Хэйсэй эриний сүүлчийн башёд хэн түрүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Энэ сарын 10-нд Японы Осака хотноо эхлэсэн мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн Хэйсэй үеийн сүүлчийн тэмцээн болох юм. 1989 оны нэгдүгээр сарын 8-нд эхэлсэн Хэйсэй эрин энэ оны 4-р сарын 30-нд Эзэн хаан Акихито хаан ширээнээсээ бууснаар төгсгөл болох юм.

Тиймээс энэ тэмцээн сүмочдын хувьд түүхэнд нэрээ үлдээх чухал тэмцээн. Хэйсэй эриний хамгийн сүүлчийн башёд хэн түрүүлэх вэ? Ахмад аваргуудын үе өндөрлөх дөхөж байгааг чанга гэгч нь зарлаж эхлээд байгаа шинэ залуус уу? Харих болоогүй байгаагаа харуулж, тэдний өмнө хана болон зогсох хашир аваргууд уу?

Хаврын тэмцээний банцүкэг харахад дээд хэсэгт аварга, арслангууд намбайж байгаа ч сүүлийн нэг жилийн барилдааныг аваад үзэхэд тэд хуучин шигээ тасархай түрүүлээд байдаг цаг өнгөрсөн. Энэ сарын 11-нд 34 нас хүрсэн их аварга Хакүхо сүүлийн үед гэмтэж бэртэх нь ихсэж байгаа нь нууц биш. 2017 онд хоёр, 2018 онд дөрвөн башё өнжиж, сүүлийн 12 башёд ердөө 4 түрүүлээд байгаа. Баруун өвдөг, шагайндаа гэмтэл авч, өнгөрсөн оны 10-р сард мэс засал хийлгэсэн төдийгүй Нэгдүгээр сарын тэмцээнд гэмтлээ сэдрээж орхисон.

Баруун жигүүрийн ёкозүна Какүрюү ч байдал мөн адил. Баруун шагайны архаг гэмтэл нь хэзээ ч дэлбэрэхэд бэлэн тэсрэх бөмбөг мэт байна. 2017 онд 5 тэмцээн өнжиж, өнгөрсөн жил 3, 5-р сарын тэмцээнд түрүүлэн, “эргэн ирэлт” хийсэн ч одоогийн байдлаар сүүлийн 2 тэмцээний нэгд нь бүтэн өнжиж, нэгд нь голоос нь гарсан сөрөг үзүүлэлттэй гахай жилтэйгээ золгоод байгаа. Изүцү ояката шавиа дахин дараалан тэмцээн өнжвөл зодог тайлуулах талаар ярьж эхлэнэ гэж хэлсэн билээ. Байнга гэмтэж, тэмцээнээс гардаг нь хууч болоод байгаа аваргууд сүүлийн 2 жил элдвээр хэлэгдэж байгаа ч шүүмжлэлийн гол бай нь Кисэносато байлаа. Харин япон аварга зодог тайлснаар энэ удаа Какүрюүд гол дарамт оногдох шинжтэй.  

Ёкозүнаг ялсан маэгашира бөх “Кинбоши” гэдэг шагнал авдаг. Энэхүү кинбоши бол бөхчүүдийн хувьд ашиг орлогын нэмэлт эх үүсвэр болдог билээ. Кисэносато ёкозүна цолтой 12 башё барилдахдаа 18 кинбоши алдаж, сөрөг амжилт тогтоогоод зодог тайлсан. Одоо харин бөхчүүд Какүрюүг онилж эхлэнэ гэсэн үг. Кинбоши алдах болгонд Сүмо бөхийн холбоо алдагдал хүлээж байгаа тул Какүрюүгийн хувьд Хаврын тэмцээн зодог тайлах эсэхээ шийдэх хариуцлагатай тэмцээн болно.

Энэ аваргуудтай өрсөлдөж байх ёстой нь озэки цолтнууд. Харамсалтай нь одоогийн 3 озэки аваргуудтай ана мана үзэлцэх биш доороос гарч ирж байгаа залуусыг тогтоож дийлэхгүй байна. Такаясү одоо болтол түрүүлж чадаагүй байгаа бол Гоэйдо арай ядан 50 хувийн амжилт үзүүлж, амиа тээж явна. Гүрж арслан Точиношин өнгөрсөн тэмцээнд 5 унаад башёг орхин одсон тул Осакад цолоо хамгаалж барилдана. Гурван озэки Хаврын тэмцээнд түрүүлэх магадлалтай бөхчүүдийн тоонд орохгүй байгаа.

Харин аваргуудыг айлгаж байгаа шинэ залуус болох сэкивакэ Такакэйшёо, комүсүби Митакэүми, Хокүтофүжи нар урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр итгэлтэй байгаа. Монгол бөх л түрүүлдэг, аварга арслангууд л дийлдэг байсан үе өнгөрсөн гэдгийг Такакэйшёо, Митакэүми нар 2018 онд харуулсан. Хэн хэн нь озэки болох гэж оролдоод бараагүй ч арслан цолны төлөө дайралт хийсэн туршлагатай болсон. Тэднийг холбооноос ч дэмжих нь гарцаагүй. Жилийн дараа Токиод болох олимпийн наадмын нээлтийн ёслолд сүмочид оролцоно. Мөн олимпийн үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд зориулсан тусгай башё зохион байгуулахаар бэлтгэж байна. Энд үндэсний бөх сүмогоо сурталчлахад “Үндэсний үйлдвэрийн аварга” буюу япон ёкозүна зайлшгүй хэрэгтэй.

Хаврын тэмцээнд 22 монгол бөх барилдана. Энэ тэмцээнд монголчууд хоёр шинэ цолтонтой болсон онцлогтой. Дайшёохо Р.Шижирбаяр макүүчид дэвшиж, гадаадын 48, Монголын 25 дахь дээд зиндааны бөх болсон бол Кирибаяма Б.Лхагвасүрэн жюүрёод орж, гадаадын 67, Монголын 34 дэх сэкитори боллоо. Монгол бөхчүүдийн хувьд одоо яг үе тасарч байна. Их аварга Асашёорюүгийн Хакүхо, Харүмафүжи, Какүрюү нарт дамжуулан өгсөн буухиаг залгаад авах монгол бөх алга. Уг нь Тэрүнофүжи, Ичиножёо хоёр Хакүхог залгамжлаад одоо банцүкэгийн дээд хэсэгт зогсож байх ёстой байлаа. Харамсалтай нь Тэрүнофүжи гэмтлээс болоод бууж, харин Ичиножёо өөрөөсөө болоод дээшилж чадсангүй. Ичиножёо "Монголын үлэмж биет" гэгдэн дээд зиндааг бужигнуулж байсан нь 4 жилийн өмнө. Жингээ хасч чадахгүй, бэлтгэл сургуулиа хангалттай хийхгүй байгаа нь хэт зөөлөн ояката багшийнх нь буруу гэж үзэх шинжээч олон. Хатуу ширүүн оякататай байсан бол өдийд ёкозүна биш гэхэд озэки болчих боломж түүнд байсан. Тэрүнофүжи харин эсрэгээрээ хатуу оякатагийн золиос болов уу гэлтэй. 2 жилийн өмнө анх өвдгөө гэмтээхдээ озэки цолоо алдаад ч хамаагүй мэс засал хийлгэх ёстой байлаа. Харин тэр үргэлжлүүлэн барилдсаар эцэст нь ийнхүү жониданд буугаад байна. Энэ хоёрын дараагийн үеэс онцлох бөх бол 22 настай Кирибаяма, 20 настай Роога, 19 настай Хоошёорюү нар.

Монгол бөхчүүд

Макүүчи

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0

Ёкозүна Какүрюү М.Ананд 7-1

Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 4-4

Маэгашира-4 Ичиножёо А.Ичинноров 7-1

М-16 Дайшёохо Ч.Шижирбаяр 3-5

М-17 Чиёошёома Г.Мөнхсайхан 5-3

Жюүрёо

З-6 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-4

З-7 Азүмарюү С.Тодбилэг 4-4

З-12 Миторюү Б.Төрболд 5-3

Б-12 Араваши Э.Дөлгөөн 6-2

Б-14 Кирибаяма Б.Лхагвасүрэн 5-3

Макүшита

Б-3 Сэйро А.Өнөболд 3-1

Б-7 Хоошёорюү С.Бямбасүрэн 1-3

Б-12 Сакигакэ Я.Баттүшиг 1-3

З-25 Кёкүсоотэн Э.Энхманлай 1-3

Б-25 Кагамио Б.Нанжид 2-2

Б-33 Гоочёозан Д.Ууганбаатар 3-1

Санданмэ

З-12 Саданохикари Д.Наранцогт

Б-21 Ёошёояма Б.Анхбаяр

Жонидан

Б-15 Роога А.Амарсанаа 4-0

Б-88 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-0

З-74 Дайтэнма Н.Чинзориг 2-2

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top