"Бодь" цамхаг, НЗДТГ-ын хооронд гарсан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр болон "Бодь цамхаг" хоорондын зайнд байрлах хэсэг газарт 17.30 цаг орчимд өчигдөр /2019.03.18/ гал гарсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тус хоёр барилгын хоорондын зайд "Бодь цамхаг"-ийн агааржуулалтын системийн цахилгаан төхөөрөмж болон НЗДТГ-ын актлагдсан модон эдлэлүүд түр хураалттай байсан аж. 

Гал гарч, ахуйн эд зүйлс шатсаны улмаас НЗДТГ-ын байрны А корпусын 1-2 давхрын тухайн хэсэг рүү харж байрласан оффисын өрөөний хоёр цонхны шил хагарсан бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учраагүй, түлэгдэж бэртсэн, угаартсан хүн байгаагүй төдийгүй эд хөрөнгөнд ноцтой хэмжээний хохирол учраагүйг албаны хүмүүс мэдээллээ.

Галын дуудлага авсан даруйд Гал унтраах, авран хамгаалах 10 дугаар ангийн алба хаагчид болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ирж барилгын гадна талыг хамгаалалтад авч, гал унтраах арга хэмжээг шуурхай  авснаар галыг бүрэн унтраажээ. 

Тус газарт гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор  холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын галд өртсөн дээрх хоёр өрөөнөөс бусад хэсэгт гал тархаагүй, хохирол учраагүй тул өнөөдрөөс /2019.03.19/ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top