УБТЗ-ын даргыг их хэмжээний хохирол учруулсан гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Улаанбаатар Төмөр Зам /УБТЗ/-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямааг ОХУ-аас өндөр үнээр зам засварын автомашин худалдаж авсан, улсын хөрөнгийг завшсан гэх асуудлаар Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар нь өнөөдөр /2019.02.020/ мэдээлэл хийлээ.

 

Ж.Мөнхбат  “Би төмөр замын инженер хүн. Төмөр замын салбарт маш олон төрлийн машин, механизм хэрэглэгддэг. Түүний нэг нь зам засварын машин гэдэг ангилалд багтдаг ВПРС гэдэг машиныг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа хэрхэн  худалдан авсан тухай болон хэргийг АТГ бүтэн хоёр жил шалгаад, өнөөдрийг хүртэл ямар ч үр дүн гарахгүй байгаа тухай ярих гэсэн юм. Д.Жигжиднямаа нь 2016 оны аравдугаар сард УБТЗ-ын дарга болсныхоо дараа анхны байгуулсан том гэрээгээр ОХУ-д үйлдвэрлэсэн  ВПРС загварын  зам засварын машин худалдаж авсан. ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын ВПРС-03.2 загварын машиныг харилцан тохиролцож, 1 сая 770 мянган ам.доллараар худалдан авахыг тохиролцож, гэрээ байгуулсан. Энэ машиныг худалдсан байгууллага нь Шотландад бүртгэлтэй “Lordwest trade limited partnership” гэдэг компани байна. Гэтэл энэ компани нь оффшор бүсэд бүртгэлтэй компани байдаг. Одоо “Lordwest” компани нь татан буугдсан. Энэ автомашиныг зах зээлийн үнэ нь ойролцоогоор 1 сая 200 мянган америк доллар. Гэтэл өндөр үнээр авсан. Д.Жигжиднямаа хамгийн сүүлийн үеийн шинэ загварын автомашин худалдаж авсан гэж тайлбарладаг. Гэтэл ВПРС-03.2 загварын машинаас хойш 03.3, бүүр 0.5 гэдэг загвар нь хүртэл гарсан байна. Гэвч ингэж өндөр үнээр зам засварын автомашин худалдан авсан нь улсад их хэмжээний хөрөнгийн хохирол учруулсан, завшсан асуудал. Энэ машинтай ижил засварын машин Монголд БНХАУ-ын зээлээр орж ирээд, өнөөдөр Толгойт өртөөнд зэвэрч байгаа. УБТЗ бүүр хадгалах үүрэг хүлээдэг” гэж хэвлэлийн хурлын үеэр ярилаа.

 

Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Б.Аюуш “Хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг шалгах, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хууль бус үйл ажиллагааны талаар Авлигатай тэмцэх газарт хандсан ч ямар нэгэн хариу өгөөгүй. Дараа нь Нийслэлийн прокурорын газарт хандсан. Мөн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандсан ч одоо хүртэл хуулийн байгууллага ямар нэгэн хариу өгөөгүй байна. Хуулийн байгууллага УБТЗ-ын даргыг хамгаалсаар ирсэн. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаас өөр аргагүй болсон” гэлээ.

 

Хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид Монголын Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандаж байгаагаа илэрхийллээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.31.11) 2019 оны 02 сарын 21

Энэ залуучуудыг дэмжиж байна. Жигжиднямааг шалгах нь зөв шүү дээ..

0  |  0
Зочин(202.179.27.144) 2019 оны 02 сарын 20

ОДОО ҮРГЭЛЖ ЭВДЭРСЭН ХУУЧИН МАШИН БАЙЖ Л БАЙНА.ДЭНДҮҮ ИДЭХ ЮМ АА.

0  |  0
АХ ДҮҮ(202.9.42.73) 2019 оны 02 сарын 20

зөв зөв , жигжиднямаа зайлсан байгаараЙ , ЖИГЖИДНЯМАА ЖҮГДЭРНЯМАА ГЭЖ ХОЁР ТОМ АВИЛГАЧ ГЭМТ ХЭРЭГТЭН БИЙ ШДЭЭ

0  |  0
Top