Х.Алтангэрэл: Их зохиолчийн тухай киноны хөгжмийг бичсэндээ олзуурхдаг

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Монгол Улсын Консерваторын багш, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлтэй цөөхөн хором ярилцлаа. Түүний 2016 оны бүтээл болох “Харанхуй хад” киноны хөгжим маргааш буюу 2019.02.22-ны өдөр болох Улсын Филармоний тайзнаа эгшиглэх “Монгол киноны хөгжмийн сан хөмрөгөөс” концертод тоглогдох юм.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Харанхуй хад” киноны хөгжмийг хэрхэн бичих болсон юм бэ?

 

-Хөгжим бол киноны илэрхийллийн гарцаагүй нэг чухал хэсэг. 2016 онд их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой болсон. Тус ойг тохиолдуулан их зохиолчийн “Харанхуй хад” өгүүллэгээр “Дээд гэгээн” пикчерсын уран бүтээлчид уран сайхны кино бүтээсэн юм. Киноны хөгжмийг бичих саналыг надад найруулагч Б.Цогтбаяр тавьсан. Манайд киноны хөгжмийг ихэвчлэн дуу бичлэгийн студид бичдэг. Харин “Харанхуй хад” киноны хөгжмийг улсын филармонийн симфони найрал хөгжимчид удирдаач Д.Нямдашийн удирлага дор бодитоор хөгжимдөж бичсэнээрээ онцлогтой. Мөн кино зураг авалт явагдаж байхтай зэрэг киноны хөгжим маань бичигдэж байлаа.

 

-Та симфони, сонат, дуурь гээд маш олон хөгжмийн бүтээлүүдтэй шүү дээ. Энэ таны анхны киноны хөгжмийн зохиол бичсэн явдал уу?

 

-“Харанхуй хад” киноны хөгжим миний хоёр дахь киноны хөгжмийн бүтээл. 2016 онд энэ зохиолыг бичсэн гэхээр хөгжмийн бүтээлүүд туурвиж эхлээд яг 20 дахь жилдээ киноны хөгжимд хөл тавьсан гэсэн үг. Миний бүтээлүүд дунд хамгийн сүүлд орж ирсэн хөгжмийн төрөл энэ байсан. Би хөгжмийн бүхий л төрөлд уран бүтээл туурвих юмсан гэж боддог. Харин киноны төрөл рүү л орж завдахгүй, бас тийм боломж нь гарч ирэхгүй байсаар өдийг хүрсэн гэсэн үг л дээ. Киноны хөгжим бичиж үзэх хүсэл минь Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн кинонд биеллээ олсонд их баяртай байдаг.

 

-Киноны хөгжмөөсөө сэдэвлэн дөрвөн ангит симфони чуулбар тусад нь бичсэн гэж дуулдсан?

 

-2016 онд их зохиолч Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгээс сэдэвлэн бичсэн “Харанхуй хад” киноны хөгжмөө жилийн дараа 2017 онд ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуульд нэг жил мэргэжил дээшлүүлэн суралцаж байхдаа “Харанхуй хад” киноны “Нацагдорж, Пагмадулам нарын тема”-г ашиглан бүрэн хэмжээний дөрвөн ангит симфони чуулбар болгон өргөжүүлэн бичсэн. “Эргэцүүлэл”, “Эрэл”, “Ганцаардал”, “Зүүд” гэсэн дөрвөн ангитай, 20 гаруй минут үргэлжилдэг бүтээл бий. 

 

 

 Нэрт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны хөгжимтэй хамт бүтээлээ тоглуулж байгаадаа их баяртай байгаа

 

-Дөрвөн ангит симфони чуулбар бичигдсэнээсээ хойш хөгжмийн наадамд тоглогдож байв уу?

 

-“Харанхуй хад” симфони чуулбар хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээл шалгаруулах "Алтан намар" хөгжмийн наадмын шилдэг бүтээлээр шалгарч, УДБЭТ-ын тайзнаа болсон хүндэтгэлийн гала тоглолтод Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдашийн удирдлагаар тоглогдож, үзэгчдэд хүрсэн. Мөн тус бүтээл маань энэ сарын 22-нд болох “Монгол киноны хөгжмийн сан хөмрөгөөс” тоглолтонд нэрт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжимтэй хамт тоглогдох гэж байна.

 

-Энэ жилийн “Монгол киноны хөгжмийн сан хөмрөгөөс” тоглолт их өвөрмөц болох гэж байх шиг байна. Тоглолтын талаар бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаач?

 

-Улсын Филармонийн “Монгол уран бүтээл II” төслийн хүрээнд зохион байгуулж буй тус тоглолтод Монголын ахмад үеийн төлөөлөгчдийн нэг, нэрт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн "Монголын сайхан орон" симфони чуулбар болон миний “Харанхуй хад” дөрвөн ангит симфони чуулбарыг сонгож тоглох болсон байна. Ахмад үеийн хөгжмийн зохиолчдын төлөөлөгчдөөс нэг сонгомол бүтээлийг, залуу үеийн хөгжмийн зохиолчдын төлөөлөгчдөөс мөн нэг бүтээлийг сонгон тоглож байгаа нь үзэгчдэд өнгөрсөн ба одоо цагаар нэгэн мөчид зэрэг аялах сайхан боломжийг өгөх байх. Сонирхолтой бөгөөд онцлог байх болов уу гэж бодож байна. Энэ дашрамд танай сайтаар дамжуулан Улсын филармоний уран сайхны зөвлөл, симфони найрал хөгжмийн хамт олон, удирдаач Д.Нямдаш болон Б.Батбаатар нартаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Киноны хөгжмөөр үзэгч сонсогчдыг цэнгүүлэх, их сайхан хөгжмийн үдэш болж өнгөрнө гэж үзэж байна даа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top