөл буяны ажилд итгэл үнэмшилтэйгээр оролцох нь зүй ёсны хэрэг юм. VII Зая гэгээний өмнөх дүрүүд Зая гэгээний адилаар Монгол орны шашин номын үйлсийг тэтгэж, шавь олноо таалал нигүүсэлдээ болгоож, сүсэгтэн олны сайн сайхны төлөө бүхнээ зориулсан Монголын бурхан шашны гурван зулын нэг байлаа” гэсэн юм.

 

Архангай аймгийн сумдын нутгийн зөвлөлийн төлөөлөл “VII Зая гэгээн багш нутаг орондоо эгэл даруу амьдарч, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, бусдын сайн сайхан амьдрал, эрүүл энх байх, аюул зовлонгоос ангид байх талаар өөрийн санаа бодол, оюунаа ихэд чилээж ирсэн. VII Зая гэгээн таалал төгссөн явдалд гүнээ гашуудан, эмгэнэл илэрхийлж байна” гэлээ. “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагаа нь Монголын сүм хийдүүдэд төдийгүй, Энэтхэг, Төвөдийн бурхан шашинтны томоохон хийдүүдэд зохион байгуулагдаж байгаа юм байна. “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагаанд сүсэгтэн олныг өргөнөөр оролцохыг Гандантэгчэнлин хийдээс уриаллаа.

 

 “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааны хөтөлбөр

 

2019.02.13 буюу шинийн 8-нд 09:00-12:00 цагт /Гандантэгчэнлин хийдэд/

 

  • Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх
  • Ерөөлийн хурал
  • Маани хөгжөөл /Гандантэгчэнлин хийд, Идгаачойзинлин дацан/ 

 

2019.02.13 буюу шинийн 8-.эд 12:00-23:00 цагт 

 

  • Зая гэгээний лагшин шүтээнийг Архангай аймаг, Заяын хүрээнд залах

 

2019.02.14 буюу шинийн 9-нд 09:00-19:00 цагт 

 

  • Зая гэгээний лагшин шүтээнд мөргүүлэх, хүндэтгэл үзүүлэх
  • Ерөөлийн хурал
  • Жамбалцанжод хурж хонох /Архангай аймгийн төв музей, Заяын хүрээ/

 

2019.02.15-нд 07:00-11:00 цагийн хооронд

 

  • Зая гэгээний лагшин шүтээнийг хайлах, жинсрэг өргөх 
  • Залбирал ерөөл /Архангай аймгийн Заяын хүрээ/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top